| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0583/Э |
| Дугаар | 582 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 582
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Д.Д-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1908013990798 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мотт Энержи” ХХК-д цахилгаанчны туслах ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Д-нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандал цохиот” хүнсний дэлгүүрийн орчимд иргэн С.А-гээсэн “Самсунг Жи-7” загварын гар утсыг олж, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч С.А-мэдүүлэг /хх23-24, 54-55/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ны 286 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх14-16/, С.А-өмчлөлийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг Д.Д-с хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх48/, хураан авсан гар утсыг хохирогч С.А-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх51/, гэрч Ч.Т-ын мэдүүлэг /хх58/, Д.Д-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх75-76/, Д.Д-нь урд ял шийтгэлгүй гэх ял шалгах хуудас /хх60/, шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэхи дэлгэрэнгүй лавлагаа /хх61-67/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт /хх79/, шүүгдэгч, хохирогч нарын прокурорын байгууллагад гаргасан хүсэлт, эвлэрлийн гэрээ /хх83-85/, хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол /хх86/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх87/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх92/.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч Д.Д-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч С.А-ийн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах ..... дэлгүүрийн урд машинаас буух гэж байгаад өөрийн эзэмшлийн “Самсунг Жи-7” маркийн гар утсаа гээчихсэн юм. Тэгээд тухайн өдрөө гар утас руугаа залгатал холбогдох боломжгүй байсан. Тэгээд нөхөр бид хоёрын дундаа ашигладаг жи майлаар орж үзтэл баахан зураг, гар утасны дугаар зэрэг зүйлс нь орж ирсэн юм. Тэгээд гар утасны дугаар дунд нь байсан хань гэж хадгалсан ..... гэсэн дугаар байхаар нь залгаж асуутал гар утас олсон хүнийг чинь холбогдуулъя хажууд байхгүй байна гээд утсаа салгаад удаагүй ...... гэсэн дугаар луу залгаад гар утсаа асуутал би олсон юм гэж хэлэхээр нь би таньд шагналыг чинь өгье гэсэн...”, “...Миний гар утсанд хадгалаастай байсан зургийн цомгуудыг устгасан байсан мөн ухаалаг гар утсанд байж болох гар утасны цахим тоглуулагч буюу бидний ярьж заншсан аппеликшнууд бүгдийг устгасан байсан...Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2019 оны 3 дугаар сарын 01-ний хооронд өдөр бүр маш олон удаа уг дугаар луу залгасан боловч гар утсаа унтраачихсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх23-24, 54-55/.
2. С.А-өмчлөлийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлсэн Тэнцвэр Эстимэйт ХХК-ны 286 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх14-16/.
3. С.А-өмчлөлийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг Д.Д-с хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх48/.
4. Хураан авсан гар утсыг хохирогч С.А-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх51/.
5. Д.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед гар утас олоод олзуурхаж аваад өөрөө хэрэглэх гээд өөрийнхөө сейм картыг хийх зорилгоор унтраасан...Утсыг буцааж өгөх талаар би ямар нэгэн арга хэмжээ аваагүй ба өөрөө хэрэглэх гэж хувьдаа авч завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...би өөрийнхөө сейм картыг хийхээс өмнө утсан дээрх дугаар болон зургын файлуудыг бүгдийг нь устгасан ба утсан доторх зураг, хадгалсан дугааруудыг сонирхож үзээгүй шууд устгасан...” гэх мэдүүлэг /хх75-76/.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Д.Д.
Шүүгдэгч Д.Д-нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... хүнсний дэлгүүрийн орчимд иргэн С.А-гээсэн “Самсунг Жи-7” загварын гар утсыг олж, бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж буцааж өгөх хуульд заасан арга хэмжээг авалгүй, өөрийн эзэмшилд үлдээн завшсан болох нь хохирогч С.А болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д-үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахайн сэдэлтэйгээр үйлдэгдсэн бөгөөд тухайн хэргийн улмаас хохирогч С.А-450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 286 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч шүүгдэгч хэн аль нь хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирлыг төлж барагдуулсан байна.
Иймд шүүгдэгч Д.Д-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзсэн улсын яллагчийн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хохирол, хор уршиг-нөхөн төлөгдсөн байдал:
Хохирогч С.А-түүний өмчлөлийн “Самсунг Жи-7” загварын гар утсыг шүүгдэгч Д.Д-хураан авсан, хүлээлгэн өгсөн байх бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Иймд хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 450.000 төгрөгний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүгдэгчтэй харилцан тохиролцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журамд нийцжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Д-гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хэсэгт үндэслэн дурдсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээ, мөн шүүгдэгч Д.Д-нь ажлаа тараад гэртээ харихаар явж байгаад “шороон дээр хар өнгийн гар утас... олзуурхаад аваад шууд гэррүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх75/, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирогчид гар утсыг нь хүлээлгэн өгсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Д-нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд “Мотт Энержи” ХХК-д ажилладаг нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар тогтоогдсон, мөн улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР