Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 171

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Сайнхүү,

 Шүүгдэгч Н.А,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн 1902 01008 0027 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Боржигон овгийн 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 39 дүгээр байрны 226 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: УИ96122012/

 

Шүүгдэгч Н.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай хуванцар савны хамт 12.1673 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Аээс мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Тухайн өдрийн өглөө Ёндонжамц бид хоёр манай гэрийн гадаа уулзсан. Ёндонжамц Хар тамхитай тэмцэх газар очиж байцаагчтай уулзаж гар утсаа авна гээд би Тэнгисийн хажууд байрлах ломбард орох ажилтай байсан учраас бид хоёр тухайн үед хамт явсан. Замд явж байхад Ёндонжамц тамхи татахаар нь би 2-3 удаа сорж үзсэн. Хар тамхитай тэмцэх газрын үүдэнд очоод Ёндонжамц намайг үүдэнд хүлээж бай, би ороод гараад ирье энэ жоохон өвсийг авч бай, би хэрэгт холбогдсон болохоор биедээ авч явж болохгүй. Байцаагчтай уулзаад гараад ирнэ гээд надад үлдээгээд орсон. Үүдний хүлээлгийн танхимд хүлээгээд сууж байхад чамайг гараад ир гэж байна гэхээр нь дээшээ гарахад миний биед үзлэг хийгээд миний биеэс өвс илэрсэн гэв.

 

Шүүгдэгч Н.Аээс мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-106/: “..би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их
гэмшиж, харамсаж байна. Одоогоос хоёр сарын өмнө найз Ёндонжамц хөдөө
яваад ирсэн гэхээр нь би гэрт нь очсон юм. Тэгээд Ёндонжамцтай уулзаад юм
яриад сууж байхад надад ийм юм байна гэж хэлээд надад гялгар ууттай өвс
үзүүлсэн юм. Тэр үед би Ёндонжамцад хэлэлгүйгээр гялгар ууттай өвснөөс нь бага
зэргийг авчихсан юм...Өөрийн биедээ хадгалж байсан өвснөөс бага зэргийг татаж
үзсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 120 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-32-33/ “..Шинжилгээнд ирүүлсэн "Н.А ургамал мэт зүйл" гэж хаягласан гялгар ууттай, хуванцар савтай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. ...дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид багтдаг болно..” гэх шинжээчийн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №122 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-37-28/ “..Шинжилгээнд ирүүлсэн “Алтангэрэл” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. ...тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид багтдаг болно..” гэх шинжээчийн дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-5-8/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах төст ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 5 дугаартай дүгнэлт /хх-42-43/, шүүгдэгч Н.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-82/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-87/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар тамхитай тэмцэх газрын нэг давхар хүлээлгийн танхимд найз Б.Ёндонжамцыг бүртгүүлэхээр ирэхдээ өөрийн биед 12,1673 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй бодисыг хуванцар саванд хадгалж байгаад үзлэгийн явцад баригдсан байна. Шүүгдэгч Н.А түүний найз болох гэрч Б.Ёндонжамц нар тухайн өдрийн өглөө хар тамхитай тэмцэх газарт очиж байцаагчдаа бүртгүүлэхээр явж байх замдаа дээрхи хадгалж байсан өвснөөс тамхинд хийж татсан талаараа мэдүүлсэн байна.

 

Уг бодисын хураан авч, эд мөрийн баримтаар тооцон шинжлүүлэхэд “..ууттай, хуванцар савтай 12.1673 грамм жинтэй ургамал мэт зүйлд делта-9 тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн бөгөөд Делта 9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаардаг болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон мөн түүнчлэн шүүгдэгч Н.Аээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад каннабис илэрсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Н.Аийн шээсэнд тетрагидроканнабинол агуулга илэрсэн байна. 1971 оны 2 сарын 21 ны өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Монгол улс 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон байна.

 

            Шүүгдэгч Н.А нь “одоогоос 2 сарын өмнө найз Б.Ёндонжамц хөдөөнөөс ирээд би гэрт нь очсон юм. Тэгээд Б.Ёндонжамцтай юм яриад сууж байхад гялгар ууттай өвс өгсөн, түүнийг нь би халаасандаа хийсэн байсан”, “Б.Ёндонжамцтай юм яриад сууж байхад гялгар ууттай өвс үзүүлсэн, түүнээс нь би Б.Ёндонжамцад мэдэгдэлгүй авсан байсан, түүнээсээ хаяа хэрэглэдэг байж байгаад тухай өдөр авч яваад баригдсан гэж мэдүүлсэн байна. Шүүгдэгч шүүх хуралдаанд “тухайн өдрийн өглөө Ёндонжамц бид хоёр манай гэрийн гадаа уулзсан. Ёндонжамц Хар тамхитай тэмцэх газар очиж байцаагчтай уулзаж гар утсаа авна гээд би Тэнгисийн хажууд байрлах ломбард орох ажилтай байсан учраас бид хоёр тухайн үед хамт явсан. Замд явж байхад Ёндонжамц тамхи татахаар нь би 2-3 удаа сорж үзсэн. Хар тамхитай тэмцэх газрын үүдэнд очоод Ёндонжамц намайг үүдэнд хүлээж бай, би ороод гараад ирье энэ жоохон өвсийг авч бай, би хэрэгт холбогдсон болохоор биедээ авч явж болохгүй. Байцаагчтай уулзаад гараад ирнэ гээд надад үлдээгээд орсон. Үүдний хүлээлгийн танхимд хүлээгээд сууж байхад чамайг гараад ир гэж байна гэхээр нь дээшээ гарахад миний биед үзлэг хийгээд миний биеэс өвс илэрсэн гэж тухайн бодисын эх сурвалжийг зөрүүтэй мэдүүлсэн. Гэвч тухайн үед өөрийнх нь биеээс эд мөрийн баримтаар хураагдсан дээрхи эд зүйлс илэрч хураагдсан, өөрийн биед хадгалж байсан талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгчийн биед үзлэг хийхдээ хуульд заасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй хийсэн бөгөөд хураан авч, шинжилгээ хийлгэсэн зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж бэхжүүлж авсан гэж үзлээ. Шүүгдэгч Н.А нь 12,1673 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зориолготой байсан талаар хэрэгт ямар нэг баримт байхгүй бөгөөд прокуророос Н.Ад уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Иймд шүүгдэгч Н.Аийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 12,1673 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Ад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. Учир нь “мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис” нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үүсгэж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис юм. Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Ад шүүхээс оногдуулсан уг ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай хуванцар савны хамт 12.1673 грамм жинтэй “өвс” мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа дельта-9 тетрагидроканнабинол-ын агууламжтай хуванцар савны хамт 12.1673 грамм жинтэй “өвс” мэт зүйл зэргийг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР