Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 736

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч А.Б-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А. Б-д холбогдох эрүүгийн 1903 00486 0260 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт,    

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б-нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, 125 дугаар цэцэрлэгийн хойд замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 11” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсөний улмаас явган зорчигч 28 настай Б.Б-, 6 настай Н.Х-4 настай Н.Я-нарыг мөргөж, Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Х-Н.Я-нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-4/, зам тээврийн осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх5-10/, хохирогч Б.Б-мэдүүлэг /хх24-25/, иргэний нэхэмжлэгч Б.Н-мэдүүлэг /хх29-30/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 6502 дугаартай дүгнэлт /хх41/, ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяагийн гаргасан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5598 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх43/, ахлах зэргийн шинжээч эмч Н.Туяагийн гаргасан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5599 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх45/, мөрдөгчийн магадлагаа /хх91-92/, А.Б-яллагдагчаар өгсөн мэдүүлэг /75-76/, Н.Я-, Н. Х нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх26-27/, шүүгдэгч А.Б-жолооны үнэмлэхний лавлагаа /хх52/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 500.000 төгрөг, гар утас хохиролд хүлээлгэн өгсөн баримт /хх62/, хохирогч Б.Б-  1.500.000 төгрөг, гар утас хүлээлгэн өгсөн баримт /хх63/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх64/, цагдаагийн хайлтын сангийн лавлагаа  /хх65-68/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх81-83/, Авто тээврийн төвийн үндэсний төвийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 190531 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх85-90/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч А.Б-гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжитийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх5-11/

2. Хохирогч Б.Б-“2019 оны 5 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд би эхнэрийн төрсөн дүү Б.Н-хоёр охин /Н.Х-Н.Ялгуун/ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ..... тоот хаягтай гэрээс хүнсний дэлгүүр орох зорилгоор тус хорооны нутаг 125 дугаар цэцэрлэгийн хойд замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явсан саарал өнгийн “Toyato Prius” маркийн ... тээврийн хэрэгсэлд мөргүүлж гурвуулаа зам дээр унасан. Тэгээд би машинд мөргүүлсний дараа зам дээрээс босож ирээд буцаад ухаан алдсан ба ингээд нэг ухаан ороход гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Ослын улмаас миний биед баруун хөлийн өвдөг хавтантай, баруун гарын тохой шалбарсан, зүүн ташаа шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх24-25/,

2. Иргэний нэхэмжлэгч Б.Н-“Миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй. Харин энэ өдөр 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн орчимд миний төрсөн охин Н.Х-ийн утасны дугаараас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нь байна аа, танай 2 хүүхэд зам тээврийн осолд орсон байна гэж мэдэгдсэн. Тэгээд би ажлаас шууд гэмтлийн эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг /хх 29-30/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5602 дугаартай шинжээчийн “...Б.Б-ын биед баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, үений хөндийн цус хуралдалт, дунд чөмөгт ясны дотор булууны гадна хэсэг, шаант ясны гадан булууны гадна хэсгийн ясны хамт эдийн хаван, өвдөгний үений булчингийн ширхэг дагасан хаван, баруун тохойн зулгаралт, зүүн ташаа, баруун өвдөг, шилбэний зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх41/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5598 дугаартай шинжээчийн “...Н.Я-ы биед дух, ташаа, өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ...” гэсэн дүгнэлт /хх43/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5599 дугаартай шинжээчийн “...Н.Х-ийн биед нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ...” гэсэн дүгнэлт /хх45/,

6. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 248 дугаар мөрдөгчийн “...Тоёота Приус 11 маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Б, Н.Х, Н.Я нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэсэн магадалгаа /хх91-92/,

7. А.Б-яллагдагчаар өгсөн “...Миний зүгээс сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 125 дугаар цэцэрлэгийн хойд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 10-15 орчим км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд цэнхэр өнгийн Портер маркийн ... тээврийн хэрэгсэл нь зөрөөд өнгөртөл уг машины араар хойноосоо урагшаагаа чиглэлтэй гэрлэн дохиогүй явган хүний гарцаар нэг эрэгтэй хүн нь зүүн гар талдаа 2 хүүхэд хөтлөөд гараад ирсэн. Тэгтэл би харсан даруйдаа тоормосоо гишгэсэн боловч машиныхаа урд хэсгээр тэр эрэгтэй хүний биеийн баруун хажуу хэсэг рүү мөргөөд л зогссон. Миний зүгээс хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хохирогч нарынхаа хохирлыг бүрэн дүүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх75-77/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч А.Б-.

Шүүгдэгч А.Б-нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр, 125 дугаар цэцэрлэгийн хойд замд өөрийн эзэмшлийн “Тоёота приус 11” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтын зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-, Н.Х-Н.Я-нарыг мөргөсөн болох нь Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Б-мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Энэхүү үйлдлийн улмаас хохирогч Б.Б-эрүүл мэндэд “...баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, үений хөндийн цус хуралдалт, дунд чөмөгт ясны дотор булууны гадна хэсэг, шаант ясны гадан булууны гадна хэсгийн ясны хамт эдийн хаван, өвдөгний үений булчингийн ширхэг дагасан хаван, баруун тохойн зулгаралт, зүүн ташаа, баруун өвдөг, шилбэний зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал...” бүхий хүндэвтэр хохирол учирсан нь шинжээч эмчийн 5602 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн насанд хүрээгүй хохирогч Н.Я, Н.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Шүүгдэгчийн хувьд гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Б-үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй буюу замын хөдөлгөөн оролцохдоо анхаарал болгоомжтой байх үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Б-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан акт болох “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутай гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Б-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Б-,  хохирогч Б.Б-, иргэний нэхэмжлэгч нар нь хоорондоо эвлэрч, гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч А.Б-од 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А. Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан акт болох “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР