Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 110/2020/0054/З |
Дугаар | 221/МА2021/0115 |
Огноо | 2021-03-04 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2021/0115
Монгол Ардын Намын Баян-Өлгий аймаг дахь намын хороо,
Х.Г нарын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, цахимаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, гуравдагч этгээд Х.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Б, К.Ж нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С гаргасан давж заалдах гомдлоор, Монгол Ардын Намын Баян-Өлгий аймаг дахь намын хороо, М.Г нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороо, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч М.Г, Монгол Ардын Намын Баян-Өлгий аймаг дахь намын хорооны дарга Ч.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” 13, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолуудын Х.Д холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолын Х.Д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг тус аймгийн сонгуулийн хороонд даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр:
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3, 31 дүгээр зүйлийн 31.9, 73 дугаар зүйлийн 73.3, 73.4, 77 дугаар зүйлийн 77.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 а, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хорооны “Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” 13 дугаар тогтоолын Х.Д холбогдох хэсгийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Монгол Ардын намын хороо болон М.Г нарын “Баян-Өлгий аймгийн Сонгуулийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 16 дугаар тогтоолын Х.Д холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдааны “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 01 дүгээр тогтоолын Х.Дарменд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн “Ерөнхий инженерээр томилох тухай” 115 дугаар тушаалаар,
2.Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн “Даргын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” 75/2 дугаар тушаалаар Х.Д байгууллагын даргын зөвлөлийн гишүүнээр томилсон байдал...,
3. Хэрэгт авагдсан гуравдагч этгээд Х.Д ажлын байрны тодорхойлолтод А.Нийтлэг үндэслэл: 2.Нэгжийн нэр: Захиргаа аж ахуйн тасаг. Ажлын байр: ИТА болон бүх ажилтан. Албан тушаалын зорилго: Байгууллагын ИТХ нарыг инженерийн удирдлагаар хангах, Албан тушаалын үндсэн чиг үүрэг: а/ Шугам сүлжээ, дэд станц, 6,0 кв, 0,4 кв-ын хуваарилах байгууламж, бусад цахилгаан тоноглолын үзлэг үйлчилгээ, урсгал, дунд, их засварын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу удирдах, аюулгүй байдлыг хангах, б/ Техникийн бичиг баримтын хөтлөлтийг ИТХ нараар тогтмол хийлгэх, с/ Тоног төхөөрөмж, машин механизмын ашиглалт, засварын ажлын чанарт хяналт тавих, д/ ЦЭХ-ний зүй бус алдагдал, шугамын алдагдал бууруулах ажлыг удирдах,
Б. Албан тушаалын үйл ажиллагаа, ажлын байранд хийгдэх ажлууд а) ИТА нарын сар бүрийн ажлын төлөвлөгөөг хянаж батлах, b) Өдөр тутмын зааварчилгааны хяналт тавих, с) Материал зарцуулалтанд хяналт тавих, d) ИТА нараар шаардлагатай сэлбэг материалын судалгаа гаргуулах, е) Нэвтрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, f) Техникийн бичиг баримтын хөтлөлт баяжилтанд хяналт тавьж, техникийн өөрчлөлтийн зураг схемд тухай бүр тусгаж батлаж байх, g) Шугам сүлжээний хамгаалах хэрэгсэл, багажийн туршилтын хугацаанд хяналт тавих, h) Жил бүр техникийн хичээлийг удирдан зохион байгуулж, ажилчдаас мэргэшлийн шалгалт авах ажлыг удирдах, i) Байгууллагын бүх ажиллагсдын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, j) ЦШС-ний тоног төхөрөөмжинд гарсан аваарь саатал осол гэмтэлд тухай бүрт акт тогтоох комиссыг удирдан давтан гаргахгүй байх арга хэмжээ авах, к) Хөдөлмөр, хамгаалах аюулгүй ажиллагааны 3 шатны үзлэгэнд хяналт тавьж удирдах, I) Мэргэжлийн шалгалт авах техникийн комиссыг удирдах,
Шийдвэр гаргах эрх мэдэл. Үүнд: Гэнэтийн болон гадны нөлөөгөөр шугам сүлжээ, дэд станцад гэмтэл гарч хүний амь нас, тоног төхөөрөмжид аюул учирхуйц нөхцөлд хэрэглэгчдийн ЦЭХ-ийг хязгаарлах, удирдлагадаа байгаа ажилтнуудынхаа ажлын хариуцлага, үйл ажиллагааны талаар байгууллагын даргын өмнө бүрэн хариуцаж, саналаа бичгээр илэрхийлж байх, цахилгаан эрчим хүчний хэрэглэгчдийн техникийн нөхцөлд хяналт тавих зорилгоор тэдгээрийн орон байранд нэвтрэн орох, онцгой нөхцөлд ИТХ нар болон ажиллагсдыг тодорхой хугацаагаар дайчлах эрх олгосон байдал.
4. 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ажил олгогчоос Х.Д байгуулсан хөдөлмөрийн гэрээнд түүний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр тусгасан байгааг давхардуулан бичих шаардлагагүй гэж үзлээ.
5. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газраас ирүүлсэн хэрэгт авагдсан байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт. 2.1-т “Байгууллагыг дарга удирдана”, 2.1.1-т “Байгууллагын тамга нь дарга дээр байна”, 2.1.2-д “Даргын эзгүйд тамгыг журмын дагуу гарын үсэг зуралцан Ерөнхий инженерт шилжүүлнэ”, 2.2-д “Байгууллагын даргын дэргэд Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Хүний нөөцийн ажилтан нараас бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй, даргын зөвлөлийг даргын тушаалаар баталж ажиллуулна”, Дөрөв: Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналтын тогтолцоо 4.2-т “Хэсгийн төлөвлөгөө, тайлан, хяналт”, 4 2.1-т “Хэсэг нь үйл ажиллагаагаа сар, улирал, жилээр төлөвлөж явуулна”, 4.2.1.1-т “Сар, улирлын төлөвлөгөөг Ерөнхий инженерээр батлуулна”, 4.2.3-т “ИТХ нар хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг төлөвлөж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр хянуулж, Ерөнхий инженерээр батлуулна”, 4.2.4-т “Инженер техникийн ажилтан нарын төлөвлөгөөт ажлын гүйцэтгэх, үр дүнг Ерөнхий инженер улирлаар дүгнэж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллана”, Тав: Дотоодын ажлын зохион байгуулалт. 5.1-т “...Долоо хоногийн 5 дахь өдөр бүр Инженер техникийн ажилтан нарт зөвлөгөөн хийж, зөвлөгөөнөөр өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, явцын талаар ИТХ нарын мэдээллийг сонсож, ирэх долоо хоногт гүйцэтгэх ажлын талаар холбогдох үйл ажиллагаа болон арга хэмжээг товлно”, 5.1.2-т “Зайлшгүй шаардлагатай үед ИТА нарын шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер удирдан зохион байгуулж ажиллана” гэж зааснаар,
6 Увс аймаг дахь Баруун бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 618 дугаар албан бичигт “...Баян-Өлгий аймгийн ЦШС-ний газар нь манай охин компани болох “УВС ЦТС” ХХК-тай үйл ажиллагааны чиглэлийн хувьд төстэй байгууллага юм. “УВС ЦТС” ХХК-ийн Ерөнхий инженер нь тухайн байгууллагын удирдах албан тушаалтан бөгөөд тус байгууллагад дэд захирлын орон тоо байхгүй болно” гэжээ. Увс аймгийн “Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн Ерөнхий инженерийн албан тушаалын тодорхойлолтод Албан тушаалын үндсэн зорилтод ерөнхий инженер нь бусад ажилчдын ажлыг удирдан зохион байгуулах, тэдгээрийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, хяналт тавих эрхтэй болохыг тусгасан байна. “ББЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/84 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад “Увс Цахилгаан Түгээх Сүлжээ” ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо. Удирдлага гэсэн хэсэгт “Гүйцэтгэх захирал”, “Ерөнхий инженер” гэж тусгасан байдал, “ББЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн А/84 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтад А.Албан тушаалаар Увс “ЦТС” ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо: Төлөөлөн удирдах зөвлөл, “ББЭХС” ТӨХК, “Увс ЦТС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер гэсэн бүтцийг баталсан байна.
Энэхүү тушаалд тус газар нь Техникийн алба, Санхүүгийн алба, Борлуулалтын алба, Захиргаа, хүний нөөцийн алба гэсэн 5 албатай байхаар зохицуулсан. Үүнээс үзэхэд Ерөнхий инженерийн удирдлагын дор Техникийн алба, Санхүүгийн алба, Борлуулалтын алба, Захиргаа, хүний нөөцийн алба ажиллаж байгаа нь харагдаж байна. Уг тушаалд байгууллагын удирдлагыг Төлөөлөн удирдах зөвлөл, дарга, Ерөнхий инженер гэж тодотгон тусгасан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.
7.Х.Д Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2018 оны 3 дугаар тушаалаар “Аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг мөрдөн ажиллах тухай тушаалын хэрэгжилтэнд биелэлт тавих албан тушаалтнаар, 2018 оны 4 дүгээр тушаалаар Байгууллагын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус зөвлөлийн даргаар, 2018 оны 5 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн даргаар, 2018 оны 29 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн маргаан таслах комиссын даргаар, 2018 оны 36 дугаар тушаалаар гамшгаас хамгаалах алба, тусгай зориулалтын Мэргэжлийн ангийг шинэчлэн батлах тухай дурьдаж Цахилгаан шугам сүлжээний засварын бүлгийн даргаар, 2018 оны 90 дүгээр тушаалаар Байгууллагад шинээр худалдан авах автокран болон үйлчилгээний автомашиныг хүлээн авах комиссын даргаар, 2018 оны 102 дугаар тушаалаар Байгууллагын жилийн эцсийн тооллогын комиссын даргаар, 2019 оны 13 дугаар тушаалаар тус Байгууллагын хөдөлмөрийн мараан таслах комиссын даргаар, 2019 оны 14 дүгээр тушаалаар “Аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг мөрдөн ажиллах тухай дурьдаж бүрэлдэхүүнд баталсан, 2019 оны 15 дугаар тушаалаар Байгууллагын дэргэдэх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус зөвлөлийн даргаар, 2019 оны 16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлийн даргаар, 2019 оны 32 дугаар тушаалаар Байгууллагын архивын улсын үзлэгт бэлтгэх, нэгдсэн үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах ажлын хэсгийн ахлагчаар, 2019 оны 33 дугаар тушаалаар Байгууллагын баримт бичиг нягтлан шалгах комиссийн даргаар, 2019 оны 77 дугаар тушаалаар байгууллагын тооллогын комисс байгуулж, ахлагчаар, 2020 оны 16 дугаар тушаалаар байгууллагын 24 цагийн ажиллагаатай шуурхай штаб байгуулж ахлагчаар, 2020 оны 17 дугаар тушаалаар Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан мэргэжлийн ангийн бэлэн байдлыг бүрэн хангаж, техник сэлбэг материалын нөөцийг бүрдүүлэн байнга бэлэн болгох, аймгийн шуурхай штабтай байнгын холбоотой байлгахыг даалгасан нь тус тус нотлох баримтаар тогтоогдсон.
Дээр дурдсан тушаалууд буюу 2018, 2019, 2020 оны 16 тушаалаар Х.Д тус байгууллагад удирдах албан тушаал хашиж байгаа, байгууллагын ажилтан нарт үүрэг өгөх, үүргийн биелэлтийг хангуулах эрх мэдэлтэй албан тушаалтан болох нь нотлогдож байна.
8. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын 2018 оны 6-09, 23, 53, 64, 65-67, 82, 83, 87, 90, 95, 86, 97, 98, 101, 111-114, 117, 118, 120, 123, 129, 132, 133, 134-142, 155, 161, 162 дугаар албан бичгүүд, 2019 оны 22, 83-87, 99, 100, 103, 104, 111, 147, 148, 151, 152, 154, 180, 182 дугаар албан бичгүүд, 2020 оны 01, 02, 31, 39, 79, 80,81, 102, 103, 107 дугаар албан бичгүүдээр Х.Д нь байгууллагын даргын эзгүйд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэн тус байгууллагыг төлөөлөн бусад байгууллагад албан бичиг илгээх эрх бүхий удирдах албан тушаалтан болох нь нотлогдсон.
9.Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын 2018 оны 09, 05-ны өдрийн 110, 111, 112 дугаар албан бичигт Х.Д нь гарын үсэг зурж бусад байгууллагад явуулсан. “Цахилгаан эрчим хүч авах буюу техникийн нөхцөл олгох тухай” баримт бичгийг баталж байсан нь нотлогдсон. Үүнийг тодруулан тайлбарлавал Баян-Өлгий аймгийн хэмжээнд шинээр баригдаж буй барилгыг цахилгаан эрчим авах зөвшөөрлийг гагцхүү тус байгууллагын ерөнхий инженерт олгосон бүрэн эрх гэж үзэж байна. Энэ бол тусгай үйл ажиллагаанд олгож буй “зөвшөөрөл, лиценз” гэж ойлгож байна. Энэ эрхийг Баян-Өлгий аймагт зөвхөн Х.Д эдэлж байгаа юм.
Ер нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3 дахь хэсэг нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх, тэдэнд гарааны ижил нөхцөл олгох гэсэн зорилготой зохицуулалт гэж ойлгож байна. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна”, 28.4.1-т “төрийн жинхэнэ албан хаагч”, 28.2.4-т “төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан”, 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж тус тус хуульчилсан.
Ингэхээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагыг тусгажээ. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд нэр дэвшигч ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгсөн байх ба нэр дэвшигч этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд гуравдагч этгээд Х.Д нь хуулийн энэхүү шаардлагыг биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу ерөнхий инженерийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаагүй байгаа ба өнөөдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженерийн албан тушаалыг хашиж байна.
Хариуцагч болон гуравдагч этгээдээс аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын Ерөнхий инженер нь удирдах албан тушаалтан биш, тухайн үед ажлаас чөлөөлөгдөх шаардлагагүй, хуульд энэ талаар нарийвчлан тусгаагүй гэж маргаж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцээгүй, нэр дэвшигчийг ажлаас чөлөөлөх тухай ажил олгогч эрхийн акт гаргаагүй байгаагаар нотлогдож байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, 31.2.3-т “энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар хавсарган ирүүлэх”-ээр зохицуулсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хороо нь аймгийн Ардчилсан намаас ИТХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшсэн Цахилгаан шугам сүлжээний газрын Ерөнхий инженер Х.Д нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт, ажлаа чөлөөлсөн тушаалаа ирүүлээгүй байхад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана”, 32.1.2-т “энэ хуульд заасан нэр дэвшигчдэд тавих шаардлагыг хангаагүй”, 32.1.4-т “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу”, 31.5-т “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрд дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно” гэж тус тус заасныг зөрчиж түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь хууль бус.
Энэ нь орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх, тэдэнд гарааны ижил нөхцөл олгох гэсэн зорилготой Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасныг зөрчсөн.
Гэтэл түүний өрсөлдөгч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Г аймгийн МХГ-ын даргын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ингэхээр гуравдагч этгээд Х.Д нь аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын Ерөнхий инженерийн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байхад орон нутгийн сонгуульд оролцож албан тушаалын байдлаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах, давуу байдал үүсгэсэн.
Аймгийн сонгуулийн хороо нь өрсөлдөгч нарт ямар нэгэн давуу байдал эдлээгүй, хуулийн шаардлага албан үүргээ гүйцэтгээгүй байхыг шаардсан, энэ шаардлагыг Х.Д нь хангаагүй байхад хуулийн зорилго, ач холбогдолд нийцээгүй тайлбар хийсэн нь үндэслэлгүй бөгөөд нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хэрэгжээгүй нөхцөл байдлыг орхигдуулах, хууль тогтоогчийн зүгээс шаардсан баримтыг бүрдүүлээгүй нь үйл баримтыг үгүйсгэж хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Аймгийн ИТХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн М.Г нь “Өлгий сумын 5 дугаар багийн иргэн” гэсэн эрх зүйн статустай оролцсон ба харин уг тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Д нь “Баян- Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын Ерөнхий инженер, байгууллагын даргын зөвлөлийн гишүүн, байгууллагын дэргэдэх орон тооны бус олон зөвлөлийн дарга, аймгийн хэмжээнд бусад байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх цахилгаан эрчим хүч авах техникийн нөхцөлд зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан”-аар оролцсон нь орон нутгийн сонгууль хуульд зааснаар хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчимд харшилсан.
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нар шударгаар өрсөлдөх, ижил тэгш гараанаас өрсөлдөх зарчмыг алдагдуулсан нь дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон нь тодорхой харагдаж байна. Иймээс аймгийн Сонгуулийн хороо Х.Д нэр дэвшигчээр бүртгэн аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөх зөвшөөрөл олгож, улмаар Х.Д нь тус тойрогт ялалт байгуулсан явдалд Х.Д одоогийн хашиж буй албан тушаал нөлөөлсөн гэж үзэж байна. Х.Д нь аймгийн Цахилгаан шугам сүлжээний газарт маш чухал эрх мэдэлтэй, удирдах албан тушаал хашиж байсан.
Энэхүү нөхцөл байдлыг энгийн үгээр тайлбарлавал ямаанд тэмээтэй адил ачаа ачиж болохгүй гэдэг нөхцөл байдал үүссэн. Ийм шударга бус асуудлыг давж заалдах шатны шүүх таслан зогсоож аймгийн МАН-ын хороо, М.Г нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх талаар шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байгааг үүгээр илэрхийлж байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Монгол Ардын Намын Баян-Өлгий аймаг дахь намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С тус аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай” 13 дугаар тогтоолын Х.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт гаргасан давж заалдах гомдлыг гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу дараах үндэслэлээр хэлэлцэлгүй буцааж, харин нэхэмжлэгч М.Г төлөөлж гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
1.Монгол Ардын Намын Баян-Өлгий аймаг дахь намын хорооны дарга Д.Б 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 142 дугаар итгэмжлэлээр тус аймгийн Сонгуулийн хорооны тогтоолын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Д бүртгэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг намын хорооны дэд дарга Ч.А, харин Я.С уг нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэгт төлөөлөн оролцох эрхийг тус тус олгожээ.
Дээрх итгэмжлэлээр Ч.А Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.7-д заасан “төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх” эрхийг тусгайлан олгоогүй байхад тэрбээр Я.С уг хуулийн 28.2.6 буюу шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр олгосон, энэхүү итгэмжлэлийн хүрээнд Я.С намын хороог төлөөлөн давж заалдах журмаар гомдол гаргасан байх тул уг хуулийн 115 дугаар зүйлийн 115.5-д “Гомдол гаргах эрхгүй этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх буцаана” гэж заасны дагуу өмгөөлөгч К.Ж хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2.Шүүх аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаар тогтоолын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мөн оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Анхдугаар хуралдааны 1 дүгээр тогтоолын Х.Д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь давж заалдах гомдолд Х.Д төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн байгууллагад удирдах албан тушаал хашиж байгаа болохыг нотлох зорилгоор дурдсан нотлох баримтын хүрээнд Х.Д хашиж байсан Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженерийн албан тушаалыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасан “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэдэгт хамааруулан үзэж, улмаар 28.4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн байх ёстой гэж дүгнэхгүй.
Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанаас өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх харилцааг 28 дугаар зүйлийн 28.4-т тодорхойлохдоо:
28.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;
28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;
28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн;
28.4.4.Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн гэжээ.
Дээрх хуульд төрийн үйлчилгээний албаны тухайд “удирдах албан тушаалтан” гэж, харин өмчийн хэлбэрээс хамаарсан хуулийн этгээдийн тухайд албан тушаалыг нэр заах байдлаар ялгамжтай хуульчилсан байна.
Ерөнхий инженерийг давж заалдах гомдол дурдсанчлан Цахилгаан шугам сүлжээний газрын удирдах албан тушаалтан гэж тодорхойлох боломжтой, гагцхүү хуульд заасан “дэд дарга” эсхүл “дэд захирал” гэж тайлбарлаж үл болно.
Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 115 дугаар тушаалаар Х.Д тус газрын ерөнхий инженерээр, мөн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 75/2 дугаар тушаалаар даргын зөвлөлийн гишүүнээр тус тус томилсон, ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд даргын эзгүйд тамгыг Ерөнхий инженерт шилжүүлэхээр тусгаснаар, мөн хийж гүйцэтгэсэн ажил зэргээр нь түүнийг байгууллагын дэд даргын үүргийг хэрэгжүүлдэг гэж дүгнэх нь хангалтгүй.
Түүнчлэн дотоод журмын 2.2-т байгууллагын даргын дэргэд Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Хүний нөөцийн ажилтан нараас бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй даргын зөвлөлийг даргын тушаалаар баталж ажиллуулна” гэснийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй адилтган ойлгохгүй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь өмчийн хэлбэрийн хувьд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байх бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор тус газрын удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүнд нь газрын дарга, гишүүдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч гишүүн 1, Хурлын төлөөлөгч 2, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргыг тус тус оруулсан, гэвч энэхүү бүрэлдэхүүнд Ерөнхий инженер ороогүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН