Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 673

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч П.Л-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Болор-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Л-холбогдох эрүүгийн 1908 01988 0774 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ачтан клиникийн эмнэлэг”-т слесарь, харуулаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт,

Сонгинохрайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Л-нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Д.Э-ташуураар зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нуруу, бугалага, шуу, өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогчийн Д.Э-мэдүүлэг /хх16-17/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 4337 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх11/, П.Л-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх53-54/, П.Л-иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх31-31, 65, 23/, прокурорын байгууллагад гаргасан хүсэлт /хх64/, Хаан банкны дансны хуулга /хх82/, эд мөрийн баримтаар хураагдсан ташуур, хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол /хх67/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх68/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх73/.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч П.Л-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.Э-“... Би 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад цуг ажилладаг О, О, Ц, А, Б бид 6 нийлээд 3 дугаар эмнэлгийн урд талын караокед орж 0.75 литрийн хэмжээтэй архи 1 шил, 0.5 литрийн хэмжээтэй архи захиалж хувааж ууж дуусаад 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...... тоот гэртээ ороход нөхөр  “ямар орой ирдэг юм бэ? утсаа авахгүй юм” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь “чи хүүхэд явуулчихсан байна. үсийг нь засуулаад явуулах байсан юм” гээд би уурлаад хэлэхэд нөхөр “чи юу гээд уурлаад байгаа юм бэ” гээд гэрийн унинд байсан ташуур авч миний нуруу болон гуя руу 4-5 удаа ороолгож, үснээс зулгаагаад байсан. Тэгэхээр нь би утсаа авч гараад цагдаад дуудлага өгсөн. ...Миний биед учирсан гэмтлийг нөхөр Л ташуураар ороолгож, үсдэж учруулсан гэмтэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх17/,

2. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4337 дугаартай шинжээч эмчийн “...Д.Э-биед тархи доргилт, нуруу, бугалага, шуу, өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хх11/,

3. П.Л-яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ......6 тоот гэртээ ганцаараа байсан. Орой болоод эхнэр Э гэртээ ирэхгүй гар утас руу нь  залгахаар холбогдохгүй байсан. Орой 22 цагийн үед эхнэр Э гаднаас согтуу орж ирээд, хүүхдүүд яачихсан юм бэ? гэж асуусан. Би өдөр хэлсэн ш дээ. Амралт болоод хөдөө явуулцан гэхэд би явуулахгүй байсан юм гээд орны урд уйлаад байсан. Би чамайг ажлаа тараад хурдан ирээрэй. Өнөөдөр ханш нээсэн өдөр. Зул өргөнө гээд байхад утсаа авахгүй, ирэхээрээ согтуу ирээд гэж уурлахад эхнэр унтахгүй уйлаад суугаад байсан...Тэр үед миний уур хүрээд гэрийн баруун талын унинд байсан ташуур аваад эхнэрийг нуруу болон гуя руу нь 4-5 удаа ороолгосон. Тэр үед эхнэр Э уйлаад утсаа авч гарах гээд байхаар нь гаргахгүй гэж  барьж авах гэж байгаад хойноос буюу үснээс нь зулгаачихсан. Би үснээс нь зулгааснаа мэдээд тавьчихсан. Эхнэр гарч яваад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би эхнэр Эг орой согтуу орж ирлээ гэх шалтгаанаар ташуураар нуруу болон гуя руу нь 4-5 удаа ороолгосон. Шүүх эмнэлгийн 4337 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтээр Д.Э-биед учирсан гэмтлийг би ташуураа ороолгож, гараараа үснээс нь зулгааж учруулсан гэмтэл байгаа юм. Тухайн үед эхнэр Д.Э бид хоёр л байсан. Өөр хүн байгаагүй. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа хөнгөн ял оногдуулж өгнө үү”... гэх мэдүүлэг /хх53-54/

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч П.Л-

Шүүгдэгч П.Л-нь 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Д.Э-ташуураар зодсон болох нь хохирогч Д.Э болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, оршин суугаа газрын тодорхойлолт, хүү Л-гийн С-ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар хохирогч Д.Э, шүүгдэгч П.Л-нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, 2005 оноос хойш хамтран амьдарсан байх тул хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан.

Шүүгдэгч П.Л-үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд хамтран амьдрагч Д.Э-зодож, улмаар эрүүл мэндэд нь “...тархи доргилт, нуруу, бугалага, шуу, өгзөгт цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 4337 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч нь гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

Иймд шүүгдэгч П.Л-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Улсын яллагчаас шүүгдэгч П.Л-“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж, шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлжээ.

Шүүгдэгч П.Л-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”  гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч П.Л-нь хувийн байдлын хувьд “Ачтан клиникийн эмнэлэг”-т слесарь, харуулаар ажилладаг, торгуулийн ялыг биелүүлэх боломжтой гэж үзэн, улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 1 ширхэг ташуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П. Л-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн 1 ширхэг ташуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР