Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 1920

 

"**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2016/00898 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.**д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.**

Хариуцагчийн өмгөөлөгч О.**:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "**" ХХК нь Д.**тэй 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 112001 тоот зээлийн гэрээ байгуулан, 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 112107 тоот зээлийн гэрээ байгуулан, 500 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай, барьцаагүй зээлсэн. 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1 000 000 төгрөгийн зээлийн хүүд 900 000 төгрөг, 500 000 төгрөгийн зээлийн хүүд 100 000 төгрөг төлөөд 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Д.**г таньдаг учир барьцаагүйгээр өөрийн барьцаалан зээлдүүлэх газрын мөнгөнөөс зээлдүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа хэтэрвэл хоногийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл 1 500 000 төгрөгийн 50 хувийн алданги болох 750 000 төгрөг, нийт 2 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "**" ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, тус компаниас 1 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийн төлбөрт 900 000 төгрөг төлсөн, мөн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахин гэрээ байгуулж, 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж төлбөрт 100 000 төгрөг төлсөн. Энэ хоёр барьцаат зээлийн гэрээг сунгаагүй тул үндсэн зээлийн төлбөрт 650 000 төгрөг, алданги 325 000 төгрөг, нийт 975 000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.**гээс 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "**" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 950 төгрөгийг улсын орлогод хэвзэр үлдээж, хариуцагчаас 26 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн 2014 оны 05 дугаар сарын      16-ны өдрийн 112001 тоот зээлийн гэрээг 4 удаа сунгасан, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 112107 тоот гэрээг 2 удаа сунгасан гэж дүгнэсэн. Гэтэл 112001 тоот гэрээг нийт 9 удаа буюу 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааг сунгасан нь гэрээнд тодорхой бичигдсэн байхад шүүх үндэслэлгүйгээр 4 удаа сунгасан гэж үзэж шийвдэрлэсэнд гомдолтой байна.

Иймд 1 дэх гэрээний есөн удаагийн сунгалт, 2 дахь гэрээний хоёр удаагийн сунгалтыг үндэслэн хариуцагчаас төлсөн 1 000 000 төгрөгийг хүүд тооцуулж, үндсэн зээл болох 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч Д.**д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 250 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“**” ХХК болон Д.** нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 1 000 000 төгрөгийн, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1 сарын хугацаатай, 500 000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан, хариуцагч нь 1 000 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт 900 000 төгрөгийг, 500 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 100 000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон 1 000 000 төгрөг болон 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн тул тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарлах боловч энэ байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь зээлийн гэрээнүүдийн ар талд сунгалт хийсэн хэсэгт зээлдэгчээр гарын үсэг зуруулаагүй байх тул зээлийн гэрээнүүдийн хугацааг сунгах хүсэл зориг илэрхийлэгдээгүй, энэ талаар хэлцэл хийгдээгүй байна.

 

Хариуцагч нь эхний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 000 000 төгрөг, зээлийн хүү 100 000 төгрөг, нийт 1 100 000 төгрөг төлөхөөс 900 000 төгрөгийг төлсөн тул түүний үлдэх үүрэг 200 000 төгрөг, хоёр дахь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 500 000 төгрөг, зээлийн хүүд 50 000 төгрөг, нийт 550 000 төгрөг төлөхөөс 100 000 төгрөгийг төлсөн тул түүний үлдэх үүрэг 450 000 төгрөг буюу нийт 650 000 төгрөгөөр тодорхойлогдохоор байх боловч тэрээр 975 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн түүний тайлбартай харьцуулбал шүүх түүнээс 900 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн гэж дүгнэлээ.  

 

Нэхэмжлэгч алданги шаардсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар бичгийн хэлбэрээр тохиролцоогүй тул үүргийн гүйцэтгэлийг мөн хуулийн 186 дугаар зүйлйн 186.1 дэх хэсэгт зааснаар тэрээр шаардах эрхгүй юм.

 

Шүүх алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйг зөвтгөх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2016/00898 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1” гэсний дараа “186 дугаар зүйлийн 186.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА