| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0623/Э |
| Дугаар | 628 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 628
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч Р.Г-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р. Г-т холбогдох эрүүгийн 1908 02465 0845 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, эх, охины хамт,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Толгойтын ... дугаар гудамжинд хамтран амьдрагч С.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хүзүү, хамрын доод хэсгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч С.Э-ийн мэдүүлэг /хх13-14/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5206 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх17/, гэрч М.А-ийн мэдүүлэг /хх25-26/, гэрч С.Э-гийн мэдүүлэг /хх29-30/, гэрч Д.Б-гийн мэдүүлэг /хх33-34/, Р.Г-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх75-76/, Р.Г-гийн урьд ял шийтгэлгүй гэх ял шалгах хуудас /хх37/, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх58-59/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх45-49/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх54/, прокурорын байгууллагад гаргасан хүсэлт /хх83/, хаан банкны дансны хуулга /хх82/.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч Р.Г-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч С.Э-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо .... тоотод хадам ээж Б, нөхөр Р.Г, хүү Г.Б-йн хамт амьдардаг. Нөхөр бид 2 гэрлэлтийн баталгаагүй боловч дундаасаа 4 настай, 1 хүүхэдтэй. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байхад нөхөр бид 2 ээжид хүүхдээ харуулчихаад манай гудамжны зүүн захын үзүүрт байдаг гэр бүлийн найз болох У, М.Анар 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүүхэдтэй болсон гэхээр нь хашааных нь гадаа машинтай очиж уулзсан. ...Бид худалдаж авсан архи пивоо уугаад дуусаж байхад 05 цагийн үед Г машины хойд талын суудал дээр унтаад өгөхөөр нь би машиныхаа жолоочийн суудал дээр сууж байгаад гэр рүүгээ орох гээд Г-сэрээх гэхэд сэрэхгүй байсан болохоор улам хүчтэй татсан. Тэгэхэд Гчи яагаад байгаа юм гээд уурлахаар нь би өөдөөс нь уурлаж яадаг юм гээд бид хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Гминий нүүр рүү гараараа 2 удаа цохих үед машины жолоочийн эсрэг талын арын суудал дээр сууж байсан У жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байсан М.А нар салгаад би машинаас буухад М.А намайг гэртээ дагуулж орсон ...Миний хамар болон нүдний хэсэгт учирсан гэмтлийг Р.Г-гараараа цохиж учруулсан. Хөлөнд учирсан гэмтлийг машинаас буухдаа өөрөө унаж, машины хаалганд цохиж учруулсан..." гэх мэдүүлэг /хх13-14/
2. Гэрч М.А-ийн “...Бид нар авсан архи, пивоо ууж байхад С.Э, Р.Г-нар хоорондоо маргалдаад буцаж эвлэрээд байсан. Бид нар юм ярьж суугаад авсан архи, пивоо уугаад бараг дуусч байхад Р.Г-би унтлаа гээд машины хойд суудал дээр унтаж байхад хэсэг хугацааны дараа С.Э-гэртээ харилаа гээд Р.Г-дуудахад сэрэхгүй байсан болохоор нь цохиж сэрээхэд Г уурлаад тэд хоорондоо маргалдаж эхэлсэн. Энэ хугацаанд хадам ээж над руу залгаад хүүхэд чинь уйлаад байна гэхээр нь би гэртээ ороод хүүхдээ хөхүүлчихээд буцаад гараад ирэхэд С.Э-гийн хамраас цус гарсан байдалтай машины жолооч талын суудал дээр сууж байхаар нь би С.Э-г татаж буулгаад хашаа руугаа оруулаад цусыг нь угаалгаж өгсөн. Би С.Э-г цохиж байхыг хараагүй. Р.Г-цохисноос болж үүссэн гэж С.Э-хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх25-26/
3. Гэрч С.Э “...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өглөө үүрээр 05 цаг өнгөрч байхад миний гар утас руу охин Э залгасан. Би юу болсон талаар асуухад Р.Г-намайг хэвтэрт ортол зодчихлоо гээд орилж байгаад утсаа тасалсан. Намайг яваад очиход охин С.Э ямар ч байсан хэвтэрт орох хэмжээний зодуулаагүй байсан. Тухайн үед С.Э-ийн нүүр, хүзүү, цус болсон байхаар нь юу болсон талаар дахин асуухад Р.Г-намайг яг алах гэж байлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх29-30/
4. Гэрч Д.Б-гийн “...Р.Г-с юу болсон талаар асуухад би С.Эн-ийн нүүр рүү цохисон байна гээд өөр зүйл ярихгүй байсан...” гэх мэдүүлэг /хх33-34/
5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5206 дугаартай “...С.Э-ийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хүзүү, зүүн өвдөг шилбэний цус хуралт, хамрын доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх15/
6. Р.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байхад эхнэр С.Э-тэй хамт гарч найз У, М.А нартай уулзсан. Тэгэхэд У, М.А хоёр гэрээсээ гарч ирээд бид дөрөв манай машинд уулзаж юм ярьж сууж байгаад би найз У-тай ганц нэг пиво уухаар ярилцаж эхнэрүүд болох Э, Аасуухад мөн зөвшөөрч У бид хоёр дэлгүүрээс 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй хоёр том пиво аваад ууцгаасан. Дараа нь 01 цагийн үед бид нар дахин архи уух гэхэд дэлгүүр хаасан байсан учир хажуугийн караокед ороод Нийслэл нэртэй 0,5 граммын 4 шилтэй пиво аваад 0,5 граммын Зөөлөн хараа нэртэй архи 1 шилийг авч дөрвүүлээ машиндаа юм ярьж суугаад уусан. ...Намайг унтаж байхад Энхжин машиныхаа жолооч талын суудал дээр сууж байгаад гуянаас базаад, чимхээд татаад, нүүр рүү алгадаад байхаар нь яах гээд байгаа юм гэж уурлаж сэрэхэд С.Э нэг удаагийн цаасан аяганд архи хийсэн над руу өгөөд чи босч архи уу гээд байхаар нь үлдсэн шилтэй архийг машины цонхоор гаргаж шидэхэд надад өгөх гэж байсан цаасан аяганд хийсэн архиа миний нүүр лүү цацсан. Энэ үед М.А-ийн гар утас дуугараад ээж нь хүүхэд чинь уйлаад байна гэж дуудахад М.Амашинаас буугаад гэр лүүгээ орсон. Тэгэхэд нь би Э-ийн нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Энэ үед С.Э уурлаад над руу дайраад байхад миний хажууд сууж байсан. Уламбаяр юу болоод байгаа юм бэ гээд С.Э-г салгах гээд машинаас бууж очиход С.Э уурлаж машины голын хайрцаг салгаж шидээд автомашины хаалгаар айлын хашааны хаалга саваад байсан....Нойроо харамлаад сэрж чадахгүй байхад намайг хацар руу хүчтэй алгадаад байхаар нь яасан юм бол гээд босоод ирэхэд архи уу гэхээр нь уурлаад ууж байгаад шилэнд үлдсэн архийг машины цонхоор гаргаж шидээд хагалахад уурлаж нүүр рүү аягатай архи цацахаар нь миний уур хүрч цохьсон. Надад С.Э-нг цохиж, зодож байсан удаа байхгүй. Анх удаа гар хүрч байна. Хоорондоо маргалдаж байсан удаа байгаа, би гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохиход хамар болон баруун, зүүн нүдний дээд, доод зовхины гэмтлийг учруулсан. Харин өвдөг болон шилбэнд учирсан гэмтлийг С.Э уурлан машины хаалга савж орилж байхад машины хаалгаар өөрөө өөртөө учруулсан.”... гэх мэдүүлэг /хх75-76/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Р.Г.
Шүүгдэгч Р.Г-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, Толгойтын 117 дугаар гудамжинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч С.Э-нг зодсон болох нь хохирогч С.Э, гэрч М.А, Д.Б, С.Э нар болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, оршин суугаа газрын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар хохирогч С.Э, шүүгдэгч Р.Г-нар нь хамтын амьдалтай, дундаасаа хүүхэдтэй, хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.
Шүүгдэгч Р.Г-үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Э-зодож, улмаар С.Э-биед “...тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хүзүү, зүүн өвдөг шилбэний цус хуралт, хамрын доод хэсгийн зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5206 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Эрсдлийн нөхцөл байдлын тодорхойлох үнэлгээний маягтад дурдсанаар “хэрүүл маргаан үүсч, улмаар даамжирч зодоон болдог, сард 1 удаа давтагддаг” сэтгэл санааны болон бие махбодийн хүчирхийлэл үйлдэгддэг, энэ нь давтагдах шинжтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Улсын яллагчаас шүүгдэгч Р.Г-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжээр торгох ялын санал гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч Р.Г-гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хэсэгт үндэслэн дурдсан нотлох баримтууд, мөн хохирогч, шүүгдэгч нарын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан “...хохирогч С.Э-гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтээс үзэхэд шүүгдэгч Р.Г-нь хохирлыг нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Р.Г-нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р. Г-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-800 нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР