Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2021/0120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 779 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч улсын байцаагч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Б, Д.С нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0059283 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 779 дүгээр шийдвэрээр:

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Н” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0059283 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Б, Д.С нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Монгол Улсад корона вирус анх Франц Улсын иргэнээс илэрсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр цацагдсан байдаг билээ.

Гэтэл уг мэдээллийг зарим худалдаа эрхлэгчид, бизнесийн байгууллагууд ард иргэдийн айдас, түгшүүрт тулгуурлан, өөрсдийн ашиг, орлогыг нэмэгдүүлэх боломж гэж харсан нь харамсалтай юм.

Үүний нэг жишээ нь “Н” ХХК 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өөрийн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байсан махны үнээ үндэслэлгүйгээр нэмсэн явдал болно.

Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөцөд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах зорилгоор агентлагийн даргын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/16 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг “Н” ХХК-ийн дээрх үйлдлийг шалгахаар 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улсын их дэлгүүрт удирдамжтай хяналт шалгалтыг хийсэн.

Удирдамжтай хяналт шалгалтын ажиллагааг явуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Н.Б нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг үндэслэн махны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн нь “хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэн 0059283 дугаар шийтгэлийн хуудсаар “Н” ХХК-ийг ........ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг.

Үүнийг “Н” ХХК нь эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчсөн гэж үзэж, гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоолын 10-т “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангаж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутамд хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болгосугай” гэж заасан.

Үүнийг дэлгэрүүлж авч үзвэл бүх нийтийн хэмжээнд бэлэн байдлын зэрэг зарлан, шилжүүлсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоолоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зарим байгууллагын эрх, үүргийг шилжүүлж, тодорхой арга хэмжээ авах эрхийг олгосон гэж үзэж байна.

Нөгөө талаар манай байгууллагаас явуулсан дээрх хяналт шалгалтын үйл ажиллагаа нь тодорхой, бодит үр дүнд хүрсэн болохыг “Н” ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн худалдаалж буй махны үнээ бүх төрөлд нь буулгаж, мөн өдрөөс өөрсдийн буруутай үйл ажиллагааг ухамсарлан, махны үнийг буцаан бууруулж байгаа талаараа албан бичгийг ирүүлсэн зэргээс харагддаг.

Мөн “Н” ХХК нь анх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед “мах бэлтгэн нийлүүлэгч үнээ нэмсэн тул манай дэлгүүр үнээ өсгөсөн” гэсэн тайлбар өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Н” ХХК-д мах бэлтгэн нийлүүлэгч Д.Б нь махны үнийг ямар нэгэн байдлаар огт нэмээгүй болох нь тогтоогдсон болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 779 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг бүрэн хангасан байна.

Шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “Хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх...” гэсэн заалт Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т мөн агуулгаараа тусгагдсан бөгөөд “Н” ХХК-ийг өөрийн хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр худалдаж байсан махны үнийг зохих хэмжээгээр нэмэгдүүлсэн” гэх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагдах харилцаанд үл хамаарна.

Өөрөөр хэлбэл тус компани нь жижиглэнгээр худалдаж буй мах, махан бүтээгдэхүүнийхээ салбарт давамгай байдалтай, эсхүл монополь аж ахуй эрхлэгч биш, иймд “үнэ нэмсэн” гэх шалтгаанаар Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Харин тухайн цаг үед Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолоор хүнсний нэрийн гол бүтээгдэхүүний хангалт, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тусам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт үүрэг болгосон” нь улс орныг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авсан шийдвэр болохоос бус бараа, бүтээгдэхүүний үнэ нэмсэн үйлдэл бүрийг Өрсөлдөөний тухай хуультай холбон хариуцлага ногдуулах эрх олгосон гэж үзэхгүй.  

Учир нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хуульд хэрэглэсэн “аж ахуй эрхлэгч” гэдэгт гэдэгт “Н” ХХК хамаарах боловч 1 дүгээр зүйлийн 1.1-д хуулийн зорилтыг “аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, ...-тай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзэхэд энэ тохиолдолд тухайн зах зээлд давамгай байдалтай, эсхүл монополь бус аж ахуйн нэгжийн хувьд тус компанийн жижиглэнгээр худалдсан махны үнээ нэмснийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэгдсэн, цаашлаад хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэж буй явдал биш болно.

Харин үнэ нэмсэн үйлдэл нь цаг хугацааны хувьд цар тахлын дэгдэлттэй давхацсан тохиолдолд Өрсөлдөөний тухай бус Гамшгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.9-д заасан “Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрх бүхий этгээд хариуцлага хүлээлгэх боломжтой байсныг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 779 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Б.Б, Д.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН