| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0067/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 69
2020 01 14 2020/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.О яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03330 2721 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М.О
Холбогдсон хэргийн талаар:
М.О нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны зогсоолын хажуу талын зам дээр хохирогч Б.Даваасүрэнгийн эзэмшлийн 42-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги болох зүүн хойд крыло, зүүн хойд их гэрэл зэргийг өшиглөн хууль бусаар устгаж, гэмтээн 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Даваасүрэнгийн өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр орой 20 цаг 40 минут орчим өөрийн эзэмшлийн 42-82 УНС улсын дугаартай цэнхэр өнгийн “Тоёота Приус-30” маркийн машинтайгаа Баянзүрх дүүргийн 7-р хороо 30 дугаар байрны аркнаас баруун тийш Баянцээлийн туслах зам руу орох гэж байтал урдуур бүдэг ногоон өнгийн 90-33 УНТ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн машин урдаас ирээд 30-р байрны зогсоол руу орох гээд тулаад зогссон. Тэгээд тухайн хүн надад хандан “чи боржуур давж гар” гэсэн. Тэгэхээр нь би “би боржуур давахгүй чи өөрөө жаахан ухарчих, тэгэхээр би гарчих юм байна” гэсэн. Тэгээд аль аль нь хөдлөхгүй гээд бага зэрэг маргалдсан тэгсэн тэр залуу машинаасаа бууж ирээд чи нэг бол ухар, чадахгүй бол боржуур дав пизда минь гэж хэлээд миний машины урд гупер рүү өшиглөсөн. Тэгээд миний ард машин орж ирээд ардаас сигналдаад гэрлээрээ дохисон. Тэгсэн тэр залуу машинаа бага зэрэг ухраасан. Тэгэхээр нь би гарсан зайгаар нь урагшаагаа гарч байтал уг залуу ахин машинаасаа бууж ирээд жолоочийн эсрэг талын хойд хаалга руу 2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад тухайн залууд хандан “чи яаж байгаа юм бэ” гэхэд тэр залуу “чи болоогүй шүү пизда минь” гэж хэлээд намайг заамдаж аваад хойш нь түлхээд тэгээд миний машины банкны ар хэсэг рүү 1 удаа холоос гүйж ирээд үсрээд өшиглөсөн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн тэр хүн машинаа хөдөлгөөд 30-р байрны замаар цаашаагаа шууд Эрүүл мэндийн 10-р төв рүү чиглээд яваад өгсөн. Харин би машинаа хөдөлгөлгүй цагдаад дуудлага өгсөн...
...”Дамно” ХХК-с гаргасан Б32-19-362 дүгнэлттэй танилцлаа. Гэхдээ би машинаа 500.000 төгрөгөөр засуулж байсан. Гэхдээ одоо нэгэнт үнэлгээ ингэж гарсан бол энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Арын хэсэг хонхойж гэрлийн арын таг нь хагарч тогтох боломжгүй болж шинээр гэрэл авсан гэдгийг хэлмээр байна. Хохирлоо барагдуулчихвал гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 30 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Өсөхбаярын өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн” Сүлд-68 “чиглэлд цагдаагийн ахлах ахлагч Мөнхжаргалын хамтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20 цаг 40 минутын үед гэж санаж байна, 99193357 дугаарын утастай иргэн Даваасүрэнгээс Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжны 30-р байрны ойролцоо миний машиныг хүн өшиглөөд эвдчихлээ гэх дуудлагаар очиж шалгахад дуудлага мэдээлэл өгсөн иргэн байхгүй байсан. Тэгээд 99193357 дугаараар нь холбогдоход би хөдлөөд явсан. Надад яаралтай явах чухал ажил гараад явчихсан гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад нэг залуу зам тавьж өгөхгүй байсан. Тэгээд миний машины шатахууны банкны орчим өшиглөж хонхойлгосноос болоод машины зүүн арын бөгсний гэрлийн таг хагарч эвдэрсэн гэж хэлж байсан. Тэгээд би “...танд ямар нэгэн гомдол санал байгаа бол Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очоод жижүүрийн мөрдөгч, ахлах дэслэгч Батмөнхтэй уулзаарай...” гэж хэлээд дуудлага мэдээллийн шийдвэрлэлтийг мөрдөгчид хүлээлгэн өгсөн гэж хаасан. Би өөр бол нүдээр машиныг нь хараагүй. Иргэн Даваасүрэнтэй утсаар ярихад машин эвдсэн талаараа хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 20-21 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн М.О ы: ...Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн гудамжны туслах замаар явж байтал өөдөөс нэг Приус-30 маркийн машин тулаад гараад ирсэн. Би тухайн үед зам тавьж өгсөн боловч “Зөрөөд гарчих хөгшөөн” гэсэн чинь тэр залуу миний өөдөөс “чи өөрөө ухарчихаач, зөрчихөөр л байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр залуу бууж ирээд миний машины урд гуперийг өшиглөхөөр нь би бууж очоод банкны таг орчим хэсэг рүү нь нэг удаа өшиглөчихсөн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргүүдээ нэгтгэж шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/,
- Шүүгдэгч М.О ы иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.О нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны зогсоолын хажуу талын зам дээр хохирогч Б.Даваасүрэнгийн эзэмшлийн 42-82 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги болох зүүн хойд крыло, зүүн хойд их гэрэл зэргийг өшиглөн хууль бусаар устгаж, гэмтээн 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Даваасүрэн, гэрч О.Өсөхбаяр, яллагдагчаар өгсөн М.О нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул М.О ыг гэм буруутайд тооцож эрүүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч М.О нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д ...бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч М.О нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Даваасүрэнд учирсан хохирол болох 397.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг ирүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 60 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н овогт М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.О-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.О д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ