Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2021/0119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Е.Ж нэхэмжлэлтэй захиргааны

хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгч Е.Ж, хариуцагч Ш.Р нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Е.Ж нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Е.Ж 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 12 дугаар тогтоолын З.С, А.С, Х.Д, Ж.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр:

“Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7, 70.9, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг тус тус баримтлан Е.Ж “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 12 дугаар тогтоолын З.С, А.С, Х.Д, Ж.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Е.Ж дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Е.Ж би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 12 дугаар тогтоолын З.С, А.С, Х.Д, Ж.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэл гаргасан үндэслэл бол 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон Ногооннуур сумын орон нутгийн сонгуулийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Улаанчулуу багаас З.С, А.С, Х.Д, Е.Ж бидний 4 хүн Ардчилсан намаас нэр дэвшсэн.

Би З.С, А.С, Х.Д болон Ардын намаас нэр дэвшсэн Ж.Х нарт ямар нэгэн муу санасан зүйл байхгүй бөгөөд эдгээр нэр дэвшигчид сонгуульд мөрөөрөө оролцсон. Манай 4 дүгээр баг нь сонгуулийн 158 дугаар хэсэг бөгөөд нийт 8 хүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшсэн. Эдгээр 8 нэр дэвшигч мөрөөрөө саналаа өгч сонгуульд өрсөлдсөн, тэдэнд ямар ч буруу байхгүй бөгөөд би анхан шатны шүүхэд анх өгсөн нэхэмжлэлдээ дээрх нэр дэвшигчдийг буруутгаж тэдний төлөөлөгчөөр сонгогдсоныг хүчингүй болгож өгөхийг хүсээгүй билээ.

Тодруулбал анхны нэхэмжлэлдээ Улаанчулуу 4 дүгээр багийн иргэдийн дунд болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн ....дугаар хэсэгт 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон сонгуулийн үйл ажиллагаа маш замбараагүй, сонгуулийн машин эвдэрсэн, сонгууль өгөх хуудас гудамжинд хаягдсан, сонгуулийн байранд сонгогчид дайрч орж сонгуулийн үйл ажиллагааг эмх журамгүй болгосон буюу Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг илтэд зөрчсөн.

Иймд тус 4 дүгээр багт дахин сонгуулийг явуулах шаардлагатай байгаа тухай бичсэн. Миний нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх тодруул гэж зааварласнаар би дахин нэхэмжлэлээ тодруулж өгсөн.

2.Миний тодруулж бичсэн нэхэмжлэлийн шаардлагаар дээрх нэр бүхий 4 хүнийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. Би тэдэнд гомдсон зүйлгүй, тэдэнтэй маргахгүй гэж шүүх хуралдаанд хэлсэн бөгөөд сонгууль зөрчилтэй болсныг тайлбарласан. Сонгууль үнэхээр зөрчилтэй болсон. Тухайлбал Сонгуулийн машин нь өглөөнөөс орой хүртэл сонгуулийн хуудсыг хүлээн авалгүй цаас нь гацаж хорчийн үрчийж зарим нь урагдсан бөгөөд сонгогчид дахин цаас авч машинд оруулах зэргээр будилж хүчингүй болсон цаасыг сонгуулийн өрөөнд хаясан,

-Сонгуулийн машин ажиллахгүй болсноор олон сонгогчид сонгуулийн санал хураах өрөөнд орж санал өгөх хуудсыг дур мэдэн хэд хэдээр авч дуртай хүндээ хэдэн ч санал өгч замбараагүй байдал үүсгэж байсан бөгөөд энэ талаар хэрэгт видео бичлэг өгсөн. Дашрамд дурдахад бичлэгийг Монгол хэлээр орчуулаагүй, нотлох баримтаар үнэлээгүйд нь харамсаж байна.

-Сонгуулийн машин хүлээн аваагүй гацсанаас үрчийж хэлбэрээ алдсан санал өгөх хуудсыг сонгууль хариуцаж байсан хүмүүс авч хаясныг С.М олж надад өгснийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд нотлох баримтаар үнэлээгүй,

-Гэрчүүд бүгд сонгуулийн санал авах машин гацсан, сонгууль замбараагүй болсныг гэрчилдэг,

-Сонгуулийн хуудсыг архиваас авч тоолоход 1 хуудас дутсан, хүчингүй 12 хуудас хүчинтэй болсон зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байхад шүүх анхаарч энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй,

-Хуулийг буруу тайлбарласан,

-Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлсэн,

-Хэргийг бодит үнэнээр шийдвэрлээгүй зэрэг хуулийг зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэхийн тулд хэргийг бүхэлд нь хянуулахыг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

Хавтаст хэрэгт авагдсан CD-нд өрөөнд бөөгнөрсөн хэсэг иргэдийн талаарх 19-35 орчим секундийн 3 тасалсан видео бичлэг байх бөгөөд тухайн эмх замбараагүй байдал нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэх, цаашлаад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 12 дугаар тогтоолын З.С, А.С, Х.Д, Ж.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах үр дагаварт хүргэхгүй, мөн уг бичлэгээр давж заалдах гомдолд дурдсан “…сонгуулийн машин ажиллахгүй болсноор олон сонгогчид санал хураах өрөөнд олноор орж санал өгөх хуудсыг дур мэдэн хэд хэдээр авч дуртай хүндээ хэдэн ч удаа санал өгөх замбараагүй байдлыг үүсгэсэн…” гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх болон гомдлын бусад үндэслэлүүд нь сонгуулийн санал тоолох автомат төхөөрөмжөөс уншигдсан хүчинтэй саналын хуудасны тоо, үүнээс нэр бүхий нэр дэвшигчдийн болон нэхэмжлэгчийн авсан саналыг хүчингүйд тооцох, улмаар дахин санал хураалт явуулах тохиолдлыг бий болохгүй.

Тухайлбал Ногооннуур сумын Улаанчулуу багийн нутаг дэвсгэрийг хамаарах 4 дүгээр буюу сонгуулийн ...... дугаар хэсгийн санал тоолох машин өглөөнөөс орой хүртэл гацсан, машинд гацаж уншигдахгүй болсноос урагдсан саналын хуудсыг санал авах өрөөнд хаясан гэж үйл баримт, мөн энэ талаарх гэрчийн мэдүүлэг, холбогдох нотлох баримтыг үнэлээгүй, архивт буй саналын хуудсанд хийсэн тооллогоор илэрсэн зөрчлийг хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй гэх зэргээр шийдвэрийг эс зөвшөөрсөн ч эдгээр үйл баримтуудыг бүх талаас бүрэн гүйцэд үнэлсэн болох нь шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлтүүдээр батлагдана.  

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах харилцааг зохицуулсан бөгөөд 79.1.1, 79.1.2-т заасан тохиолдлуудад давж заалдах гомдолд заасан дээрх үндэслэлүүд хамаарахгүй, өөрөөр хэлбэл нэр бүхий гэрчийн мэдүүлэг, санал авсан хугацаа, саналын хуудсыг уншаагүй гэх тохиолдлууд, санал тоолох автомат машины гэмтэл саатал, түүнээс үүссэн нөхцөл байдал, архивт хадгалсан ....дугаар хэсгийн саналын хуудсанд хийсэн үзлэгээр тогтоогдсон үйл баримтууд нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөргүй, ажиглагч нараас санал авах үйл явцад гарсан гэх эдгээр зөрчлийн талаар хэсгийн хороонд мэдэгдсэн, гомдол хүсэлт гаргасан тохиолдол үүсээгүй, иймд шүүхээс энэ болон бусад үндэслэлүүдийг хангалттай дүгнэн, хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нийцсэн төдийгүй маргаан бүхий тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс 4 дүгээр хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцуулахаар тухайн шатны сонгуулийн хороонд гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл хэсгийн хорооны санал хураалтад ямар нэгэн гомдол гаргаагүй атлаа хэсгүүдийн санал хураалтын дүнг нэгтгэсэн сонгуулийн хорооны шийдвэрт маргаж буй нь үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Е.Ж гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН