| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0621/Э |
| Дугаар | 625 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 625
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Э.Э-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э. Э. холбогдох эрүүгийн 1908 02511 0764 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ-д зам талбайн үйлчлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э-нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн .... тоотод иргэн С.А-маргалдаж, улмаар гараараа толгойн тус газар нь цохих, хөлөөрөө баруун гуя руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...баруун шуу, зүүн шуу, тохой, зүүн гарын сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны төвгөрийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх4/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх5/, хохирогч С.А-мэдүүлэг /хх6-7/, гэрч Б.Э-мэдүүлэг /хх24/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5343 дугаартай дүгнэлт /хх28/, Э.Э-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх39/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх40-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх43/, шийтгэх тогтоолын хуулбар /хх46-48/, Баянгол дүүргийн 21 дүгээр Хорооны Засаг даргын тодорхойлолт /хх52/, хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч Э.Э-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч С.А-“...Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн .... тоотод нөхөр Эрдэнэхуягын хамт амьдардаг юм. 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд манай нөхөр гэртээ ирээгүй байсан. Тэгээд хувцас хунараа угаагаад байж байхад манай нөхөр гаднаас Э-ай согтуу ороод ирэхээр нь би нөхрөө загнаад унтуулаад Э чи одоо гэртээ харь гэж хэлэхэд надруу уурлаад агсан тавиад миний толгой руу гараараа 2 удаа, гуя руу хөлөөрөө 2 удаа цохихоор нь би гэртээ гүйж ороод цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа ирээд Э- авч явсан. Би нөхөр Э-г архи уулаа гээд загнахад Эсогтуурхаад надад агсан согтуу тавьж байгаад цохиж, зодсон. Тухайн үед Энэлээн согтуу байсан. Эминий толгойд гараараа 2 удаа цохиж, баруун талын гуя руу 2 удаа өшиглөсөн...Би Э-с эмчилгээний зардалд 100,000 төгрөгийг авсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх6-7, 19-20/
2. Гэрч Б.Э-“...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн ... тоотод эхнэр А-н хамт амьдраад 6 жилийн хугацаа өнгөрч байна. Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед хорооллын эцэст ажлын залуу болох Э-тай нэг шил архи хувааж уучхаад гэртээ очиж нэмж ууя гэж бодоод Э- дагуулаад 17 цагийн үед гэртээ орсон чинь эхнэр өөдөөс “Чи архи уулаа, гэртээ архичин дагуулж ирлээ. Одоо явцгаа” гэхэд Эгэнэт уурлаад гэрээс гараад гэрийн хажууд байсан шуудайтай, усны сав зэргийг авч шидлээд байсан.” гэсэн мэдүүлэг /хх24/
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5343 дугаартай “...С.А-биед баруун шуу, зүүн шуу, тохой, зүүн гарын сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны төвгөрийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх28/
4. Э.Э-яллагдагчаар өгсөн “…Эрдэнэхуяг ахын эхнэр Алтанцэцэг гэртээ ирээд бид хоёрыг архи уулаа гээд загнаад байхаар нь миний уур хүрээд Алтанцэцэг эгчтэй маргалдаж байгаад толгой руу нь гараараа хоёр удаа цохичихсон юм. Тэгээд А эгч намайг цагдаад бариад өгчихсөн...Би гараараа А эгчийн толгой руу хоёр удаа цохиж, хөлөөрөө баруун талын гуяны хэсэгт нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх39/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Э.Э-.
Шүүгдэгч Э.Э-нь 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн ... тоотод иргэн С.А-маргалдаж, улмаар гараараа толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.А-“...Эчи одоо гэртээ харь гэж хэлэхэд надруу уурлаад агсан тавиад миний толгой руу гараараа 2 удаа, гуя руу хөлөөрөө 2 удаа цохихоор нь би гэртээ гүйж ороод цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг, Э.Э-“…А эгчтэй маргалдаж байгаад толгой руу нь гараараа хоёр удаа цохичихсон юм...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э-гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.А-эрүүл мэндэд “баруун шуу, зүүн шуу, тохой, зүүн гарын сарвуу, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны төвгөрийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5343 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Э-, хохирогч С.А нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх ба шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Э.Э-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э. Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР