Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 615

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Д.Нямбат,

шүүгдэгч/хохирогч Ц.Б-

шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б- Б.Б-нарт холбогдох эрүүгийн 1908022020755 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-3, хоёр хүүхдийн хамт  

2. Монгол улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл-4, нөхөр, хоёр хүүхдийн хамт

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр байрны гадаа “машинаа холдуулахгүй” гэх шалтгаанаар З.Б-маргалдан зодож, З.Б-эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр байрны гадаа “машинаа холдуулахгүй байна” гэх шалтгаанаар Ц.Б-маргалдан зодож, Ц.Б-эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч З.Б-өргөдөл /хх3/, хохирогч З.Б-мэдүүлэг /хх11-12/, хохирогч Ц.Б-мэдүүлэг /хх17-18/, гэрч Ц.Ч-мэдүүлэг /хх23-24/, насанд хүрээгүй гэрч Н.Т-мэдүүлэг /хх26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4753 дугаартай дүгнэлт /хх33/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4862 дугаартай “дүгнэлт /хх36/, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг /хх30/, Б.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх44-47/, Ц.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх63-66/, хохирогч З.Б-эмчилгээний баримт, гэрэл зураг /хх78-79/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх83-85/, хохирогч Ц.Б-ирүүлсэн эмчилгээтэй холбоотой 1 ширхэг баримт /хх90/, “Дамно” ХХК-ны Б.Б-өмсөж явсан даавуун цамцыг үнэлсэн тайлан /хх92/, “Дамно” ХХК-ны Ц.Б- өмсөж явсан куртикийг үнэлсэн тайлан /хх95/, Б.Б-ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт, нийгмийн даатгал төлдөг тухай лавлагаа, банкны дансны хуулга /хх52-61/, Ц.Б-ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хх71-75/, шүүгдэгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт /хх106-107/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгч Ц.Б- Б.Б-нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч З.Б-Цагдаагийн байгууллагад 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан өргөдөл /хх3/,

2. Хохирогч З.Б-“...чи машинаа хөдөлгөөд зам тавиад өгөөч гэхэд, Бгэх эмэгтэй энэ гарц биш гээд маргахад манай дүү Б нь Бгэх эмэгтэйгийн цамцнаас зуурч татахад машинаас буухгүй суугаад байсан...Бнь манай дүүгийн хөл рүү өшиглөхөөр нь би Б- бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд над руу дайраад гараа атгаж байгаад миний толгойны зүүн тал руу нэг удаа цохиод миний эрүүний зүүн талд самардсан...” гэсэн мэдүүлэг /хх11-12/,

3. Хохирогч Ц.Б-“...жолоочийн хажууд сууж байсан Б гэх эмэгтэй нь машин тэргээ хөдөлгөсөнгүй гээд миний өмсөж явсан куртикнээс 2 гараараа татсан...Б  гэх эмэгтэйгийн эрүүний зүүн талын арьс нь зулгарсан цус гарч байсан...би машинаас бууж ирээд Б гэх эмэгтэйг цагдаа дээр очъё гээд зууралдаж байхад миний баруун гарын эрхийн хурууг барьж байгаад хойш дарахад миний хуруу өвдөөд эвгүй болсон. Зүүн гуяны ар тал руу Б гэж эмэгтэй өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,

4. Гэрч Ц.Ч-“...охин Б- гэрт ирэхэд 2 хүүхдээ сургуульд хүргэж өгч чадсангүй, сая гадаа зогсоол дээр 2 эмэгтэйтэй хэрүүл хийгээд миний хувцасыг ураад, надтай ноцолдож байхдаа миний баруун гарын эрхий хурууг гэдийлгэж дараад эвгүй болгочихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх23-24/,

5. Насанд хүрээгүй гэрч Н.Т-“...ээжийн машин дээр ирэхэд ээж нэг танихгүй эгчтэй заамдалцаад зогсож байсан...би дүүгийн хамт машинд орж суухад ээжийнх нь баруун гарын эрхий хуруу өвдөөд байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №4753 дугаартай “Б.Б-ийн биед зүүн хацарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх33/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №4862 дугаартай “Ц.Б-эрхий хурууны суналт, төвгөр, зүүн гуяны ард цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх36/,

8. Шинжээч эмч Ц.Ганболдын “...Ц.Б-зүүн гуяны ард хэсэгт цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх30/,

9. Б.Б-яллагдагчаар өгсөн “...Б эгчийн машины урд машин тавьсан гарах боломжгүй зогсож байсан. Машины эзэн бололтой нэг эмэгтэй ирэхээр нь эгч бид 2 гарчихъя гээд машиндаа суугаад асаахад урд байсан машин хөдлөхгүй зогсоод байхаар нь хэд хэдэн удаа сигнаалдсан. Тэр жолооч эмэгтэй машинаа хөдөлгөж чадахгүй битгий хуц солиор гээд хэрэлдээд байсан...Б эгч тэр эмэгтэйгийн хөл рүү нь өшиглөхөд миний гуя руу өшиглөөд эгч рүү дайраад эгчийн зүүн хацарны доор самардсан. Цус гарч байсан...Миний өмсөж явсан цамцнаас 2 гараараа татах үед энгэр нь урагдаж, 2 товч нь мултарч унасан...миний хоолойг боох үед би гартай нь ноцолдож байгаад гарыг нь тавиулсан, би биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /44-47/,

10. Ц.Б-яллагдагчаар өгсөн “...миний гуя руу Б гэж эмэгтэй өшиглөхөөр нь дүү Б- хөл рүү нэг удаа өшиглөсөн...Б гэж эмэгтэйгийн эрүүний зүүн талын арьс нь зулгарсан цус гарч байсан...Б гэж эмэгтэй надтай зууралдаж байхад миний баруун гарын эрхий хурууг барьж байгаад хойш дарахад миний хуруу өвдөөд эвгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх65/,

11. Хохирогч З.Б-эмчилгээний тос худалдан авсан тухай нийт үнийн дүн нь 78.000 төгрөг бүхий 2 ширхэг баримт, гэрэл зураг /хх78-79/,

 12. Хувцсанд үзлэг хийсэн “Ц.Б-өмсөж явсан ногоон өнгийн юүдэнтэй куртик, Б.Б-өмсөж явсан хар хөх өнгийн цамц”-нд тус тус урагдал үүссэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх83-85/,

13. Хохирогч Ц.Б-ирүүлсэн эмчилгээтэй холбоотой нийтдээ 50.000 төгрөгийн 1 ширхэг баримт /хх90/,

14. “Дамно” ХХК-ны яллагдагч Б.Б-өмсөж явсан даавуун цамцыг 27.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх92/,

15. “Дамно” ХХК-ны яллагдагч Ц.Б- өмсөж явсан куртикийг 90.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх95/.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Ц.Б- Б.Б-нар.

Шүүгдэгч Ц.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр байрны гадаа “машинаа холдуулахгүй” гэх шалтгаанаар З.Б-маргалдан зодож, З.Б-эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр байрны гадаа “машинаа холдуулахгүй байна” гэх шалтгаанаар Ц.Б-маргалдан зодож, Ц.Б-эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч З.Б, Ц.Б- гэрч Ц.Ч, насанд хүрээгүй гэрч Н.Т нарын мэдүүлэг, болон шүүгдэгч нарын өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Б.Б-үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №4862 дугаартай “Ц.Б-эрхий хурууны суналт, төвгөр, зүүн гуяны ард цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх36/,

Ц.Б-үйлдлийн улмаас хохирогч З.Б-эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №4753 дугаартай “Б.Б-ийн биед зүүн хацарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх33/ тус тус тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нарын хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч, шүүгдэгч нар гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б- Б.Б, Б.Б нар нь үл ялих зүйл болох машинаа холдуулсангүй гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, зодолдсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б- Б.Б-нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”  нөхцөлүүдийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх тул шүүгдэгч Ц.Б- Б.Б-нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б,  Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- Б.Б-нарт тус тус 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- Б.Б-нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР