Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5692

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2016/05692

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг *хороо * тоотод оршин суух Х овогт Э М /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй

           

Хариуцагч: Баянзүрх дүүрэг * тосгон * хороо * гудамж * тоотод оршин суух Ц Б  /РД:************/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийгэрэл нар оролцов. 

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие 2015 оны 05 сард санамсаргүй байдлаас болж хүний хөл хугалсан хэрэгт холбогдож, хохирогч талаас 5 сая төгрөг нэхэмжилсэн тул өөрийн 10,5 сая төгрөгийн машиныг ББСБ-д 6 сая төгрөгийн барьцаанд тавьж 1 саяыг өмгөөлөгчид үлдсэн 5 саяыг хохирогчид өгөх гэж байтал цуг ажилладаг Б 5 сая төгрөгөө өгөөч 5 хоногийн дараа 50,000 төгрөг нэмж буцаан өгнө гээд 2014 оны 06 дугаар сарын 17-ний өдөр ХААН банкны ************* дугаарын дансанд шилжүүлэн авсан.

 

Ц.Б нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр миний ХХБ-ны дансанд 3 сая төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 26-ний өдөр 300,000 төгрөг шилжүүлсэн түүнээс хойш мөнгө өгөөгүй.Би 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр ээж, аав хоёрын хамт Ц.Бтай уулзаж үлдэх мөнгийг төлнө гэх бичгийг хийлгэж авсан.

 

Ц.Б намайг өндөр хүүтэй зээл авсныг мэдсэн, хохирогч тал мөнгөө нэхэж байсныг ч мэдэж байсан. Энэ хүний уршгаар би түүний хэрэглэсэн мөнгөний хүүг төлж, хохирогчийн гомдлыг цаг тухайд нь барагдуулж чадаагүйгээс шүүх цагдаагаар явж 1 жилийн тэнсэн харгалзах ял авсан.

Иймд хариуцагч Ц.Баас 2,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Бад шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа: Э.Мын нэхэмжлэлтэй танилцлаа. Э.М нэхэмжлэлдээ намайг 5 сая төгрөг зээлсэн гэж бичсэн байна энэ нь худлаа би 3 сая төгрөг зээлээд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3 саяыг, 2014 оны 12 дугаар сарын 26-нд 300,000 төгрөг төлсөн.

 

Харин тухайн үед М нь хүний хөл хугалчихсан цагдаа дээр эрүү үүсээд шүүх хурал болох гэж байна, шүүх хуралд ороод миний талд мэдүүлэг өгчих, мөнгө өгье гэж аавтайгаа хамт ирээд гуйж байсан.

 

М нь 3 сая төгрөгийг 5 сая болгож бичээд би түүнд 2,500,000 төгрөг өгнө гэж гар бичмэл бичиж өгсөн мэтээр худлаа гүтгэж байна нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

 Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн болон хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.М нь зээлийн гэрээний үүргийн төлбөрт 2,200,000 төгрөгийг хариуцагч Ц.Баас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч  Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, би 5 сая төгрөг аваагүй, 3 сая төгрөг зээлсэн түүнийгээ буцаан өгсөн гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

 Нэхэмжлэгч Э.М хариуцагч Ц.Б  нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Э.М хариуцагч Ц.Бын ХААН банкны ************* дугаарын дансанд 2014 оны 06 дугаар сарын 17-ний өдөр 5,000,000 төгрөгийг өөрийн харилцах данснаас шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн “энэ мөнгийг 09 дүгээр сарын 24-ний Лхагва гаригт өгөх болно. Төлбөрийг гомдолгүй барагдуулна” гэх баримт зэргээр хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Э.Маас 5,000,000 төгрөгийн зээл авсан болох нь нотлогдож байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь эд хөрөнгө ижил төрөл, тоо, чанар, хэмжээний мөнгийг гэрээгээр тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд зохигчид маргаагүй, харин зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр хийж хүү тохиролцоогүй тул хариуцагч Ц.Баас хүү тооцон гаргах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд хариуцагч Ц.Баас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Ц.Бад  шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн  боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул  нэхэмжлэгч Э.М нь түүний эзгүйд хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

           

                                                                                                            ТОГТООХ нь:

           

        1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.Баас 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Баас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мт олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 50,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

          

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

           

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ