Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

Улсын яллагч Б.Уранцэцэг,

Шүүгдэгч Г.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Баттулгад холбогдох эрүүгийн 1906 05421 0340 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “МЖӨ” ХХК-нд хувиараа нүүрсний машин барьдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булагчины 5 дугаар гудамжны 81 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЕТ88033011, Бөөчүүд овогтой Галдбадрахын Баттулга.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Баттулга нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Т.Мөнхдэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Баттулга мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэмж ярих зүйлгүй...Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6/, насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-7-21/, гэрч Ц.Дамдинсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-26-28/, гэрч Н.Зулмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-29-31/, гэрч Г.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх-32-34/, гэрч Г.Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлэг /хх-35-37/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11091 дугаартай дүгнэлт /хх-39/, Г.Баттулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-92-93/, шүүгдэгч Г.Баттулгын урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Г.Баттулга нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Т.Мөнхдэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхдэлгэрийн өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын автобусны буудлын дэргэд байх “Сутай” дэлгүүрийн шатан дээр найз Тэмүүлэнгийн хамт найз Цэрэнпүрэвийг хүлээгээд юм яриад сууж байсан. Бид хоёроос 6-7 метрийн зайд машин зам дээр танихгүй гурван согтуу эрэгтэй хүн бас танихгүй 2 эрэгтэй хүнтэй хоорондоо хэрэлдэж зодолдох гээд байсан. Бид хоёр босоод эцсийн буудлаас хойд чиг рүү явган хүний замаар алхаж явахад маргалдаж байсан 2 хүний 1 нь болох сүүлд нэрийг нь мэдэхэд Хангал гэж залуу хажуугаар зөрөөд гүйсэн. Удалгүй араас нь тэр танихгүй 3 залуу бид хоёрын араас гүйж ирээд бид нарыг цуг явж байна гэж ойлгосон бололтой “Хангалын та хоёр олж ир, тэрийг чинь ална” гээд сүүлд нэрийг ньь мэдэхэд Г.Батулга гэдэг нь цээж рүү түлхэж унагаагаад “хэвт пиздаа минь” гээд миний нүүр рүү нэг удаа өшиглөөд гараа зангидаж байгаад толгойн ард, урд талд нилээн олон цохисон. Би нүүрээ дараад газар хэвтэж байхад Хангал гэж хүнтэй явсан Төөгөө гэдэг залуу “та нар болно, наадах чинь огт хамаагүй жаахан хүүхэд шүү дээ” гэж хэлээд намайг босгож ирсэн. Төөгөө буюу Төгөлдөр гэдэг нь дэлгүүрээс ус авчирч миний цусыг угааж байхад Г.Батулга гэдэг нь над дээр ирээд “би чамайг андуурсан байна, уучлаарай” гэхээр нь би “миний хамар нүүр өвдөөд байна ахаа” гэж хэлэхэд “чи муу надаас мөнгө авах гээд байгаа юм уу, нэмж зодоод мөнгийг чинь өгөх үү” гээд давшлаад байсан. Г.Баттулга миний толгойны зургийг 120.000 төгрөгөөр авахуулж өгсөн. Хамрын эмчилгээнд 100.000 төгрөг, эмийн эмчилгээнд 120.000 төгрөг өгсөн. Мөн эмчилгээндээ хэрэг болвол зарцуулаарай гээд 100.000 төгрөг нийт 440.000 төгрөгийг надад өгсөн. Надад гомдол санал байхгүй.” /хх-7-21/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дамдинсүрэнгийн өгсөн: “...Дэлгүүрт ороод 2 пиво аваад байж байтал Г.Баттулга дэлгүүрээс түрүүлээд гараад явчихсан. Н.Зулмөнх бид 2 пиво аваад Г.Баттулгын араас дэлгүүрээс гартал Г.Баттулга үл таних нэг залуутай барьцалдаад зогсож байсан. Тэгсэн Г.Баттулгатай барьцалдаад зогсож байсан залуу нь Г.Баттулгаас зугтаагаад гүйгэд явсан. Тэгсэн Г.Баттулга бас нэг үл таних залуу дээр гүйж очоод өнөөх залууг түлхэж унагаагаад газар хэвтэж байхад нь нүүрэн тус газар руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгсэн бас нэг үл таних залуу гүйж ирээд Г.Баттулгыг өнөөх газар хэвтэж байсан залуугаас салгасан. Яваад очтол Г.Баттулга “би хүнтэй андуураад энэ баньдийг зодчихлоо, нүүр рүү нь өшиглөчихлөө” гэж байсан. Тэр үед Г.Баттулгад өшиглүүлсэн гэх залуугийн хамраас цус гарч байсан.” /хх-26-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Зулмөнхийн өгсөн: “...Г.Баттулгын араас дэлгүүрээс гартал Г.Баттулга үл таних нэг залуутай барьцалдаад зогсож байсан. Тэгсэн өнөөх Г.Баттулгатай барьцалдаад зогсож байсан залуу Г.Баттулгаас зугтаагаад гүйгээд явсан. Тэгсэн Г.Баттулга бас нэг үл таних залуу дээр гүйж очоод өнөөх залууг түлхэж унагаагаад газар хэвтэж байхад нь нүүрэн тус газар руу нь хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгэхээр нь манай найз Ц.Дамдинсүрэн бид хоёр яваад очтол “би хүнтэй андуураад энэ баньдийг зодчихлоо” гэж байсан. Тэр үед Г.Баттулгад өшиглүүлсэн залуугийн хамраас цус гарч байсан.” /29-31/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Төгөлдөрийн өгсөн: “...”Баялаг” дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг Сэнгүр пиво аваад гарч явтал Г.Баттулга ахтай таарсан. Тухайн үед Г.Баттулга ах 2 найзынхаа хамтаар явж байсан. Тэгсэн Г.Баттулга ах Хангал руу уурлаж “яагаад дүүгээр пиво авахуулаад байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн Хангал урдаас нь уурлаад тэр хоёр маргалдсан. Тэгсэн Хангал ах Г.Баттулга ахаас зугтаагаад гүйсэн чинь Г.Баттулга ах Хангалын араас хөөгөөд ганцаараа гүйгээд явчихсан. Тэгсэн Г.Баттулга ахыг гүйж явахад Т.Мөнхдэлгэр замд нь таарсан. Г.Баттулга ах Т.Мөнхдэлгэрийг Хангалтай хамт явж байна гэж андуураад Т.Мөнхдэлгэр рүү дайрсан. Т.Мөнхдэлгэр Г.Баттулга ахаас айсандаа болоод зугтааж гүйх гэж байгаад хашааны хажууд бүдрээд уначихсан. Г.Баттулга ах Т.Мөнхдэлгэр дээр явж очоод газар хэвтэж байхад нь өшиглөж байсан. Би гүйж очоод Г.Баттулга ахыг Т.Мөнхдэлгэрээс салгасан. Т.Мөнхдэлгэрийн хамраас нь цус гараад би дэлгүүр орж ус сальфитка авчраад цусыг нь цэвэрлэж өгсөн.” /хх-32-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Тэмүүлэнгийн өгсөн: “...Найз Цэрэнпүрэвийн гэрийн гадаа ирээд найзыгаа хашааных нь үүдэг хүлээгээд зогсож байтал замын хажууд хоёр үл таних эрэгтэй хүн муудалцаад байсан. Тэгэхээр нь Т.Мөнхдэлгэр бид хоёр явъя гэж бодоод алхаад явж байтал үл таних нэг эрэгтэй хүн хүрч ирээд Т.Мөнхдэлгэрийг шууд мөрнөөс нь бариад авсан. Тэгэхээр нь би айсандаа зугтаачихсан. Би тэндээс Т.Мөнхдэлгэрийг орхиод зугтааж гүйгээд буцаад хүрээд иртэл Т.Мөнхдэлгэр хамраа барьчихсан хамраас нь цус гарсан “би нүүр рүүгээ дэвсүүлчихлээ” гээд зогсож байсан. Тэгээд Т.Мөнхдэлгэр бид хоёр Хонхорын эмнэлэг ороод эмчид үзуүлж Т.Мөнхдэлгэрийн хамрыг цэвэрлүүлсэн.” /35-37/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11091 дугаартай дүгнэлтэд:

        1. Т.Мөнхдэлгэрийн биед хамар ясны зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        З. Шинэ гэмтэл байна.

        4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” /хх-39/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Баттулгын яллагдагчаар өгсөн: “....Би энэ зүйл ангийг зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би цаашид дхин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх болно.” /хх-92-93/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Баттулгын урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-48/,

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Баттулгын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Т.Мөнхдэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг бүхий л шинжийг агуулан тодорхойлж байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Т.Мөнхдэлгэр нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Г.Баттулгад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Баттулга нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бөөчүүд овогтой Галдбадрахын Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Баттулгыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Баттулга нь шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Баттулга нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Баттулга нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Баттулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Баттулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                  Э.ЧИНГИС