| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0134/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 157
2020 01 28 2020/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч А.Ариунаа /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш овогт Б.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00056 0078 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автобусны буудлын орчим иргэн Г.Отгонбаярын толгойн тус газар гараараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: ТҮЦ-нд утсаа цэнэглээд байж байхад нэг залуу гаднаас орж ирээд лангууны араар тонгойхоор нь хулгай хийх гэж байна гэж бодоод муудалцсан. Хохирогчид 600.000 төгрөг өгсөн гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Отгонбаярын өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 23-ны 17:20 үед Баянзүрх дүүргийн 2-р хороо, автобусны буудлын ТҮЦ рүү ундаа авах гэж ороод ундаа авчихаад лангууны хажууд 800 төгрөгөө унагаачихаад авах гэтэд дээрээс толгой руу нэг хүн алгадахаар нь би яагаад байгаа пизда вэ гэж хэлэхэд миний нүүр рүү хамт явж байсан 2 хүний нэг нь цохисон. Тэгээд би ТҮЦ-ээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа хариулт 30 төгрөгөө авах гээд буцаад ТҮЦ рүү ортол нөгөө 2 залуу намайг барьж аваад нүүр болон шанаа хэсэг рүү 5-6 удаа цохисон. Тэгээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би гарч гүйгээд автобусны буудлын хойд талд цагдаа байхаар нь очоод намайг танихгүй 2 хүн зодоод байна гэж хэлээд нөгөө ТҮЦ рүү буцаж ороод тэр 2 залууг бариулсан. Миний шүд хөдөлсөн, уруул сэтэрч хавдсан, эрүү, толгой өвдөөд байна...
...миний нэхэмжилж байсан 600.000 төгрөгийг Б.Б гэх хүн бүрэн барагдуулсан тул надад одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8, 9-10 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 661 дугаартай шинжээчийн:
1. Г.Отгонбаярын биед тархи доргилт, 32, 33-р шүдний ганхалт, зүүн буйлны язарсан шарх, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч С.Чулуунсүх гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөлөгцэвээний өгсөн: ...Намайг цааш хараад байж байхад ард Б.Б нь нэг хүнтэй маргалдаад намайг харахад тэр хүний зүүн шанаа руу нь алгадаж байсан бөгөөд учрыг нь асуухад тэр залууг лангууны араар тонгойсон гэсэн бөгөөд манай үеэл ах Б.Б хулгайч гэж ойлгосон гэж байсан. Худалдагч эрэгтэй Б.Б хоёр тэр эрэгтэйг гаргаад явуулсан бөгөөд удалгүй цагдаагийн алба хаагч дагуулаад гаднаас орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Б.Б н: ...Би хохирогч Г.Отгонбаярыг тухайн буудал дээр байсан ТҮЦ-ний лангууны араар мөнгөө унагаад авахаар тонгойсныг нь хулгай хийх гэж байна гэж бодоод толгой руу нь алгадсан. Үүнээс болж маргалдаад би хохирогч Г.Отгонбаярын нүүрэн хэсэгт нь хоёроос гурван удаа цохисон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Б.Б н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 21, 23-31, 32, 33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Автобусны буудлын орчим иргэн Г.Отгонбаярын толгойн тус газар гараараа цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Отгонбаяр, гэрч Б.Мөлөгцэвээн, яллагдагчаар өгсөн Б.Б нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 661 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Хохирогч Г.Отгонбаяр нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй боловч шүүгдэгч Б.Б нь хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан байх тул баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б.Б д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ