Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 138

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч Г.Анармөнх,

Шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Д.Гэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн М.Ад холбогдох эрүүгийн 1811 02825 0827 дугаартай хэргийг 2019 оны 9 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Галт овогт, 1972 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай эрэгтэй, дээд боловсролтой, Бизнессийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хорооллын 30 дугаар байрны 35 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЙБ72103019/

 

Шүүгдэгч М.А нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүү А.Сод-Эрдэнийг зодсон” гэх шалтгаанаар бага насны /9 нас 17 хоногтой/ хохирогч С.Эрхэмбаярыг зодож эрүүл мэндэд нь зүүн хацрын гадна хэсэгт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч М.Агаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Манайх Сүхбаатар дүүрэгт байж байгаад 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүүж ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа тэр байрны хүүхдүүд орой болгон найз найзуудаараа гарч тоглодог байсан. Манай хүү 24 дүгээр сургуульд сурдаг байсан. Тэр байрны хүүхдүүд 2-3 удаа миний хүүхдийг бөөрөлхөж зоддог байсан. Эрхэмбаяр манай нөгөө байрны хүүхэд байсан. Манай хашаан доторх хүүхдүүд бас манай хүүхдийг нэг удаа зодож байсан. Тэр үед би хашираах зорилгоор толгой руу нь хэдэн удаа тоншсон. Эрхэмбаяр нь удаа дараа миний хүүхэдтэй тоглож байхдаа зоддог байсан. Тэр үед нь би “... Эрхэмбаяр аа дахиж миний хүүхдийг зодож болохгүй. Та нар хоорондоо эв найрамдалтай тогло” гэж 2-3 удаа хэлж байсан. Би бага насны 3 хүүхэдтэй. Бас хүүхдүүддээ хүмүүжлийн чанартай арга хэмжээ авдаг болохоор хүүхдийг нь хаана нь цохих, ямар гэмтэл учруулахаа мэддэг. Гэхдээ энэ бол хүмүүжлийн чанартай арга хэмжээ биш. 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэртээ зурагт үзээд хэвтэж байсан чинь манай хүүхэд уйлчихсан орж ирсэн. Тэгээд “... юу болсон бэ” гээд асуусан чинь хацар нь нилээн хөхөрчихсөн, зодуулчихсан орж ирэхээр нь “... хэн зодсон юм бэ” гэж асуухад “... Эрхэмбаяр зодсон” гэж хэлсэн. Би Эрхэмбаяртай уулзах гээд очиход тоглоомын талбай дээр найзуудтайгаа тоглож байсан. Би Эрхэмбаяраас “... ямар үндэслэлээр хүүхэд зодсон юм бэ” гэж асуухад юу ч дугарахгүй тоглож байхаар нь хашраах зорилгоор 1-2 удаа алгадсан. Тэгээд хамарнаас нь цус гархаар нь манай хүүхдүүд нойлын цаас шидэж өгсөн. Тэр цаасаар хамарных нь цусыг арчиж өгсөн. Тэгээд би “..чи одоо гэртээ орох уу” гэхэд Эрхэмбаяр “... үгүй, зүгээр” гэж хэлээд найзуудтайгаа тоглосон. Би тэр хүүхдийг алгадсандаа маш их гэмшиж байна. Дараа нь Эрхэмбаярын ээж нь ирэхэд учир шалтгаанаа хэлээд уучлалт гуйсан. Бид Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр 2 цаг хүлээсэн. Тэгээд тус тусдаа мэдүүлэг өгөөд шүүх эмнэлгийн шинжилгээнд орсон. Тэр шүүх эмнэлэгт очоод би “..миний хүүхдийн нүд нь хөхөрсөн. Энэ гэмтлийн зэрэгт хамаарах юм уу” гэхэд “.. ийм бяцрал, нүдний хөхрөл, бага зэргийн няцралт зэрэг нь гэмтлийн зэргийн холбогдох журамд хамаарахгүй” гэсэн. Тэгээд би хүүхдээ дагуулаад гэртээ ирсэн. Эрхэмбаярын ээжид алгадсанаас болж ямар нэгэн юм болвол хэлээрэй би бүх зардлыг даана гэж хэлсэн. Эрхэмбаярын ээж бас надаас уучлалт гуйсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр зүгээр гэж гарсан. Тийм учраас прокурорын гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна..” гэв.

 

Шүүгдэгч М.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-61/: “..Би тэр үед Эрхэмбаярын ээжээс уучлалт гуйсан. Эрхэмбаяр өмнө нь 2, 3 удаа миний хүү Сод-Эрдэнийг дээрэлхсэн байсан. Тэр өдөр бас л Эрхэмбаяр манай Сод-Эрдэнийг зодоод хацрыг нь бондойлгосон байсан. Тэгэхээр нь Эрхэмбаярыг хашраах зорилгоор түүнийг 2 удаа алгадсан. Хамарнаас нь цус гарахаар нь хүүхдүүдээрээ сальфетка шидүүлээд цусыг нь арчиж өгчихөөд хамар нь гайгүй юу гэтэл гайгүй ээ гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-23-24/ “..2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэрийнхээ гадаа тоглоомын талбай дээр найз Төгөлдөр, Хатантөмөр бид 3 нэг баг болоод нөгөө баг нь Даваасүрэн, Сод-Эрдэнэ нар болсон юм. Тэгээд бид нар нэг нэгээ түлхэлцэж тоглож байхад Хатантөмөр, Сод-Эрдэнэтэй тоглож байгаад Сод-Эрдэнийг түлхсэн чинь газар бөгсөөрөө унаад хожигдсон, хожигдчихоод босч ирээд уурлаад эхлээд Хатантөмөрлүү дайраад нэг удаа өшиглөхөд Хатнаа зөрүүлээд түүнийг түлхсэн. Тэгэхээр нь би "Содоо чи болиоч ээ тоглож чадахгүй бол яах гэж тоглосон юм бэ" гэхэд надруу уурлаад миний нүүрлүү 1 удаа цохиод хөлрүү өшиглөчихөөд Содоо уйлаад гэрлүүгээ гүйгээд орчихсон. Би Сод-Эрдэнэд цохиулчихаад уйлаагүй байхад Содоо хожигдчихоод уйлсан. Түүнийг гэртээ орсоны дараа тоглоомын талбай дээр би сандал дээр суугаад найзынхаа утсаар тоглож байхад үл таних 1 ах гарч ирээд толгойруу хацар руу 2 удаа, баруун талын хацар руу 2 удаа гараа атгаж байгаад цохиход миний хамарнаас цус гарсан. Тэгтэл тэр ах :;чи яахаараа манай хүүхдийг зоддог юм бэ" гэхээр нь би айгаад уйлаад ахаа уучлаарай дахих тэгэхгүй ээ гэж хэлсэн чинь наад газар болсон цусаа арч гээд ариун цэврийн цаас гаргаж ирээд наадахаа хогийн саванд хая гээд өгсөн...манай хүүхдийг яагаад зодоод байгаа юм бэ гэхээр нь Содоогийн аав юм байна гэжбодсон. Дагз руу 2 удаа, зүүн, баруун хацар руу гараа атгаж байгаад 2, 2 удаа цохисон..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Сэрсмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-36/ “..тухайн өдөр хүүгээ зодуулсны дараа зургийг нь авсан байсан...гар утсаа унагаад нүүрийг нь хагалчихсан юм. Тэгээд утсан дээр байсан зурагнуудаа өөрийн ажлын компьютер дээр хуулж аваад шинэ гар утас авсан...зодуулснаас болоод ямар гэмтэл шарх учирсан 6 ширхэг зураг байна...зодуулснаас болоод одоо болтол зүүн хацрын хөхрөлт нь бүрэн гүйцэт арилахгүй байгаа..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1093 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-48-49/ “..Фото зургаас үзэхэд С.Эрхэмбаярын биед зүүн хацрын гадна хэсэгт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл учирчээ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. урьд гаргасан 11008 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна..” гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №802 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-54-56/ “..Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг №11008 тоот дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1093 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. С.Эрхэмбаярын биед учирсан зүүн хацрын гадна хэсэгт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт,

 

Шинжээч эмч Ц.Ганболдоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-43-44/ “..Үзлэгийн тухайд яг тэр мөчид хөхрөлт байхгүй байж байгаад сүүлд тодордог тал бий. Хөхрөлт өөрөө хацар мэт зөөлөн, зузаан эдтэй газар бол дараа нь тодордог. Нимгэн бол дороо цус хуралт илэрдэг..." Уруулын дотор талд үүссэн язралт, шарх мэт зүйл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-79/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №11041 /хх-40/, шүүгдэгч М.Агийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-86/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/ мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаяр нь найз Төгөлдөр Хатантөмөр, Даваасүрэн, А.Сод-Эрдэнэ нарын хамт түлхэлцэж тоглож байгаад А.Сод-Эрдэнийг түлхэн унагаж, унасан А.Сод-Эрдэнэ гэртээ орж аавдаа энэ талаар хэлсэнээр түүний аав болох шүүгдэгч М.А нь гарч очин насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярын толгойн хацарлуу гараа атгаж байгаад нийт 4 удаа цохиж түүний зүүн хацрын гадна хэсэгт цус хуралт, дээд уруулд шарх, цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А болон түүний өмгөөлөгчөөс бага насны хохирогч С.Эрхэмбаярыг 2 удаа алгадсан нь үнэн харин хэрэг болсон өдөр хохирогч шүүх эмнэлэгт үзүүлсэн боловч гэмтэл учраагүй талаар дүгнэлт гарсан, бага насны хохирогчийн ээжийн гар утсаар авсан зургийг үндэслэж сүүлд гэмтэл учирсан байна гэж дүгнэсэн байгааг зөвшөөрөхгүй, уг фото зургийг нотлох баримтад тооцох боломжгүй тул түүнийг үндэслэж гаргасан дүгнэлтүүд хууль ёсны байх шаардлага хангахгүй гэж маргасан болно.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд 2018 оны 09 сарын 08-ны өдөр 9 настай, насанд хүрээгүй хохирогч С.Эрхэмбаярт үзлэг хийж гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдлийг үндэслэж прокуророос дахин шинжээч томилсоны дагуу хэргийн материал буюу хэрэгт авагдсан фото зураг, гэрчүүдийн мэдүүлэг, 110008 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэгт үзлэг хийж 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1093 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн биед гэмтэл учирсан, учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болно гэж дүгнэжээ. Прокуророос дээрхи хоёр дүгнэлт зөрүүтэй, эргэлзээ төрүүлж байна гэж үзээд дахин шинжээч томилсоны дагуу 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 802 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтээр 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 1093 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гар утсанд үзлэг хийж фото зургуудийн хэрэгт хавсаргасан нь /хх 63-81/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримт болох бөгөөд үүнийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь хууль ёсны үндэслэлтэй бөгөөд 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 1093 дугаартай, 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 802 дугаартай хэргийн материалыг үндэслэж хийсэн хүний бие учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь ганц фото зурагт үндэслээгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэсэн болохыг дээр дурдсан болно.

 

Иймд шүүгдэгч М.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокуророос шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ял сонсгож ирүүлсэн бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар уг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2018 оны 9 дүгээр сарын 08-наас хойш хуульд заасан 1 жил өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сэрсмаа нь шүүгдэгч М.Агаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Галт овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг журамлан шүүгдэгч М.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР