Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 158

 

 

                                                           

 

 

 

 

 

  2020         02         27                                  2020/ШЦТ/158

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Төмөрбаатарын Гт холбогдох эрүүгийн “2011000720040” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр 08-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Макс группт махан цехэд мах бэлтгэгч ажилтай, Хан-Уул дүүргийн 16-р хороо, тайнь 0 гудамж 15 тоот хаягтай, боловч Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 12-163 тоотод түр оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй, Боржигон овогт Т. Г /РД............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                      

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Т.Г нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 12-163 тоотод өөрийн эхнэр Д.Баасансүрэнг жирэмсэн болохыг мэдсээр байж “гадуур хонолоо” гэж хардалтын улмаас нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь “ хоёр нүдний зовхи, баруун хацрын төвгөр, ооч, баруун шагайд цус хурал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх

Шүүгдэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэр Баасансүрэнгийн ажилладаг газар болох “Говь” ХХК-ийн жилийн эцсийн Баярын хурал “UB palace”-д болно гээд 15 цагт гэрээсээ гарсан юм. Орой 19 цагийн үед эхнэр рүүгээ ярихад ажлынхантайгаа караокед 2 цаг гаран суусан одоо ингээд тарлаа гэж хэлээд утсаа салгасан бөгөөд би удалгүй дахиад залгахад утсаа авахгүй 7-8 удаа залгаад өнөөдөр гэртээ ирэхгүй бол тэр чигтээ явж болно шүү гэж мэссэж бичсэн ба 20:50 цагаас хойш утас нь холбогдох боломжгүй болсон юм. Тухайн өдөр эхнэр өөрийнхөө болон миний шинэ юнителийн дугаартай утсыг явж явсан байсан бөгөөд 2-лаа холбогдохгүй байсан юм. Ингээд би эхнэрээ шөнөжингөө хүлээсэн бөгөөд 02 цагийн орчимд эхнэрийн төрсөн ах Алтансүхрүү яариад эхнэрээ гэрт нь очсон уу гээд асуухад ирээгүй гэж хэлж байсан юм. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 29-ний өглөөний 08 цагийн үед эхнэр Баасансүрэн залгаад би ахын гэрт хоносон шүү битгий ийш тийшээ юм яриад бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг их уурлалгүй одоо зүгээр салъя чи хувцасаа аваад явчих тэгэх үү гээд гуйсан юм. Гэтэл надруу Баасансүрэн би буруу зүйл хийгээгүй байж яасан гэж явдаг юм гэх мэт зүйл ярьж байгаад уучлаарай би дахиж ууж идэж явахгүй гэх мэд мэссэж бичсэн ингээд надруу 45-46 мэссэж бичсэн. Ингээд би орой 17 цаг өнгөрч байхад тараад найзтайгаа уулзаж 3 том пиво хувааж уугаад өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 12-163 тоотод байх гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн юм. Гэртээ эхнэр Баасансүрэн 3 хүүхдийн хамт унтаж байсан болохоор би эхнэр Баасансүрэнг сэрээгээд одоо хувцасаа аваад яв гэж хэлсэн чинь би буруу юм хийгээгүй учраас гэрээс явахгүй гэсэн юм. Тэгэхээр нь би айлын эхнэр хүн  нөхөр 3 хүүхдээ орхиод хоногоор явах нь зөв юм уу гэж хэлэхэд Баасансүрэнг нэг  удаа нүүр хэсэгт нь цохиод авсан юм. Энэ үед миний төрсөн дүү Чинзориг намайг татаж авсан. Ингээд Баасансүрэн бид 2 хэрэлдэж байгаад би Баасансүрэнг дахиад нэг удаа цохиж аваад нэг удаа алгадаж авсан. Тэгээд Баасансүрэн гарч явахаар нь би хүүхдүүдтэйгээ хамт унтаад өгсөн. Унтаж байхад цагдаагийн алба хаагч нар намайг ирээд эрүүлжүүлэх рүү аваад явсан ...” /хх-ийн 15-16х/,

Хохирогч Д.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...  2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай ажпын жилийн эцсийн баярын хурал болсон бөгөөд би гэрээсээ 15 цагийн үед гарсан юм. Ингээд баярын хуралдаа суучихаад ажлынхаа хүмүүстэй нийлээд караокед ороод 19 цагийн үед би нөхөр Гтой яриад ажлынхантайгаа нэг газар сууж байна гээд ярьсан чинь даварчихсан юм тэр чигтээ зайлаарай гээд ярихаар нь би яриахаа болиод утсаа тасалсан юм. Ингээд Г над руу нилээд хэдэн удаа залгаад байхаар нь би утсаа аваагүй юм. Миний утасны цэнэг удалгүй дууссан. Ажлынхаа газрын хүүхнүүдтэй шөнөжингөө явж байгаад харивал Г уурлах байх гэж бодоод өөрийн төрсөн ах Алтансүхийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо...1140 тоотод 03 цагийн үед очсон юм. Ингээд унтаад өгсөн бөгөөд өглөө 08 цагийн орчимд би сэрсэн бөгөөд тэр үед манай ах Алтансүх сэрээд надад 02 цагийн үед нөхөр Г чамайг асууж залгасан гээд надад хэлсэн бөгөөд би ах Алтансүхийн утаснаас нөхөр Г руу ахындаа ирж хоносон одоо гэртээ харилаа гээд ярихад нөхөр Г намайг битгий худлаа яриад бай одоо зайлаарай хувцсаа аваад зайл гэх мэт зүйл хэлсэн....өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо нуурын 12-163 тоотод унтаж байтал 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Г согтуу орж ирээд намайг сэрээгээд” чи зайлахгүй яасан юм бэ муу янхан минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод надруу цохих гээд дайрах үед Гийн төрсөн дүү Чинзориг Гийг татаж аваад хорьсон юм. Тэгтэл жоохон байж байгаад ирээд миний үснээс зулгаагаад орноос буулгаад миний нүүр орчимд гараараа нилээд хэдэн удаа цохисон бөгөөд энэ үед дүү Чинзориг нь Гийг хориход Г дүүгээ загнаад түлхээд суулгасан юм....Надад эмчилгээний зардалд зарцуулсан баримт гэвэл тархины томографт харуулсан 120,000 төгрөгийн баримт байгаа өөр баримт байхгүй байна. ... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр миний сүүлийн сарын тэмдэг ирсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сард миний сарын тэмдэг ирээгүй болохоор би тестээр үзээд өөрийгөө жирэмсэн гэдгийг би мэдсэн юм. Ингээд би 2019 оны 12 дугаар сарын дундуур би Гт жирэмсэн болсон байна гээд хэлэхэд Г надад одоохондоо хүүхдээр яахын авахуулсан нь дээр биздээ гэж хэлсэн юм. Би одоогоор эход харуулаагүй байгаа учраас хэдэн 7 хоногтойгоо мэдэхгүй байна....120,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх /хх-ийн 11-12х/,

Гэрч Д.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өглөө 6 цагт сэрэхэд манай дүү Баасансүрэн манай гэрт ирчихсэн унтаж байсан юм ...Баасансүрэн сэрээд нөхөр Гтой миний утсаар 08 цаг өнгөрч байхад ярьчихаад гэр лүүгээ явсан юм. Ингээд орой 23 цагийн үед манай дүү Баасансүрэн нүүр нь хавдсан зүүн нүд нь хавдсан Гт зодуулчихлаа гээд ирэхээр нь би дүүгээ дагуулаад цагдаагийн хэлтэст очиж өргөдөл өгөөд...цагдаа нар Гийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн юм...манай дүүг нөхөр Г нь урд нь зодож байсан удаа байхгүй ямар ч байсан энэ удаагийнх шиг зодуулчихлаа гэж ярьж хэлж байгаагүй болохоор зоддог талаар мэдэхгүй байна....23 цагийн үед ирсэн бөгөөд... Баасансүрэнгийн нүүр нь тэр чигээрээ улайж хавдсан байдалтай байсан... ” гэх /хх-ийн 18-19х/,

Гэрч Л.Түвшинтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг тэр хоёрыг маргалдаж байх үед очиход Баасансүрэнгийн нүүрний хоёр хацар орчим нь улайж хавдсан байсан юм...Г нь эхнэр Баасансүрэнгээ гэртээ ирж хоноогүй гээд маргалдаад байх шиг байсан нарийн учрыг нь би мэдэхгүй байна. Сүүлд нь би дүү Чинзоригоос мэдсэн юм” гэх /хх-ийн 20-21х/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №882 дугаартай шинжээчийн

 1. Д.Баасансүрэнгийн хоёр нүдний зовхи, баруун хацрын төвгөр, ооч, баруун шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Иймд шүүгдэгч Т.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу жирэмсэн гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөртэй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрбаатарын Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гоос 120,000 /нэг зуун хорин мянган / төгрөг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1140 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 11-р хороо Нуурын 12-163 тоотод түр оршин суух Баясгалан овогт Дэмбэрэлдоржийн Баасансүрэн /ЙР90042707/-д олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

      6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         П.АРИУНБОЛД