Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 117

 

 

 

 

 

 

 

2020       01          22                                  2020/ШЦТ/117

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогч, шүүгдэгч Э.Б, Ц.Ч  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Б, Ц.Ч  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06895 2780 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн Ю овогт Ц.Ч

2. Монгол улсын иргэн, Б овогт Э.Б

Холбогдсон хэргийн талаар:

Ц.Ч  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51-б байрны 13 тоотод хохирогч Э.Б тай маргалдаж шилэн аягаар толгой, нүүр, баруун гар руу цохиж, зүсэж, гараараа бие рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Э.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51-б байрны 13 тоотод хохирогч Ц.Ч тэй маргалдаж гараараа үснээс нь зулгааж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Ц.Ч  мэдүүлэхдээ: Тэр өдөр оройн 10 цагийн үед гэртээ байж байхад Э.Б ын утаснаас Золжаргал залгаад бид хоёр гадаа байна гээд удаа дараа намайг дуудаад байсан. Жаахан байж байгаад дахиад залгасан. Тэгээд би хотын төвд яваад очъё гээд бид 5 хороололд пабад сууж байгаад юм идээд нэг, нэг пиво уугаад гарсан. Тэгээд тэндээсээ бааранд орсон. Тэр баар хаагаад дараа нь талбайн тэнд байсан бааранд орсон. Тэр баарны гадаа өмнө нь хальт таньдаг байсан залуутай таараад тэгээд бөөнөөрөө караоке орохоор болсон. Караоке ороход хаасан байсан. Тэгээд тэндээсээ тэр залуугийн гэрт бид нар орсон. Бид хэд гэрт нь ороод пиво уусан. Би маргааш өглөө 10 цагаас жолооны шалгалттай байсан. Тэр айлаас шууд явна гэж хэлсэн чинь Э.Б  намайг “худлаа энэ залуучуудтай унтах гээд байна” гэхээр нь би аяга аваад цохисон. Тэгээд байж байхад Золзаяа намайг үснээс зулгаагаад Э.Б  над руу өсгийтэй гутлаараа өшиглөсөн. Би “Очирваань” эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байгаа. 280.000 төгрөгөөр 5 хоног эмчлүүлж байгаа. Надад нийт 607.000 төгрөгийн баримт байгаа. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Э.Б  мэдүүлэхдээ: Золзаяа бид хоёр уулзаад байж байсан. Золзаяа миний утсаар Ч  рүү залгаж дуудахад Ч  завгүй байна гэж байсан. 23 цагийн үед Ч  өөрөө бид хоёр  руу залгаад хороололд байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шөнийн 02 цагт хороололд очиж Ч тэй уулзсан. Тэндээ нэг, нэг пиво уугаад бид нар бааранд орсон чинь баар хаасан байсан. Бид нар 05 өнгөрч байхад Төгөлдөрийн гэрт нь очсон. Нэг пиво ууж дуусгаад юм яриад сууж байгаад 08 цаг болсон байсан. Золоо явахаар бэлдээд хувцасаа өмсөж байсан. Ч  орон дээр хэвтээд байхаар нь Ч т би ажилтай явъя гэсэн чинь явахгүй гээд байхаар нь би уурлаад ороолтоороо 2, 3 удаа цээж рүү нь цохисон. Тэгсэн намайг үсдээд дараад толгой руу баахан цохиод миний толгойг хагалсан. Тэгэсэн чинь Золзаяа яаж байгаа юм бэ гээд Ч т хэлсэн. Би өсгийтэй гутал өмсөөгүй байсан. Индүү ултай гутал өмссөн байсан. Золзаяа энэ хоёр бие биенээ үснээс нь зулгаагаад зодолдоод тавихгүй байсан. Би энэ хоёрыг очиж салгасан. Би цагдаа дуудаад өгөөч гээд Мөнхбат гэдэг залуугаар цагдаа дуудуулсан. Түргэний машин ирээд Золзаяа бид хоёрыг аваад явсан. Ч  дуудлагаар ирсэн цагдаагийн хажууд намайг гичий гээд доромжлоод байсан. Гэмтлийн эмнэлэгт байхад Золзаяа миний төрсөн ахыг дуудсан байсан. Бид хоёр манай гэрт ирээд байж байхад Золзаяагийн гэдэс нь өвдөөд байсан. Золзаяа бас Ч т зодуулсан. Золзаяа миний цагдаад өгөх өргөдлийг бичиж өгсөн. Золзаяа тухайн үед цус алдаад өргөдөл өгнө гэж байгаад ээж рүүгээ Налайх руу явсан. Маргааш өгнө гэж байсан. Манай гэрийн гадаа Золзаяа, Ч  хоёр ирж уулзаад намайг эмчлүүлээд өгье гэж хэлсэн. Би 12 оёдол тавиулсан. Миний баруун гарын гэмтэл болон толгойны гэмтэл эдгэхгүй байгаа. Баримтаар 337.090 төгрөг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.Б ын цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Б ын өгсөн: ...Хэрэг гардаг шөнө 02:00 цагийн орчим Ч  над руу байн байн залгаад “...найз нь хороололд Миланж нэртэй пабад найз охинтойгоо сууж байна хүрээд ирээч...” гэж гуйгаад байхаар нь бид 2 гараад очсон. Золзаяа бид 2 пабад ороод 1, 1 шил Нийслэл нэртэй пиво уугаад шөнө 04:00 цагийн үед гарах гэсэн Ч тэй хамт сууж байсан нэг охинын нь утас алга боллоо гээд нэгжүүлээд бөөн юм болж байгаад гар утасных нь кейс нь 1 давхрын эрэгтэйчүүдийн бие засах газраас оллоо гэхээр нь бид нар гарсан. Тэгээд тэндээс гараад бид нар яг доод талынх нь бааранд ороод 1, 1 шил пиво уугаад гэр, гэртээ харьцгаая гэсэн чинь Ч  “...бүгдээрээ Сүхбаатарын талбайн урд талд байдаг бааранд оръё, 06:00 цагт хаадаг...” гэж хэлэхээр нь бид нар такси бариад очсон чинь уг баар нь хаасан байхаар нь буцах гэсэн Ч  баарны үүдэн дээр үл таних 2 залуутай тааралдаад Золоо бид хоёроос зайтай хол зогсоод тэд нартай юм яриад зогсож байгаад эргэж ирээд энэ хүмүүс миний таньдаг 2 залуу байна, хамт караоке ороод 1 цаг дуулж байгаад салъя гэж санал тавихаар нь бөөндөө зөвшөөрөөд Баянзүрх дүүргийн 6-р хороо Жулиа төвийн караоке орох гэсэн хаалттай байхаар нь Золоо, Ч  бид 3 алхаад гэр, гэртээ харьцгаая гэж хэлсэн чинь Ч ийн найз нь гэх залуу бидний хамт манай гэрт очиж ганц, хоёр пиво ууя гээд гуйгаад байхаар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд 05 цаг өнгөрч байхад орсон. Тэгсэн нэг залуу нь хөргөгчнөөсөө 2,5 литрийн савтай Нийслэл нэртэй пиво гаргаж ирэхээр нь бүгдээрээ аягалаад хувааж ууж байтал Билгүүтэй гэгч нь хажуу талын жижиг өрөөндөө ороод унтсан чинь Ч , Золоо бид 3 хувааж уугаад сууж байхад би тэдэнд найз нь өглөө 07 цаг гээд явна шүү гэж хэлсэн чинь Ч  явахгүй гээд айлын буйдан дээр ганцаараа унтах гээд хэвтэхээр нь би түүнд “чамайг яасан гэж 2 залуутай ганцааранг чинь үлдээдэг юм, чи яасан ичдэггүй юм” гэж хэлсэн чинь Ч  шууд буйдан дээрээс босч ирээд намайг газар унагаад шилэн аяга толгой дээр хагалахаар нь би гараараа нүүрээ хамгаалсан. Тэр үед миний толгой их өвдөж байсан учраас ямар ч хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Тэр үед нөгөө 2 залуу босч ирээд Ч ийг болиоч чи хүний толгой хагалчихлаа гэж хэлсэн чинь надаас салгаад нэг нь цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ч ийн өгсөн: ...Тэгээд Билгүүнээгий гэрт ороод 2,5 литрийн савтай 1 пиво болон 0,5 литрийн лаазтай пиво ихийг уусан, яг хэдийг ууснаа санахгүй байна, маш их согтсон. Тэгсэн Э.Б  миний ардаас “найз нь одоо ажилтай явъя” гэхээр нь би “найз нь 10 цагаас жолооны дүрмийн шалгалттай эндээ байж байгаад явна” гэж хэлсэн чинь Э.Б  намайг “янхан чинь эд нарт шаалгамаар байгаа юм уу” гэж хэлээд намайг үсдэж аваад хоёулаа буйдан дээр дээрээс газар унаад шилэн ширээн дээр унаад хэвтээгээрээ үсдэлцэж байхад Золзаяа босч ирээд бид хоёрыг салгасан чинь Э.Б  намайг өсгийтэй гутлаараа нүүрэн тус газар өшиглөж дэвсээд байсан. Тэр үед Билгүүн өрөөнөөсөө гарч ирээд Э.Б ыг болиулаад 102 дугаарт залгаж цагдаа дуудсаны дараа би өөрийнхөө дугаараас 2 хүн нийлж намайг зодоод байна гэж цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13948 дугаартай шинжээчийн:

1.2. Э.Б ын биед дух, зулайн хуйх, зүүн хацар, баруун гарын сарвуунд шарх, цус хуралт, зүүн бугуй, зүүн гарын сарвуунд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх дух, зулайн хуйх, зүүн хацар, баруун гарын сарвуунд шарх, цус хуралт гэмтэл нь хурц ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, харин зүүн бугуй, зүүн гарын сарвуунд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13911 дугаартай шинжээчийн:

1. Ц.Ч ийн биед духанд зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруу, дээд, доод мөчинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Золзаяагийн өгсөн: ...Тэгсэн уг баарны гадна Ч  хуучны танил Билгүүн гэлүү үл таних залуу юм ярьж байгаад Билгүүний Баянзүрх дүүргийн 4-р хороо Жуковын тэнд байрлах байрны 2 давхарт байрлах гэрт Э.Б , Ч  болон Билгүүн гэх залуугийн найз тавуулаа ирээд жаахан пиво ууж байтал Билгүүн унтахаар нь нөгөө өрөөнд орохоор явсан. Харин найз нь бидэнтэй хамт буйдан дээр сууж байсан. Тэгсэн өглөө 08:00 болсон чинь Э.Б  явъя гэртээ харьцгаая гэж хэлэхээр нь би явах гэж байсан чинь Ч  явахгүй гээд “...тэд хоорондоо нэгнийгээ хэл амаар доромжлоод хэрэлдэж байгаад Э.Б  түрүүлээд Ч ийн толгой хэсэг рүү нь ороолтоороо 2, 3 ороолгосон. Тухайн үед би үүдэнд гадуур хувцасаа өмсөх гээд зогсож байхад Билгүүний найз нь гэх залуу Э.Б ын толгойг Ч  хагалчихлаа гэхээр нь би эргээд иртэл Э.Б ын гар, нүүрнээс нь цус гарсан, тэр хоёр үсдэлцэж байхаар нь би тэднийг салгах гээд иртэл Ч  намайг үсдсэн. Тухайн үед би хөл нүцгэн байсан учраас шалан дээр халтираад унасан, тухайн үед Э.Б  ганцаараа өсгийтэй гуталтай гутлаа тайлаагүй байсан. Тэгээд би өөрийнхөө үсийг тавиулаад босгосон чинь Э.Б , Ч  хажуу талаараа шалан дээр хэвтэж байхад нь хэвлий хэсэгт нь 2 удаа өшиглөсөн Билгүүн болон түүний найз бид 3 тэднийг салгасан. Ч  цагдаа дуудсан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Мөнхбатын өгсөн: ...Би 2019.11.15-наас 16-нд шилжих шөнө 05:00 цагийн орчим найз Төгөлдөртэй Сүхбаатарын талбайн замын урд талын Лакс нэртэй баарны гадна үл таних 4 эмэгтэйтэй танилцаад Төгөлдөрийн гэрт очиж юм ярьж суухаар такси бариад явж байхад замдаа нэг нь 13 дугаар хорооллын автобусны буудал дээр бууж үлдээд бид 05 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 4-р хороо, 51/б байрны 13 тоотод ороод тавуулаа 1, 1 лаазтай Сэнгүр нэртэй пиво уугаад ярьж сууж байхад Төгөлдөр хажуу талын өрөөндөө ганцаараа унтахаар орсон. Би буйдан дээр сууж байгаад зүүрмэглэсэн хооронд түс, тас хийсэн чимээ гарахаар нь сэрээд хартал ширээн дээр байсан пиво ууж байсан шилэн аягаар Ч  гэдэг эмэгтэй нь Э.Б  гэдэг эмэгтэйгийн толгой руу нь цохиж зодоод хагалаад гарыг нь зүссэн байхаар нь Төгөлдөр бид хоёр тэднийг салгаад би өөрийн 90109015 дугаараас 102, 103 дугаараас цагдаа дуудсан. Тухайн үед тэр Э.Б  толгойгоо гараа барьсан газар хэвтэж байхад Ч  нар дээр нь байсан. Ийм л зүйл болсон. Тэд нар хоорондоо зодолдсон. Ч  нь Э.Б ыг шилэн аягаар цохиж зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Төгөлдөрийн өгсөн: ...Тэгээд манай гэрт тавуулаа ороод 1, 2 лааз Сэнгүр пиво уусан. Тухайн үед би жаахан юм ярьж сууж байгаад нөгөөдөө ороод унтахаар явсан. Манай найз Мөнхбат тэдэнтэй хамт үлдсэн. Тэгсэн 08 цагийн орчим нөгөө өрөөнд түс, тас хийгээд эмэгтэй хүмүүсийн орилох чимээ гарахаар нь би гараад иртэл Мөнхбат цус алдаж байсан /Э.Б / эмэгтэйгийн цус тогтоох арга хэмжээ аваад байж байсан, харин нөгөө 2 эмэгтэй /Ч , Золзаяа/-чүүд нь хэрэлдээд хоорондоо үсдэлцэж байхаар нь би тэднийг салгахад Мөнхбат өөрийнхөө 90109015 дугаараас цагдаа дуудсан. Тухайн үед бид ус, ундаа хийж ууж байгаад ширээн дээр тавьсан байсан шилэн аяга хагарсан байхаар нь тэр аягаар Ч  гэгч нь Э.Б ынхаа толгойг цохиод хагалсан байх гэж бодсон. Сүүлд цагдаа ирсэн ч тэд нар болохгүй Ч  нь хийсэн үйлдэлдээ харамсахгүй улам агсраад Золзаяатайгаа зодолдох гээд дайраад байсан. Харин толгой, гарнаас нь цус алдаж байсан нь намайг гарч ирснээс хойш зодоон хийгээгүй тайван болсон. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Гансүхийн өгсөн: ...Би 2019.11.15-наас 16-ны хооронд Сүлд-112 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад өглөө 08:14 цагт Сүлд 10-аас “БЗД-ийн 4-р хороо 51/б байрны 13 тоотод Хэрүүл маргаан гараад байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу ахмад Б.Өсөхжаргалын хамт шалгахад уг тоотод Э.Б, Ц.Ч  нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдан улмаар зодолдон уг тоот айлын гэрийн хогшил болон шилэн аягыг хагалсан байдалтай байсан. Тухайн үед бид дуудлагын дагуу ороод болсон явдлыг тодруулахад Ц.Ч  нь шилэн аягаар Э.Б ын толгойг хагалж, аяганы хагархайгаар гарыг нь зүссэн гэж хэлж байсан. Тэр үед Золзаяа гэгч эмэгтэй Ц.Ч тэй хэрүүл маргаан хийгээд Ц.Ч  нь бидний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй Э.Б ыг ахин зодох гээд байсан учир гав, тусгай хэрэгсэл хэрэглэн авч гараад Эмээлт-120 буюу Төмөр замын цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Түүнийг эрүүлжүүлэх байранд хүргэхээс өмнө Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгч Э.Б ыг үзүүлэхэд 103-н эмч толгой болон гарны цус тогтоох зорилгоор боолт хийгээд ГССҮТ-д яаралтай хүргэх шаардлагатай юм байна гэж хэлээд аваад явсан. Ийм л зүйл болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

- Хохирогч Э.Б аас гаргаж өгсөн гэрэл зургууд /хх-ийн 39-41 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Б ын: ...Тэгээд би явъя одоо ажилтай гэж хэлсэн чинь Ч  явахгүй гээд айлын буйдан дээр ганцаараа унтах гээд хэвтэхээр нь би түүнд “би чамайг яасан гэж 2 залуутай ганцааранг чинь үлдээдэг юм, чи яасан ичдэггүй юм” гэж хэлсэн чинь Ч  шууд буйдан дээрээс босч ирээд намайг газар унагаад шилэн аяга толгой дээр хагалахаар нь би гараараа нүүрээ хамгаалсан. Тэр үед нөгөө 2 залуу босч ирээд Ч ийг болиоч чи хүний толгой хагалчихлаа гэж хэлсэн чинь надаас салгаад нэг нь цагдаа дуудсан. Би хэн нэгнийг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-57 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.Ч ийн өгсөн: ...Тэгсэн Э.Б  миний ардаас “найз нь одоо ажилтай явъя” гэхээр нь би “найз нь 10 цагаас жолооны дүрмийн шалгалттай эндээ байж байгаадявна” гэж хэлсэн чинь Э.Б  намайг “янхан чинь эд нарт шаалгамаар байгаа юм уу” гэж хэлээд намайг үсдэж аваад хоёулаа буйдан дээрээс газар унаад шилэн ширээн дээр унаад хэвтээгээрээ үсдэлцэж байхад Золзаяа босч ирээд бид хоёрыг салгасан чинь Э.Б  намайг өсгийтэй гутлаараа нүүрэн тус газар өшиглөж дэвсээд байсан. Тэр үед Билгүүн өрөөнөөсөө гарч ирээд Э.Б ыг болиулаад 102 дугаар залгаж цагдаа дуудсаны дараа би өөрийнхөө дугаараас 2 хүн нийлж намайг зодоод байна цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар тал/,

- Шүүгдэгч Э.Б, Ц.Ч  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42, 43, 43, 46, 47, 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Ц.Ч  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51-б байрны 13 тоотод хохирогч Э.Б тай маргалдаж шилэн аягаар толгой, нүүр, баруун гар руу цохиж, зүсэж, гараараа бие рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Э.Б  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51-б байрны 13 тоотод хохирогч Ц.Ч тэй маргалдаж гараараа үснээс нь зулгааж, хөлөөрөө бие рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч болон яллагдагчаар өгсөн Э.Б, Ц.Ч , гэрч Б.Золзаяа, Б.Төгөлдөр, Д.Мөнхбат, Ц.Гансүх нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 13948, 13911 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хохирлын баримтууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б, Ц.Ч  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нар гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

             Хохирогч Э.Б  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 347.090 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн /хх-ийн 89 дүгээр тал/,

            - хохирогч Ц.Ч ийн гэмт хэргийн улмаас хохирлын 607.000 төгрөгийн баримтыг тус тус хавтаст хэрэгт ирүүлсэн байх тул тус бүрээс гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна. /хх-ийн 69, 90, 92 дугаар тал/

            Э.Б, Ц.Ч  нар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Э.Б, Ц.Ч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б, Ц.Ч  нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Э.Б, Ц.Ч  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б, Ц.Ч  нарыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б, Ц.Ч  нарт оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Б, Ц.Ч  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Цолмонгийн Ч  /РД:ОП94030107/-ээс 347.090 /гурван зуун дөчин мянга ерэн/ төгрөгийг гаргуулан хохирогч Энхцэцэгийн Э.Б  /РД:СЮ96100705/-д,

-  Э.Б  /РД:СЮ96100705/-ээс 607.000 /зургаан зуун долоон мянган/ төгрөгийн гаргуулан хохирогч  Ч  /РД:ОП94030107/-т тус тус олгосугай. 

6. Э.Б, Ц.Ч  нар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б, Ц.Ч  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ