Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 624

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Ц.Хашбаатар,

шүүгдэгч Н.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хашбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1903 000000 0209 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,    

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Таван шарын автобусны буудлын урд замд “Тоёота Королла” маркийн 8201 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө/ гэснийг зөрчиж, явган зорчигч 12 настай, Ч.Б-мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх5-11/, Насанд хүрээгүй хохирогч Ч.Б-мэдүүлэг /хх14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5413 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх31/, Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /хх40/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх53/, цагдаагийн асап сангийн лавлагаа /55-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх58/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх70/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Нэг. Шүүгдэгч Н.Б-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх5-11/

2. Насанд хүрээгүй хохирогч Ч.Б-“2019 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 07 цагийн орчим хичээлдээ явахаар гэрээсээ гараад Таван шарын автобусны буудлын гэрэл дохиотой явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар болсон. ... Тухайн өглөө ...гэрэл дохио ажиллахгүй байсан. ...хойноосоо урагшаа зам хөндлөн гарч явсан. ...дараагийн замыг хөндлөн гарч явахад миний баруун гар талаас машин ирж мөргөсөн” гэх мэдүүлэг /хх14/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5413 дугаартай шинжээчийн “...Ч.Б-биед баруун хоншоорын хөндий урд ханын хугарал, баруун хацар, эрүү, баруун тохой, өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх31/

4. Н.Б-“... 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 07 цагийн орчимд өөрийнхөө эзэмшлийн “Тоёота Королла” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Орбитоос 100 айл орохоор охины хамтаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ 40 орчим км/цагийн хурдтай Сонгинохайрхан дүүргийн нутаг таван шарын автобусны буудлын орчимд явган хүний гарц руу гуравдугаар эгнээгээр орж явтал миний зүүн гар талаас ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо явган хүний гарцаар зам хөндлөн гэнэт гүйгээд ороод ирэхээр нь шууд тоормос гишгээд л уг хүүхдийг машины зүүн талын толь хэсгээрээ мөргөж унагаад зогссон...” гэх мэдүүлэг /хх37-38/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Н.Бадамсүрэн.

Шүүгдэгч Н.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өглөө 07 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Таван шарын автобусны буудлын урд замд “Тоёота Королла” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө/ гэснийг зөрчиж, явган зорчигч 12 настай, Ч.Б-мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх5-11/, насанд хүрээгүй хохирогч Ч.Б-мэдүүлэг /хх14/-ээр тус тус тогтоогдож байна.

Н.Б-үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд энэхүү үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ч.Б-эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5413 дугаартай шинжээчийн “...Ч.Б-биед баруун хоншоорын хөндий урд ханын хугарал, баруун хацар, эрүү, баруун тохой, өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх31/-ээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б,  насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Б-600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан акт болох “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР