| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07573/и |
| Дугаар | 5798 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 5798
| 2016 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/05798 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж 8 дугаар байрны 46 тоотод орин суух, эмэгтэй, ЧМ 87101327, Ц.Байгалийн П.Алтантуяаг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Байгал шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ц.Байгалмаа Баянзүрх дүүрэг, 14 хороо, Консулын 14 гудамж, 370Б тоотод оршин суух, ЗА8412Э002 регистрийн дугаартай П.Алтантуяад мөнгө зээлүүлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч П.Алтантуяа хаа байгаа газар нь тогтоогдохгүй байна гэсэн шалтгаанаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/11132016/30108 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэгсэхгүй болгосон тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Байгалийн П.Алтантуяаг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Ц.Байгалийн хүсэлт болон түүний төлөөлөгчийн тайлбар, Ц.Байгал, П.Алтантуяа нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ зэргээс харахад П.Алтантуяа нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Байгал нь иргэний цахим үнэмлэхэд бичигдсэн хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30108 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Алтантуяаг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар П.Алтантуяаг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.П.Алтантуяатай холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч Ц.Байгал болон түүний төлөөлөгч Г.Золзаяа нарт даалгасугай.
4.П.Алтантуяа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул 14 дүгээр гудамны 370 /б/ тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН