Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Г даргалж, шүүгч Б.С, шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Хариуцагч: Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.М-гийн Архангай аймгийн хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг, аймгийн Засаг даргын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагч Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ц.М, иргэдийн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А миний бие 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Миний бие хүүхдийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд зарлагдсан сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн. Дахин нээлттэй сонгон шалгаруулалтанд орж нэгээр гарч тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан эрх зүйн акт байхгүй. 

Миний ажиллаж байгаа ажлын байранд сул орон тоо гараагүй байхад тухайн ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн нь миний хөдөлмөрлөх эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ шүүхэд өгсөн байгаа. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд Архангай аймгийн Засаг даргын үндэслэлгүй мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргад холбогдох сонгон шалгаруулалтын захиалгыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж өнөөдрийн шүүх хуралд оролцож байна.

 Төрийн албаны зөвлөлийн  60 дугаар тогтоолын 2.1-д зааснаар удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ гэж заасан байдаг. Уг заалтаас харахад сул орон тоо гарсан тохиолдол сонгон шалгаруулалт явуулах захиалга өгөх ёстой. Гэтэл Архангай аймгийн Засаг дарга хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байран дээр сул орон тоо гараагүй байхад сонгон шалгаруулалт зарлаж Архангай аймгийн Боловсрол, соёлын газарт сонгон шалгаруулалт явуулах тухай захиалга хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 

Архангай аймгийн Засаг даргын 2015 оны “Б.А-ыг ажилд томилох тухай” Б/13 дугаар захирамж болох захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр захиргааны акт юм. Уг захирамж нь Боловсролын тухай хуулийн 30.1.15 дугаар зүйл, аймаг нийслэлийн сонгон шалгаруулалтын дүн, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг томилох тухай заалт, нээлттэй зарлагдсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд тэнцсэн дүн, Авилгатай тэмцэх газрын албан бичиг зэргийг үндэслэж Б.А-ыг уг албан тушаалд томилсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Мөн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт зүйлд зааснаар аймаг, нийслэлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилох тухай хуулийн заалтыг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчийг томилох Засаг даргын бүрэн эрх хуульчлагдсан байдаг. Гэхдээ заавал тухайлсан сонгон шалгаруулалтанд орсон дүнг үндэслэнэ гэсэн заалт байхгүй. Б.А-аас гаргасан Архангай аймгийн Засаг даргын Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн сонгон шалгаруулалтын захиалгыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ дараах хуулийн заалтыг анхааран үзэхийг хүсэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилт агуулгыг үндэслэх, мөн тухайн ажлын байран дээр сул орон тоо гаргаагүй байгаа.

Сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлснээр Б.А-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, албан тушаалыг булаан авч, эрх ашгийг зөрчих гэж буй үйлдэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг нь хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.А нь аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон байдаг. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын 7.5-д “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна.” гэж заасаар байтал 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр шинээр байгуулагдсан хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулалгүй, хүүхдийн 6 цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад орж 63.2 оноо авч 3 дугаар байрт жагссан иргэн Б.А-ыг томилсон. Тодруулбал, нэхэмжлэгч Б.А-ын ажиллаж буй 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт явагдаагүй байхад шууд томилсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. 

Б.А-ыг Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон аймгийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиудад заасан “...шударга ёс, ардчилсан, тэгш байх...” зарчим төдийгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргыг 2016 онд үүрэгт ажлаа авсны дараа Авилгатай тэмцэх газраас ажлын хэсэг ирж шалгалт хийсэн байдаг. Тухайн ажлын хэсгийн дүгнэлт нь нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль нь Архангай аймгийн хэмжээнд нилээдгүй хэмжээгээр зөрчигдсөн гэсэн дүгнэлт гарсан учраас уг хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Архангай аймгийн Засаг дарга нь сургууль, цэцэрлэгийн удирдах албан тушаалтануудтай холбоотой судалгааг гарсан. Уг судалгаанд үндэслэн зарим нэг албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлсэн. Үүний нэг нь хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д хүргүүлсэн сонгон шалгаруулалт зарлах тухай мэдэгдэл байгаа. Уг сонгон шалгаруулалтыг зарлах болсон үндэслэл нь тухайн албан тушаалд Б.А томилогдохдоо уг ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар томилогдсон байдаг. 

Гэтэл хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг нь 2015 онд шинээр байгуулагдсан учраас сул орон тоо үүссэн гэж үзэж Архангай аймгийн Засаг дарга мэдэгдлийг Б.А-д хүргүүлж, сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн. Тийм учраас 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамж нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар нь Архангай аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийг биелүүлдэг хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд энэхүү нэхэмжлэлтэй хамааралгүй байгууллага болно. Аймгийн Засаг даргын мэдэгдэл хүчингүй болох, түдгэлзсэн тохиолдолд сонгон шалгаруулалтыг зогсоох буюу хүчингүй болгож, мэдэгдэл хүчинтэй, эрх зүйн үндэслэлтэй байвал сонгон шалгаруулалтыг явуулах үүрэг хүлээсэн байгууллага болно. Иймд Боловсрол, соёл, урлагийн газрын даргад уг нэхэмжлэл хамааралгүй тул хариуцагчаар татагдах шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Б.А-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.А-аас Архангай аймгийн Засаг дарга /цаашид аймгийн Засаг дарга гэх/, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт /цаашид аймгийн боловсрол, соёл, урлагийн газар гэх/ холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0226 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 218 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээснийг тус шүүх 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагаа “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.М-гийн Архангай аймгийн хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг, аймгийн Засаг даргын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагааг тус тус хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ .

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед болон шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.М-гийн Архангай аймгийн хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж байгаа талаарх хүсэлтээ гаргажээ  .

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ...”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болно.”, 66.2. “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх ...” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Б.А нь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.М-гийн Архангай аймгийн хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж байгаа талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч Б.А-ыг аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.М-гийн Архангай аймгийн хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг тайлбарласан болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд: Аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “аймгийн Засаг даргын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2270 дугаар албан бичгээр “...Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж дүнг ирүүлнэ үү” гэсэн хүсэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлжээ .

Аймгийн Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2270 дугаар албан бичгээр Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан нь тухайн ажлын байранд томилогдон ажиллаж байгаа нэхэмжлэгч Б.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх бөгөөд тухайн албан бичиг нь захиргааны актын шинжүүдийг /захиргааны байгууллагаас гаргасан, тодорхой нэг асуудлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон, захирамжилсан/ агуулж байх тул тухайн албан бичгийг захиргааны акт байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч Б.А нь тус аймгийн Засаг дарга 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар намайг Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилохдоо аймгийн Боловсрол, соёлын газрын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүн, авлигатай тэмцэх газрын албан бичиг, аймгийн Боловсролын газрын даргын саналыг үндэслэн томилсон. Иймд дээрх захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул тус цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоо нь сул орон тоо биш гэж;

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэг нь шинээр байгуулагдсан цэцэрлэг учраас Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5, “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явагдах ёстой гэж маргажээ.

Аймгийн Засаг даргын 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Б.А-ыг ажилд томилох тухай” Б/13 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7., 30 дугаар зүйлийн 30.1.15., Авлигатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10926 дугаар албан бичиг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.А-ыг Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилжээ .

Нэхэмжлэгч Б.А нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалт”-нд оролцон 63.2 оноо буюу хангалттай, мөн 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалт”-нд оролцон 78.1 оноо авч тухайн шалгалтанд орсон иргэдээс нийт оноогоороо I дүгээр байр эзэлжээ.  

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Б.А-ыг Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгаруулалтад ороогүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Аймгийн боловсролын газрын дарга 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 326 дугаар албан бичгээр “нэхэмжлэгч Б.А-ыг Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилох тухай”, Авлигатай тэмцэх газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/10926 дугаар албан бичгээр “Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Б.А нь тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоодоогүй байна” гэсэн саналуудыг аймгийн Засаг даргад хүргүүлжээ .    

Дээрх саналуудыг үндэслэн аймгийн Засаг дарга нь 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7., 30 дугаар зүйлийн 30.1.15., Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.А-ыг Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан: “Тухайн цэцэрлэг нь шинээр байгуулагдсан цэцэрлэг учраас Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 7.5, “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна” гэж заасны дагуу сонгон шалгаруулалт явагдах ёстой” гэх үндэслэлийн тухайд:

Сул орон тоо гарсан гэдгийг тухайн албан тушаалтыг албан тушаалаас нь бууруулсан, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн албаны насны дээд хязгаарт хүрсэн, өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан/, халагдсан, нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг ойлгох бөгөөд шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн орон тоог сул орон тоо гэж ойлгохооргүй байна.

Хэрэв шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн ажлын байрны орон тоог сул орон тоо гэж үзэхээр бол Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тухайд: 

  Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Хоёр. “Захиалга ирүүлэх”, 2.1.“Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ.” гэж заажээ.

Аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/518 дугаар захирамжаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IV дүгээр багт байрлалтай Бортолгойн IX дүгээр цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгосноор Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэг үүсгэн байгуулагдсан байна . 

Журмын дээрх заалт, аймгийн Засаг даргын захирамж зэргээс үзвэл аймгийн Засаг дарга нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг аймгийн боловсролын газарт хүргүүлж, боловсролын газар сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зохицуулалттай байна. 

Гэхдээ аймгийн Засаг дарга нь шинээр байгуулагдсан Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг сул орон гэж үзэж сонгон шалгаруулалт зарлуулах талаар захиалгыг хүргүүлж, сонгон шалгаруулалт явуулаагүй байх ба урьд удаа дараа сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нэхэмжлэгч иргэнийг тухайн албан тушаалд томилжээ.  

Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлуулах, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нь тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг дарга, аймгийн Боловсролын газартай холбоотой асуудал байх бөгөөд тухайн ажлын байран дээр зарласан сонгон шалгаруулалтанд оролгүйгээр тухайн албан тушаалд томилогдсон гэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.  

Учир нь уг захирамжийг нэхэмжлэгч иргэн бус эрх бүхий албан тушаалтан гаргасан байх бөгөөд иргэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу томилогдсон байтал томилох эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ эсрэг буюу иргэнийг буруутгасан түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг 2 жил 9 сар гаруйн дараа гаргаж байгаа нь үндэслэлгүй шийдвэр болжээ. 

Нэхэмжлэгч шүүхэд хуралдаанд: “Аймгийн Засаг дарга нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2270 дугаар албан бичгээр өөр сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлуулах захиалгыг хамт хүргүүлсэн бөгөөд миний хувьд зөвхөн өөрт холбогдох хэсэг болох Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно.” гэсэн тайлбарыг гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.    

 

Иймд нэхэмжлэгч Б.А-аас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2270 дугаар албан бичгээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйл. 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01/2270 дугаар албан бичгээр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ыг аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Засаг дарга Ц.М-гийн Архангай аймгийн хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-д өгсөн үндэслэлгүй мэдэгдэл болох захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсаныг баталж, иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ГАНБАТ

                                   ШҮҮГЧИД                           Б.СУГАР    Б.БАТЧИМЭГ