| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 387 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 18.7.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч А.Ариунаа,
Шүүгдэгч Э.Б ,
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд “Г” нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Э.Б , М.Д нарт холбогдох эрүүгийн 1908 00414 0405 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Э.Б .
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, аялал жуучлалын хөтөч мэргэжилтэй, тогооч ажилтай, ам бүл 4, Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , М.Д .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Б , М.Д нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 2-1526 тоотод 500 ширхэг “онцгой албан татварын тэмдэгт”-ийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг 18 шил архинд ашиглаж 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Х.Тэгшжаргалд худалдаж 144.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэмж ярих зүйлгүй...Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэмж ярих зүйлгүй...Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Тэгшжаргалын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-11/, хохирогч Х.Тэгшжаргалын өгсөн мэдүүлэг /хх-17, 185/, гэрч Т.Хатанбаатарын өгсөн мэдүүлэг /хх-30/, “Хаан” банкны 5064396398 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-155-159/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт /хх-161-169/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-186/, Э.Б ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-182/, М.Дэлгэрцэцэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-66, 81/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Б , М.Д нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 2-1526 тоотод 500 ширхэг “онцгой албан татварын тэмдэгт”-ийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг 18 шил архинд ашиглаж 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Х.Тэгшжаргалд худалдаж 144.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Тэгшжаргалын өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Баянхошууны орчимд такси бариад явж байгаад таксины жолоочтой сар шинээр ямар архи авах талаар ярилцаад явж байтал таксины жолооч “гайгүй хямдхан архи байгаа шүү” гэж хэлээд надад 95655911 дугаарын утасны дугаар бичиж өгсөн. Хар чингис, Эдин, Экс, Болор, Соёрхол, Найман шарга, Нутаг, Алтан чингис зэрэг архинууд байгаа гэсэн. 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Баянхошууны хөтөл дээр архиа аваад ир ах нь сар шинийхээ архиа чамаас хямдхан авъя, найдвартай биз дээ гэхэд асуудал гэсэн. Ингээд маргааш нь 18 шил архийг 144.000 төгрөгийг 5064396398 дугаартай Дээгий гэх данс руу шилжүүлж тухайн архийг худалдан авсан бөгөөд тухайн архиа үзэхэд бөглөө нь жаахан сул юм шиг санагдахаар нь ямар учиртай юм бол гээд дэлгүүрийн архитай харьцуулаад үзэхэд онцгой албан татварын тэмдэгт болон доторх хэсэг нь тунцастай ч юм шиг өөр байхаар нь цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар өргөдөл гаргасан. 18 шил архийг 144.000 төгрөгөөр худалдан авахаар 50643Э6398 дугаартай Дээгий гэх данс руу 144.000 төгрөг шилжүүлсэн тухайн мөнгөө нэхэмжилж байна. Миний хохирол мөнгийг барагдуулсан байгаа. Надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд суухгүй.” /хх-17, 185/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Хатанбаатарын өгсөн: “...Э.Б надад хайрцагтай архи гаргаж өгсөн бөгөөд “энэ архийг Баянхошууны хөтөл дээр хүргээд өгчих” гээд надад 9974-0395 дугарын утасыг өгөөд энэ утас руу холбогдож хүргэж өгөөрэй” гэж хэлсэн. Ингээд би тухайн архийг Баянхошууны хөтөл орчимд хүргэж өгсөн ийм л зүйл болсон.” /хх-30/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11091 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 292 ширхэг “Онцгой албан татварын тэмдэгт” гэх зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 1 ширхэг сери дугааргүй, уранхай, онцгой албан татварын тэмдэгт гэх зүйл нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн АПУ164202450, ЖЕМ093015930, СББ12563697, АПУ167850653, АПУ114601983, АПУ120554289, СББ170954455, АПУ120113957 сери дугаартай 8 ширхэг “Онцгой албан татварын тэмдэгт” гэх зүйлс нь жинхэнэ.
3. Шинжилгээнд ирүүлсэн бусад 284 ширхэг Онцгой
албан татварын тэмдэгт гэх зүйлс нь хуурамч. Шинжилгээнд ирүүлсэн хуурамч
бусад 284 ширхэг “Онцгой албан татварын тэмдэгт” гэх зүйлсийг хуулбарлан
олшруулах аргаар оффсет /хавтгай, хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдсэн, жинхэнэ
онцгой албан татварын тэмдэгтээс хэвлэлийн нууцлал зэргээрээ ялгаатай.” /хх-164-166/ гэх дүгнэлт,
Хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-167-169/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Дэлгэрцэцэгийн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сараас архи хийж зарж үзэхээр болсон. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр БНХАУ-ын Эрээн хотод архины акцийг хуурамчаар 500 ширхэгийг хийлгэсэн. Тэгээд архиа хийгээд хэд хонож байхад манай нөхөр Э.Бопдбаяр хөдөөнөөс ирээд бид 2 цуг хийсэн. 200 орчимыг хийсэн байх. Хийсэн архинаасаа 14 шил архи л анх зарсан өдрөө баригдсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” /хх-175/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Б ын яллагдагчаар өгсөн: “...Манай эхнэр надтай утсаар холбогдоод архи хуурамчаар хийх гэсэн юм гэж ярьсан. Тэгэхээр нь “би өөрөө мэд” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Улаанбаатар хотод ирэхэд манай эхнэр архи хийх гээд бөглөө, архины шил, архины акц зэргийг бэпдээд тавьсан байсан. Тэгээд би архи хийхэд нь туслалцаж савлаж таглах ажлыг нь хийж нийт 150 орчим архи хийж тавьсан.” /хх-182/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-11/,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторын сорилын тайлан /хх-44-48/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-186/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-191/,
“Хаан” банкны 50643963^8 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-155-159/,
Шүүгдэгч Э.Б , М.Д нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-66, 81/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Э.Б , М.Д нарын бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эхийн 2-1526 тоотод 500 ширхэг “онцгой албан татварын тэмдэгт”-ийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, хуурамч онцгой албан татварын тэмдэгтийг 18 шил архинд ашиглаж 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Х.Тэгшжаргалд худалдаж 144.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгслийг хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэргийг бүхий л шинжийг агуулан тодорхойлж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Х.Тэгшжаргал нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Э.Б , М.Д нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-ыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3-д заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 292 ширхэг “Онцгой албан татварын тэмдэгт”-ийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Б , М.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б , М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгслийг хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Э.Б , М.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Э.Б , М.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
4. Э.Б , М.Д нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Э.Б , М.Д нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б , М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 292 ширхэг “Онцгой албан татварын тэмдэгт”-ийг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Э.Б , М.Д нар нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б , М.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС