Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 150

 

 

                                                           

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Хулан,

Шүүгдэгч З.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн З.Гт холбогдох эрүүгийн 1911 03124 0058 дугаартай хэргийг 2020 оны 02 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Их Уул овгийн 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, бэр эгч, 3 дүүгийн хамт Төв аймгийн Цээл сумын 2 дугаар баг, Талын хайрхан задгай гудамж 3 тоотод оршин суух хаягтай боловч, одоогоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-689 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай /РД: НЩ87063096/

 

Шүүгдэгч З.Г нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-689 тоотод хохирогч Э.Батдэлгэртэй “архи ууж, хэрүүл маргаан үүсгэлээ” гэж маргалдан, түүний нүүр хэсэгт түлхэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч З.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.

 

Шүүгдэгч З.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-36/: “..2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би дүүгийнхээ хүүхдийг салхилуулах гээд эгч Ганчимэгийн гэрээр оръё гээд ортол манай төрсөн дүү Отгонбаатарын эхнэр Цэрэвпүрэв түүний найз Батдэлгэр хоёр эгчийн хашаан дотор согтуу архи уучихсан хүүхдээ авч явна гээд байсан хүүхэд нь 2 настай хүүхэд байгаа юм.  Гадаа хүүхдийг нүцгэн тэвэрсэн байсан. Би Цэрэнпүрэвт хандаад авч явмаар байвал эрүүл болоод ирээд ав гэж хэлсэн. Тэгтэл хажуунаас Батдэлгэр гэх найз нь чамд хамаа байхгүй хүүхдийг 18 хүртэл нь ээж дээр нь байлгадаг юм гээд хэрэлдээд байсан. Би тэр хүүхэнд хандаад чи одоо айлд ирж архи ууж хэрүүл маргаан үүсгэчихээд юу гээд байгаа юм гэж хэлээд Батдэлгэр гэх эмэгтэйгийн нүүр рүү гараа дэлгэж байгаад түлхсэн юм. Тэгтэл тэр хүүхэн уруу газар руу өнхөрсөн. Тэгтэл манай эгч Ганчимэг намайг загнаад гэр рүү оруулсан. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Батдэлгэрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14-17/ “..2019 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 00 цагийн орчимд Отгонбаатарын гэрт нь ажлынхаа газрын Алимаа гэх эмэгтэйн хамтаар очсон ба Отгонбаатарын гэрт манай найз Цэрэнпүрэв хүүхдийн хамтаар байж байсан. Энэ үед хүү нь унтаж байсан. Отгонбаатар нь ажил дээрээ хонож байсан юм. Алимаа бид 2 гэрт нь очихдоо 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи, 1 том 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво аваад очсон бөгөөд бид 3 архи, пивоо уучихаад унтаад өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө босоод 09 цагийн орчимд Цэрэнпүрэв хадам эгчдээ 4 том пиво захисан ба пиво ирэхээр нь нэгийг нь уучихаад дахин нэгийг задлаад талыг нь уучихаад байж байтал гаднаас Отгонбаатар орж ирээд байшинд орж унтлаа гээд хүүхдээ аваад гарсан. Цэрэнпүрэв араас нь байшин руу орсон ба хэсэг хугацааны дараа эргээд ууртай орж ирсэн..Алимаа түрүүлээд пиво бариад хашаанаас гараад яваад өгсөн. Цэрэнпүрэв эргэж орж хүүхдээ авч явна гээд бид 2 хамт хадам эгчийнх нь байшин руу орсон..Тэр 3 хэрэлдээд байхаар нь би боль явъя гэж хэлээд байж байтал гаднаас Ганзориг дүүгийнхээ хүүхдийг тэврээд орж ирж байсан. Тэвэрч явсан хүүхдээ байшин руу оруулчихаад эргэж гарч ирээд пизданууд гээд миний нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би газарт унаад уруу газар байсан болохоор уулын уруу өнхөрсөн. Би босоод Ганзориг руу дайртал Ганзориг миний зүүн мөр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон... Цэрэнпүрэв, Отгонбаатар, Ганаа гэх эгч, Ганзориг бид нар байсан. Миний дух хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа, зүүн мөр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Миний дух руу цохих үед газарт унаад уруу газар өнхрөөд тэр газар маш их хад чулуутай газар байсан..", "..надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдолтой байна..” гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Ганчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-22-23/ “..манай дүү Отгонбаатар ажлаасаа буугаад ирж таарсан. Би дүүдээ манайд ороод унт гэж хэлээд унтуулсан. Тэгээд удалгүй ардаас нь эхнэр Цэрэнпүрэв нь орж ирээд манай найзуудтай мэндэлсэнгүй, хийж өгсөн юмнаас амссангүй гэж маргалдсан.. Нэг найз нь үүдэнд зогсоод байхаар нь би найз дээр нь очоод найзыгаа аваад яв хүйтэнд хүүхдээ авч яваад хэрэггүй байх гэж хэлтэл намайг ойлгож байгаа шинжгүй байсан. Би бэрийгээ гэрээсээ түлхээд гаргатал миний үснээс зулгаагаад байхаар нь манай дүү эгчийг яаж байгаа юм бэ гээд надаас салгаад гадаа гаргасан..манай дүү Ганзориг гаднаас манай дүүгийн хүүхдийг тэврээд орж ирээд юу болоод хэрүүл хийгээд байгаа юм бэ гээд хүүхдээ гэрт оруулчихаад гарч ирээд Цэрэнпүрэвийн найз Дээгий /Батдэлгэр/-д хандаад чи айлд архи авч ирээд, маргаан үүсгэлээ гэж загнасан. Чамд ямар хамаатай юм гээд салаавч гаргаад 18 хүртлээ хүүхэд ээж дээрээ байх ёстой гээд орилоод байхаар нь манай дүү Ганзориг тэр хүүхнийг түлхтэл газарт өнхрөөд унасан юм. Тэгээд тэр хүүхэн босоод ирэхэд нь ил харагдаж байгаагаас дух нь хавдсан байсан бөгөөд намайг зодсон гээд цагдаад хандсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Отгонбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-24-25/ “..хашааны хаалгаар манай ах Ганзориг манай дүүгийн хүүхдийг тэврээд ороод ирсэн... согтуу хүүхэн хачин юм яриад байхаар нь манай ах Батдэлгэрийг түлхээд унагаасан. Тэгтэл тэр газар нь уруу, чулуутай газар байж таарсан..” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Цэрэнпүрэвээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-26-27/ “..манай найз Батдэлгэр даварсан юм байхгүй хүүхэд 18 нас хүртэл ээж дээрээ байдаг юм гээд Ганзоригт хэлтэл Ганзориг манай найзыг түлхээд унагасан. Унасан гэх газар нь огцом уруу, налуу газар байсан..” гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч У.Ганцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-30/ “..Дээрх гэмтлүүд нь уруу газарт унаж, өнхрөх үед үүсэх боломжтой гэмтэл байна..” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №14474 дугаар дүгнэлтэнд: /хх-29/ “..Э.Батдэлгэрийн биед духны зөөлөн эдийн няцрал, баруун мөр, дал, цээжний цус хуралт, хөмсөгний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно..” гэх дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8/ гэх дүгнэлт, шүүгдэгч З.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/ мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Г нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41-689 тоотод хохирогч Э.Батдэлгэртэй “архи ууж, хэрүүл маргаан үүсгэлээ” гэж маргалдан, түүний нүүр хэсэгт түлхэж унагаасны улмаас түүний биед духны зөөлөн эдийн няцрал, баруун мөр, дал, цээжний цус хуралт, хөмсөгний арьсны зулгаралт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч хохирогчийг түлхэж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч З.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.Гийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Гт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.

 

Хохирогч Э.Батдэлгэр нь шүүгдэгч З.Гоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Их Уул овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Гийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Гт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч З.Г нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Гт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.МӨНХБАЯР