| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0667/Э |
| Дугаар | 669 |
| Огноо | 2019-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сарнайсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 669
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч М.Сансарсайхан,
хохирогч Б.Д-,
шүүгдэгч Х.Н-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-холбогдох эрүүгийн 1908 01319 0918 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Н-нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хурганы задгай тоотод хамтран амьдрагч болох Б.Д-тэй “машин асааж чадсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл гомдол /хх9/, хохирогч Б.Д-ийн мэдүүлэг /хх26-30/, шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2666 дугаартай дүгнэлт /хх16/, Х.Н-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх41-43/, гэрч Д.О-мэдүүлэг /хх32-33/, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх46/, депозет дансны дэлгэрэнгүй хуулга /хх48-56, 72-89/, гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх61-66/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх67-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх69/, зурагт лавлагаа /хх90/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарын 102 утсанд ирссэн дуудлага /хх94-97/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх100-101/, хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол /хх102/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх103/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх104/.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Х.Н- гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “... Х.Н-гэдэг хүнтэй 5 жил амьдарч байна. Цуг амьдарснаас хойш байнга зодож, дарамталж, бие болон сэтгэл санааны хохирол учруулдаг...Цагаасн сарын шинийн 4-өөс хойш 2-3 удаа зодож, доромжилдог...” гэх өргөдөл гомдол /хх9/
2. Хохирогч Б.Д-ийн “...2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Н 2 ихэр хүүхдийх нь төрсөн өдөр тэд нар дээрээ очно гээд 10 цагийн орчимд намайг машин галлаад халаагаадах гэхээр нь би машин доор нь гал асааж халааж байгаад сайн халаагүй байхад дарж асаах гэж байгаад аккумуляторыг нь суулгачихсан юм. Тэгсэн чинь Н “өмнө зүгээр асаадаг байсан юм байж өнөөдөр яачхаад байгаан” гээд хэрүүл өдөж эхэлсэн. Бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн чинь Н автобусаар явлаа гээд гараад явсан. Тэгэхээр нь би хүүхдээ аваад явлаа гээд орилсон чинь Нэргэж орж ирээд хэрэлдэж эхэлсэн тэгсэн автобус нь ирчхээд яваад өгчихсөн байсан. Тэгтэл Н автобуснаасаа хоцорчихлоо гэж уурлаад миний үснээс зулгааж, ам руу нэг удаа цохиж, баруун гуя руу хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх10-11, 26-30/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 2572 дугаартай “...Б.Д-ийн биед баруун үүдэн 1-р шүдний сулрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, баруун зовхи, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт, мэдүүлэг /хх16/,
4. Х.Н-яллагдагчаар өгсөн “...2019 оны 02 сарын 14-ний өдөр манай 2 ихэр хүүхдийн төрсөн өдөр болоод би очих ёстой байсан юм. Тэгээд өдөр 12 цагийн орчимд явах гээд Д-ийг “машин асаагаад байж бай” гэж хэлээд нүүр гараа угаачхаад гартал машин асаагүй байсан. Тэгээд “яасан” гэтэл “аккумлятор нь суучихсан байна” гэж хэлэхээр нь “зүгээр байсан машин яахаараа асдаггүй юм бэ” гэж уурлаад автобусанд суухаар гэрээс гараад явтал араас Д орилоод явуулахгүй гээд орилоод үлдсэн тэгсэн би автобуснаасаа хоцорчихоод буцаад гэртээ очтол Д намайг чи явж яах юм бэ гээд дайраад байхаар нь гэрээс гарах гэтэл миний цамцны араас зуурсан. Тэгэхээр нь гарынхаа араар нүүр рүү нэг удаа цохиод тавихгүй байхаар нь хөлөөрөө гуя руу нь тийрчихээд гэрээсээ гараад автобусанд суугаад хот руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх41-43/
5. Гэрч Д.О-“...Манай нөхөр бид хоёр Н, Д нартай гэр бүлийн найзууд... Н, Д хоёр хамт амьдраад 5 жил болж байгаа. Дундаасаа хүүхэдгүй...” гэх мэдүүлэг /хх32-33/.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Х.Н.
Шүүгдэгч Х.Н-нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хурганы задгай тоотод хамтран амьдрагч болох Б.Д-тэй “машин асааж чадсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон болох нь хохирогч Б.Д- болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч, шүүгдэгч, гэрч Д.О-нарын мөрдөн байцаалтын шатанд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар хохирогч Б.Д-, шүүгдэгч Х.Н-нар нь 5 жил хамтран амьдарсан хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.
Шүүгдэгч Х.Н-үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд хамтран амьдрагч Б.Д-ийг зодож, улмаар эрүүл мэндэд нь “...баруун үүдэн 1-р шүдний сулрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, баруун зовхи, баруун гуяны цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 2572 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Х.Н-нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Х.Н- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Н-“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж, шүүгдэгч нь улсын яллагчийн торгуулийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.
Шүүгдэгч Х.Н-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”, гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.Н-нь одоогоор хувиараа хөдөлмөр эрхэлдэг, торгуулийн ялыг биелүүлэх боломжтой талаар банкны дансны хуулга хэрэгт авагдсан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х. Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР