Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 49

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ж.Н-гийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг тус тус хүчингүй болгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Н, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Н миний бие нь 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдаачаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн б/74 тушаалаар Хөгжимт драмын театрын даргын үүргийг хавсран гүйцэтгэсэн, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн б/53  дугаар захирамжаар Ж.Н миний биеийг Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд жинхлэн томилсон. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/84 дүгээр захирамжаар Ж.Н миний биеийг томилсон засаг даргын захирамжийг хүчингүй болгож, Ж.Н аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилд томилохдоо соёлын асуудал хариуцсан төрийн байгууллагатай зөвшилцөөгүй, удирдах ажилтны ажлын сул орон тоог зарлаж сонгон шалгаруулалт явуулаагүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй шууд томилсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Миний бие Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн томилуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандаж, уг маргаан 3 шатны шүүхээр хэлэлцэгдээд Ж.Н миний биеийг Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилсныг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Ж.Н миний бие нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хөгжимт драмын театрын даргын ажлыг хүлээн авч ажиллаж байгаа билээ. 

Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарласан байна. Тухайн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сул орон тоо гараагүй байхад сул орон тоо гэж сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.  

Иймд Архангай аймгийн Засаг даргын Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгож өгнө үү, Мөн төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Архангай аймгийн хөгжимт драмын театрын даргын албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар татгалзах тухай хүсэлтээ бичгээр гаргаж байгаа.

Нэхэмжлэгчийн гаргасан аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн захиалгыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Сонгон шалгаруулалттай холбоотой уг маргаан нь өмнө нь гурван шатны шүүхээр шийдэгдсэн. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 71 дүгээр Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолуудаар Ж.Н-г Архангай аймгийн хөгжим драмын театрын даргаар томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг тодорхой хүргүүлсэн байна.

 Гэтэл шүүхийн шийдвэрээс давсан дүгнэлтийг Архангай аймгийн Засаг дарга гаргасан байна. Тухайн ажлын байранд Ж.Н нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад сул орон тоо гарсан гэж үзээд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Тийм учраас захиалга нь хууль бус захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Н нь Хөгжимт драмын театрын уран сайхны удирдаачаар 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар Аймгийн Засаг даргын захирамжаар тус театрын даргын албан тушаалд түр томилогдож, 2016 он 6 дугаар сарын 23-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар Хөгжимт драмын Театрын даргаар жинхлэн томилогдсон. Тухайн үед аймгийн Засаг дарга Д.Б нь Ж.Н-г 2016 оны 6 дугаар сард Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилохдоо тухайн орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулаагүй байдаг. Аймгийн Засаг дарга нь орон нутагтаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэгтэй байсаар байтал хууль зөрчсөн томилгоо хийсэн. 

Аймгийн Засаг даргаас Ж.Н нь төрийн үйлчилгээний удирдах албан хаагчийн сонгон шалгаруулалтад оролцож байсан эсэх талаар Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн албан бичиг, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулж байсан эсэх талаар Авлигатай тэмцэх газраас лавлагааг авсны үндсэн дээр Төрийн албаны салбар зөвлөлд сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг хүргүүлсэн.

 Архангай аймгийн Засаг даргын зүгээс хууль тогтоомжийг хангуулах үүрэг нь Архангай аймгийн Засаг даргад  хуулиар олгогдсон  байдаг. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Ж.Н-г ажилд нь эргүүлэн томилсон. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх зүйл байхгүй. Харин анх томилсон захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн учраас сонгон шалгаруулалтын захиалга өгсөн. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа эрхэлж байгаа бөгөөд түүний ажлын байран дээр сонгон шалгаруулалт явагдаагүй болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгтт зааснаар нэхэмжлэгч Ж.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Н Архангай аймгийн Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн даргад холбогдуулан “Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг тус тус хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. /х.х-н 1-2/

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн даргад холбогдох 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хүсэлтийг шүүх хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж, үлдсэн Архангай аймгийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно./х.х-н 101/

 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар  Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 01/988 дугаар албан бичгээр тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга нь захиргааны актын шинжүүдийг агуулсан /захиргааны байгууллагаас гаргасан, тодорхой нэг асуудлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан захирамжилсан / байна./х.х-н 49/

 

Нэхэмжлэгч Ж.Н Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сул орон тоо гараагүй, үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн нь хууль бус гэж, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Ж.Н-г 2016 оны 6 дугаар сард Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилохдоо тухайн орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй,  Засаг даргын зүгээс хууль тогтоомжийг хангуулахаар хөгжимт драмын театрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан ...гэж маргажээ. /х.х-н 61, 67/

 

Уг маргааны үйл баримтаас дурдахад: Архангай аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн 01/979 дүгээр албан бичигт Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлын байранд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу 2015 оноос хойш сонгон шалгаруулалт зарласан эсэх талаар лавлагаа хүргүүлжээ. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс тус аймгийн Засаг даргад 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн 110 дугаар албан бичгээр 2015 оноос одоог хүртэл Аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлын байранд Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт явагдаагүй байна гэсэн хариуг өгчээ. /х.х-н 47-48/,

Улмаар Архангай аймгийн Засаг даргаас Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлд 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүргүүлсэн 01/988 дугаар албан бичигт тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлснээр уг маргаан үүсжээ. /х.х-49х/,

Шүүх нэхэмжлэгч Ж.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах .. цалин хөлс авах” эрх болон Арван ёсдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “төрөөс хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 3 дахь хэсэгт “ Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй”  гэж тус тус  Монгол Улсын Үндсэн хуулиндаа хуульчилсан хуулийн заалтуудыг болон Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан төрийн албаны үндсэн зарчмыг зөрчжээ.

 

Тодруулбал: Өмнө нь нэхэмжлэгч Ж.Н Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/84 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30 өдрийн 221/МА2016/0751 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор уг хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

 

    Дээрхи нэхэмжлэлийн үндэслэл, захиргааны хэргийн маргаан нь “ 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн б/84 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт “Ж.Н-г аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилд томилохдоо ... удирдах ажилтны ажлын байрны сул орон тоог зарлаж сонгон шалгаруулалт явуулаагүй ...” гэж тусгасан бөгөөд уг маргааны үйл баримтыг тогтоосон, шүүхийн магадлал, тогтоолд уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага шийдвэрлэгдсэн байхад дахин уг үндэслэлээр хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 01/988 дугаар албан бичгээр тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалтын захиалга нь хууль зүйн үндэслэлгүй байна.  

    Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” уг хуулийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн Захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим тус тус зөрчжээ. 

 

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ...  аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.” Мөн хуулийн 4 дэх хэсэгт “ .. аймгийн .. соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д /Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө./ заасны дагуу тухайн ажлын байранд сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулж явуулахаар зохицуулжээ. 

 

Өөрөөр хэлбэл: Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажил, албан тушаалд удирдах ажилтны ажлын байрны сул орон тоо гарсан тохиолдолд 14 хоногийн дотор сонгон шалгаруулах захиалга, ажлын байрны тодорхойлолтын хамт аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлэх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын Нэгийн 1.1, 1.2, 1.3, Хоёр. “Захиалга ирүүлэх”, 2.1.“Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харьяаллын дагуу ирүүлнэ.” гэж заасныг зөрчсөн байна

 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “..Сул орон тоо гарсан..” гэж хуулийн 23, 24 , 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр  тухайн аймгийн Хөгжимт драмын театрын даргыг албан тушаалаас нь бууруулсан, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, халагдсан, нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт явуулах ёстой. 

Гэтэл дээрхи хууль, журамд зааснаар сул орон тоо гараагүй байхад хариуцагч тал Архангай аймгийн Засаг дарга Ж.Н-г 2016 оны 6 дугаар сард Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилохдоо тухайн орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулаагүй,  Засаг даргын зүгээс хууль тогтоомжийг хангуулахаар аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 01/988 дугаар албан бичгээр тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-гийн шүүх хуралдаан хойшлуулах, мэтгэлцэх боломжоор  хангах хүсэлтийг шүүх даруй шийдвэрлэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно. Учир нь: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 /20.2.1, 20.2.4/, 28 дугаар зүйлийн 28.2.1,  57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У нарт нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүргийг нь тайлбарлах, хариу тайлбар ирүүлэх хугацаа тогтоож өгсөн боловч хариуцагч нар нь гадаад улс болон Улаанбаатар хот, аймаг орон нутагтаа албан томилолтоор ажиллаж байгаа гэх шалтгаанаар удаа дараа шүүхийн дуудснаар хүрэлцэн ирдэггүй, хариу тайлбараа ирүүлэхийг мэдэгдэж байсан болно./х.х-н 16-29, 32, 40/

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 70 дугаар зүйлийн 70.2-д зааснаар шүүх хуралдааныг товлохдоо урьдчилан хэлэлцүүлэг хийнэ гэсэн заалтыг дагуу тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109/ШЗ2017/0310 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарласан. Уг шүүх хуралдааныг товлон зарлах шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1200 цагт хийхээр товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У нь “шүүх хуралдааныг товлоход татгалзах зүйлгүй тул хуралдааныг товлож өгнө үү “ гэсэн хүсэлтийг ирүүлсний дагуу шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийхээр товлосныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-д 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулжээ. Шүүхээс хэргийн оролцогч нарт хангалттай хугацаа өгсөөр байхад шүүхийг үл хүндэтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан болохыг тэмдэглэв. /х.х-н 68-69, 74/  

Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 109/ШВ2017/0001/ дүгээр шүүхийн шийтгэвэрээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1. 105.2-д “Шүүх хуралдааны завсарлагаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааныг орхиж явахыг хориглоно” заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх 100000 /нэг зуу/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.   Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын тус аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалгыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Н-гийн “2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд томилогдох ажилтны албан тушаал дээр зарласан сонгон шалгаруулалт болох захиргааны үйл ажиллагааг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н-д олгосугай. 

           4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.ОДОНТУЯА