| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/5704/и |
| Дугаар | 182/ШШ2016/00770 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2016/00770
| 2016 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 182/ШШ2016/00770
| Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Ё.Д
Хариуцагч: ТБ ХХК
2015 оны 5 сарын тэтгэврийн мөнгө, зээлийн хүүгийн хамт нийт 2.417.592 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ТБны салбараас 2013 оны 1,2,3-р саруудын тэтгэврийн зээл анх авсан юм. Тэгэхдээ тэтгэврийн дэвтрээ барьцаанд өгсөн болно. ТБны салбар Чулуун овоо дахь тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн Ц.С гэх хүн зээлийн хугацааг харгалзан үзэлгүй зээлдэгч гэсэн үндэслэлээр уг тэтгэврийн мөнгөнөөс хүү тооцоолон суутгаж 2015 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тэтгэврийг cap бүр дутуу олгож байсан. “05-р сард төв банкнаас дотоод журамдаа зээл авсан хүнд 2 сард 1 удаа зээл олгоно гэсэн өөрчлөлт оруулсан учраас бид түүнийг үндэслэн зээл олгож байна” хэмээн тус банкны хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрч ажилласан байдаг юм.
Дээрх өөрчлөлтийн дагуу 7,9-р саруудын тэтгэврийг хүү суутгуулан тооцуулж дутуу тэтгэвэр авсан болно. Иймээс тэтгэврийн асуудлыг шийдэж өгөх талаар ТБны салбар Чулуун овоо дахь тооцооны төвийн захирал Д-д хандсан боловч хохироосон хэвээр байна. Би сүүлд 5.800.000 төгрөгийн зээл авсан нь тусдаа асуудал юм. Бэлнээр мөнгө өгсөн баримтаа нэг хувийг нь нэхэмжлэгчид өгч байгаагүй. Нэхэмжлэгчид өгөх хувийг дараагийн зээл болгоод байна. Иймд аваагүй 2015 оны 6, 8, 10, 11, 12 сарын тэтгэвэр 1.856.384 төгрөг, тэтгэврээс хүү тооцож авах ёсгүй байтал хүү тооцож суутган авсан мөнгө 561.208 төгрөг, нийт 2.417.592 төгрөгийг хариуцагч “ТБ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ё.Д нь ТБ Чулуун-Овоо тооцооны төвөөс 2015 оны 6, 8, 10, 11, 12 сарын тэтгэврээ аваагүй гэж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг харилцагчийн түүхийг шүүж үзэхэд харилцагч нь тэтгэврийн зээлээ сар бүр сунгаж буюу урагшаа нөхөж авдаг байсан байна. 2-3 сарын тэтгэврээ урьдчилж зээлж авч байсан тохиолдол нэг биш удаа байна. Тэтгэврийг урьдчилж өгдөггүй, зээл маягаар олгож байсан. Тэгэхээр хүү авдаг. Дээрх саруудын тэтгэвэр нь зээлээ төлөхөд л орсон. Мөн нэхэмжлэгч Ё.Д нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 18 сараар тэтгэврийн зээлийг хамтран зээл хүсэгч түүний хүү Д.Э-өөр баталгаа гаргуулан авсан бөгөөд энэ талаар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тэтгэвэр авахгүй гэдгээ гар өргөдөл гарган бичиж өгсөн байдаг. Илүү төлсөн мөнгө байхгүй, тайлбарласан боловч ойлгохгүй байгаа юм. Мөнгө бэлнээр авсан, өөрийнх нь гарын үсэгтэй баримтуудыг нэмж гаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, тэтгэврийн зээлийн гэрээ, тэтгэврийн зээлийн өргөдлүүд, батлан даалт гаргах зөвшөөрөл, Ё.Дын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврээ авахыг ойлгосон гэсэн гар бичмэл баримт, дипозит дансны хуулга, тэтгэвэр олгож байсан талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ё.Д нь авах ёстой боловч аваагүй 2015 оны 6, 8, 10, 11, 12 сарын тэтгэврийн мөнгө 1.856.384 төгрөг, зээлийн хүү үндэслэлгүй авсан гэж 561.208 төгрөг, нийт 2.417.592 төгрөгийг хариуцагч ТБнаас нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 23 хүртэлх хугацаанд 33 удаагийн гүйлгээгээр 17.494.100 төгрөгийн тэтгэврийн зээлийг урьдчилж авсан байх бөгөөд зээлийн хүү нь 760.596 төгрөг болжээ. Энэ нь зээлийн гэрээнүүд, бэлэн мөнгө хүлээн авсан баримт, дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Дээрх 42 сарын хугацааны Ё.Дын тэтгэврийн мөнгө болох 14.522.979 төгрөгийг ТБ дээрх зээлд суутган тооцсон болох нь хариуцагчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн түүнчлэн Ё.Дын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврээ авахыг ойлгосон гэсэн гараар бичсэн баримт хэрэгт авагдсан байна.
Иргэн Ё.Д нь тэтгэврийн мөнгөө тодорхой хугацаагаар, жилийн 18 хувийн хүүтэй зээлдэн авах гэрээ хийж авч байсан байх бөгөөд зээлд хүү тооцохгүй байх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ё.Дын 2015 оны 6, 8, 10, 11, 12 саруудын тэтгэврийн мөнгө нь тэтгэврийн зээлд суутган тооцогдсон, банк түүний тэтгэврийн зээлд зохих журмаар хүү тооцож төлүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилон ажиллуулсан ба нэхэмжлэл хэрэгсэхгүй болгогдож буй тул шинжээчийн зардал 225.793 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.БУД