Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 5897

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2016/05897

Улаанбаатархот

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

    Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Татварын  хэлтэсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э” ХХ Баянзүрх дүүрэг * хороо, * хороолол Лхагвасүрэнгийн гудамж * байр * тоотод оршин суух “Э” ХХК-ний захирал Ч овогтой Ц холбогдох

 

татварын өр 49,063,309 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татварын улсын байцаагч Н.Б, хуулийн зөвлөх Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Өлзийгэрэл нар оролцов.

                                                  

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргйин Татварын хэлтэстэй харилцагч ******** тоот ригестрийн дугаартай “Э” ХХК-нь 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуулийн этгээдийн бүртгэлийн 9011077029 тоот гэрчилгээ авч гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. “Э” ХХК-ийг 2014 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр иргэн Ч.Ц эрх шилжүүлэх гэрээгээр тус компанийг шилжүүлэн авсан боловч Улсын бүртгэлийн газарт нэр шилжүүлэх бүртгэл хийгдээгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2014 оны 06 дугаар сарын тайлангаар ногдуулсан 49,063,309 төгрөгийг төлөөгүй тул Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэсэн заалтын дагуу хариуцагч “Э” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь “Э”ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын 2014 оны 06 дугаар сарын тайлангаар ногдуулсан 49,063,309 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчид 2016 оны 05 дугаар сарын 10-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлэхээр хугацаа заасан боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Хариуцагч нь хэргийн оролцогчийн хувьд гаргаж буй тайлбараа бүх талаас нь нотлох учиртай энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй байна гэж үзлээ.

“Э” ХХК нь 2006 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улсын бүртгэлийн 9011077029 тоот гэрчилгээ авчээ. Тус компаний захирал Н.э нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулан иргэн Ч.ц компаний эрх үүргийг 100% бүрмөсөн шилжүүлэхээр тохиролцжээ.

Мөн 2015 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр “Бэлэглэлийн гэрээ” байгуулан Намдаг овогтой э нь Чимэдцэрэн овогтой ц “Э” ХХК-ний 1,000,000 төгрөгийн хөрөнгө буюу нэг бүр нь 10000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг бэлэг хүлээн авагч Ч.Цын өмчлөлд шилжүүлсэн байна.

Харин “Э” ХХК-ний захирал Ч.Ц нь Улсын бүртгэл статистикийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өөрчлөлт хийж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлийн “..улсын бүртгэлийн газарт нэр шилжүүлэх гээд өгсөн боловч компанийн гэрээ, дүрэм, НӨАТ-ын гэрчилгээ байхгүйгээс нэрээ шилжүүлээгүй” гэх тайлбараар нотлогдож байна гэж шүүх үзлээ. 

“Э” ХХК нь 2014 оны 5 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 27,600 төгрөгийн илүү төлөлттэй байсан боловч 2014 оны 6 дугаар сарын тайлангаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээний нийт борлуулалтын 490,909,090.99 төгрөгийн орлого олж, тухайн сард ногдуулсан НӨАТ-ын нийт дүн 49,090,909.09 төгрөгийн татварыг төлөөгүй болох нь мэдэгдэх хуудас гардуулсан тухай Татварын улсын байцаагчийн тэмдэглэл,НӨАТ-ын тайлан, түүнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл зэрэг бичгийн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд “Э” ХХК-аас Нэмэгдсэн өртгийн албан татварын 2014 оны 06 дугаар сарын тайлангаар ногдуулсан 49,063,309 төгрөгийг гаргуулан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгох үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Ч.Ц болон түүний өмгөөлөгч Ю.С нарт шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн  боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар  түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар “Э” ХХК-аас 49,063,309 төгрөг гаргуулан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Э” ХХК-аас 403,267 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

          

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

           

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ