| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0697/Э |
| Дугаар | 701 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 701
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Н.Т-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н. Т-нд холбогдох эрүүгийн 1908 02792 0954 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн, Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын архитектур мэргэжилтэй, “Ханан зууч” ХХК-д менежир ажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Т-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод иргэн М.Х-“найз М-ын талд орж маргалдлаа” гэх шалтгаанаар зодож, улмаар биед нь баруун зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч М.Х-мэдүүлэг /хх19-22/, гэрч Ц.М-ын мэдүүлэг /хх29-30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5926 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх24/, яллагдагч Н.Т- мэдүүлэг /хх45-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх38/, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн прокурорын тогтоол /хх50-51/, зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа /хх55-56/, “Ханан зууч” ХХК-д ажилладаг талаарх тодорхойлолт /хх56/, 2018 оны 8 сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл “Контейнер хаус” ХХК-д ажиллаж, нийгмийн даатгал төлсөн талаарх лавлагаа /хх34/ хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Нэг. Шүүгдэгч Н.Т-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч М.Х-“...Би Н.Т-үеэрхээд 1 сар болж байна, бид хоёр тусдаа амьдардаг. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Нефтийн автобусны буудлын хойд талын нэг давхар урт цагаан нийтийн байранд Н.Т-, найз М гэрт байна хүрээд ирээ ч гээд дуудахаар нь 20 цагийн үед очиход том савтай пиво уугаад сууж байсан. Бид 3 сууж байхад гаднаас М гэх охин орж ирээд надаас болж Т-тэй маргалдаад гараад явсны дараа М гэрт хэрүүл маргаан хийлээ гээд тэр хоёр маргалдсан. Би тэр хоёрыг салгаж М-ын талд ороход Н.Т-намайг М-ын талд орж надруу дайрлаа гээд нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж хөхрүүлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх19-22/
2. Гэрч Ц.М-“...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр -Т түүний найз охин гэх Х-ын хамт бид 3 пиво уусан. Тэгтэл Т-тэй урьд нь үерхэж байсан гэх М гэх охин орж ирээд Х-тай маргалдаад буцаад гараад явсан. Тэгээд би Тг гэр оронд янз бүрийн хүмүүс авчирч хэрүүл маргаан хийлээ, яв гэснээс болж бид 2 хоорондоо маргалдсан. Тэгтэл Х миний талд ороод миний зөв гэхэд Т уурлаад Х-ын нүд рүү нь 2-3 удаа цохиод цүнхээ үүрээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх29-30/
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5926 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...М.Х-биед нь баруун зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх24/
4. Н.Т- яллагдагчаар өгсөн “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр... Мт, найз М.Х-дуудаад бид гурав пиво уусан. Тэгтэл миний урд нь үерхэж байсан найз охин М орж ирээд Х-тай таарамжгүй харьцаад, хэрэлдэх гээд байсан, тэгээд ам зөрөөд гараад явсан. М ах гэрт хэрүүл хийлээ гээд уурлаад бид 2 маргалдсан. Х М- ахын хэлсэн зөв гэхээр нь би М-ын талд орлоо гээд уурлаад Х-нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тэгээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх45-47/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Н.Т-.
Шүүгдэгч Н.Т-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод иргэн М.Х-“найз М-ын талд орж маргалдлаа” гэх шалтгаанаар зодсон болох нь хохирогч М.Х-“...М- гэрт хэрүүл маргаан хийлээ гээд тэр хоёр маргалдсан. Би М-ын талд ороход Н.Т-намайг М-ын талд орж надруу дайрлаа гээд нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж хөхрүүлээд гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.М-“...би Тг гэр оронд янз бүрийн хүмүүс авчирч хэрүүл маргаан хийлээ, яв гэснээс болж бид 2 хоорондоо маргалдсан. Тэгтэл Х-миний зөв гэхэд Т уурлаад Х-нүд рүү нь 2-3 удаа цохиод цүнхээ үүрээд гараад явсан...” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өөрийнх нь тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Т- гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогч М.Х-эрүүл мэндэд “...баруун зовхи, хамрын нурууны цус хуралт, зүүн дээд 1-р шүдний эмтрэл гэмтэл...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 5926 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Т- үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Т-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.Т-, хохирогч М.Х-нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх ба шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч шүүгдэгч Н.Т-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н. Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР