| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 182/2016/00345/и |
| Дугаар | 2033 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2033
ХХХХ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00859 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч “ХХХХ” ХХК-нд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн
Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: ХХХХ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ
ХХХХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улаанбаатар хотын банкинд 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр харилцагчийн менежерийн албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2 жилийн хугацаатай харилцагчийн байгуулсан. Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/98 тоот тушаалаар ажлаас халагдсан. Дээрх тушаалд дурьдсан банкны дотоод журмын 2.14.7, 2.14.8 дахь хэсгүүдэд заасан мөнгө буюу эд хөрөнгө хариуцсан ажилтан захиргааны итгэл алдагдуулсан, банкны нууц задруулсан данс бүртгэл будлиантуулсан эрх мэдлээ хэтрүүлсэн банкны ажилтны ёс зүйн дүрмээр хориглосон үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр хийгээгүй хэргийг тулган ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажиллаж байх хугацаандаа 2015 оны 7 сард зээл хүсэгч ХХХХХ-д бизнесийн зээлийг банкны бүх дүрэм, журам зааврын дагуу олгосон байна. 2016 оны 3 сард банкны дотоод аудитын газраас тус зээлийн түрээсийн гэрээ болон бизнес эрхэлдэг нь үнэн гэсэн тодорхойлолтыг хуурамч гэж үзэн зээлийг буцаан дуудаж, надад болон бусад ажилтнуудад анхааруулах акт өгч байсан. Одоо уг зээл бүрэн хаагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дүгээр зүйл сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэснийг баримталж тушаал гарсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Сахилгын зөрчил давтан гаргаж байгаагүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул Улаанбаатар хотын банкны Чингэлтэй салбарын Харилцагчийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ХХХХХ” ХХК шүүхэд болон төлөөлөгч ХХХХХ, ХХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХХХХоос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Зээлдэгч ХХХХ-ны гэрийн хаяг нь нэхэмжлэгч ХХХХ-ын гэрийн хаягтай ойролцоо буюу зөвхөн байрны дугаар, хаалганы тоотоороо ялгаатай. Энэ нь ХХХХ, зээлдэгч ХХХХХ нар урьд нь танилын болон хувийн холбоотой байхыг үгүйсгэхээргүй байна. Зээлийн материалын зарим баримт бичгүүд дээр зээлдэгч ХХХХ-ны гарын үсэг өөр өөрөөр зурагдсан. Харилцагчийн менежер ХХХХ-ын зээлдэгч ХХХХ-ны зээлийн хүсэлтийн дагуу хийсэн. Зээлийн шинжилгээний тайлан, санал, дүгнэлтийн хуудаснаас үзэхэд зээл хүсэгчийн бизнесийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан талаар мэдээлэл огт байхгүй байна. Зээлийн судалгааг зөвхөн зээлдэгчийн үйл ажиллагааны талаарх тодорхойлолт, түрээсийн гэрээнд үндэслэн боловсруулсан нь харагдаж байна. Тус банкны Зээлийн эрсдлийн хэлтсээс уг зээлийн материалд 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дүгнэлт гаргасан байдаг. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагааны талаарх зээлийн судалгааны гол материал болох “ХХХХ” ХХК-иас ирүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03/172 дугаартай тодорхойлолт, 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Түрээсийн гэрээ зэрэг баримт бичгүүд бодитой хийгдээгүй, хуурамч материалууд болохыг “ХХХХ” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны 01/316 тоот албан бичгээр мэдэгдсэн. Зээлийн материал дах зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа явуулж буй газар гэх фото зургууд дээрхи контейнер нь зээлдэгч ХХХХ-ных биш ХХХХХ гэх түрээслэгчийн болохыг “ХХХХ” ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 01/316 тоот албан бичгээр нотолсон. Эдгээрээс дүгнэвэл зээлийн материал дахь баримт бичгүүдэд дээрхи ноцтой зөрчлүүд илэрснээс гадна харилцагчийн менежер ХХХХ зээлийн судалгааг дутуу хийсэн нь илэрхий харагдаж байна. Иймд ХХХХ нь анхнаасаа хуурамч материалд үндэслэж зээл олгосон, зээлийн судалгааг дутуу хийсэн ноцтой зөрчил гаргасан нь нотлогддог тул ажлаас чөлөөлөх үндэслэл хангалттай бүрдсэн гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар хотын банк ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай ХХХХ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүйгээс гадна, хэт нэг талын эрх ашгийг баримтлана хэргийг шийдвэрлэсэн. Улаанбаатар хотын банкны захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/98 тоот тушаалд ажилтан ХХХХ намайг Улаанбаатар хотбн банкны дотоод журмын 2.14.7, 2.14.8, ажлын байрны тодорхойлолтын 9.3, Зээлийн үйл ажиллагааны журмын 9.2, 9.3, 9.26, 9.27 дахь заалтуудыг тус тус зөрчин удирдлагын итгэл алдан ажилдаа хариуцлагагүй хандсан хөдөлмөриин гэрээнд заасан ноцтои зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл миний хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудаа шүүхэд хүсэлт гаргаж Улаанбаатар хотын банкнаас гаргуулсан боловч Улаанбаатар хотын банкнаас өөрт ашигтай баримтуудыг гаргаж өгөөд нэхэмжлзгч надад ашигтай баримтуудыг гаргаж өгөөгүй байдаг. Мөн намайг зээл хүсэгч ХХХХ-ны баримтыг хуурамчаар үйлдсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарладаг боловч үүнийгээ нотолсон ямар ч баримт байхгүй байхад зүгээр л тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн. Үнэхээр намайг зээлийн материал хуурамчаар үйлдсэн гэж үзсэн бол банкны зүгээс цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаад холбогдох баримтыг гаргаж өгсөн тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд гомдоод байх зүйлгүй байсан. Миний бие шүүх хуралдааны дараа хариуцагч Улаанбаатар хотын банк нь хэрэгт ач холбогдол бүхий баримтыг санаатайгаар гаргаж өгөөгүй тул өөрийн хувийн архиваас зээл хүсэгч ХХХХ-тай холбоотой банкны Дотоод аудитын Зөрчлийн акт болон зээлийн эргэн төлөлтөнд хяналт хийж банкны удирдлагад танилцуулж байсан материалаа олж авсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00859 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч “ХХХХХ” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “…хуурамч материалд үндэслэж зээл олгосон, зээлийн судалгааг дутуу хийсэн ноцтой зөрчил гаргасан нь нотлогддог тул ажлаас чөлөөлөх үндэслэлтэй...” гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч ХХХХ нь “ХХХХХ” ХХК-ийн Чингэлтэй салбарын харилцагчийн менежерээр ажиллаж байгаад “ХХХХХ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/98 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хэргийн 38 дугаар тал/
Ажил олгогч 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/98 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэжээ.
Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлоготой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж, ажилтан уг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэл гаргасан байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заан тодорхойлсон байдаг.
Ажилтан ХХХХ нь зээлдэгч ХХХХХ-д зээл олгохдоо зээлийн үйл ажиллагаатай холбоотой журмыг мөрдөж ажиллаагүй болох нь Дотоод аудитын газрын зөрчлийн акт, “ХХХХХ” ХХК-ийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдсон, уг зөрчил нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.27-д заасан ноцтой зөрчилд тооцогдож байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00859 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьдчилан төлөөгүйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Ц.ИЧИНХОРЛОО