Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 11

 

Д.Бум-Эрдэнэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, прокурор  Г.Хаш-Эрдэнэ, нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,           

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр захирамжийг  эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Д.Бум-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201712000056 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Д.Бум-Эрдэнэ нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр  Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутагт хонины бэлчээр дээр   иргэн Б.Доржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

           Д.Бум-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн,  яллагдагчаар татах тогтоолоор Сум дундын шүүхэд ирүүлсэн байна.

 

           Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр захирамжаар:

Д.Бум-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201712000056 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг Дундговь аймгийн Прокурорын газарт очтол Д.Бум-Эрдэнэд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

 

         Хяналтын прокурор Г.Хаш-Эрдэнэ эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн 2017.05.11-ний өдрийн 41 дүгээр шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь:

         1.Эрүүгийн 201712000056 дугаартай хэргийн хохирогч Б.Дорж болон яллагдагч Д.Бум-Эрдэнэ нар нь харилцан зөвшөөрсний дагуу хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан ба харин хуулинд заасан 14 хоногийн хугацаа дуусахад хохирогч талаас хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаас татгалзсан. Уг нөхцөл байдлаас шалтгаалан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.4-т заасны дагуу прокуророос 2017 оны 4 сарын 5-ны өдөр ердийн журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тухай тогтоол гаргасан. Гэтэл шүүх үзэхдээ прокуророос хэрэгт ердийн журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг хэрэг бүртгэгчид даалгасан байхад ажиллагаа хийгээгүй нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 194 дүгээр зүйлд заасныг зөрчсөн байх ба улмаар мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

          Хэрэг бүртгэгчээс байцаан шийтгэх ажиллагааг дуусгаад хэргийн материалыг оролцогчдод танилцуулах түүнчлэн хэргийн прокурорт шилжүүлэх зэрэг ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212, 213 дугаар зүйлд заасан байцаан шийтгэх ажиллагааны төрөл бөгөөд уг ажиллагааг хийлгэхийн тулд прокурор тогтоолдоо  эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг даалгах нь зайлшгүй юм. Түүнчлэн байцаан шийтгэх ажиллагааг дуусгаад 72 цагийн дотор прокурорт шилжүүлэх шаардлагатай боловч 5 хоногийн дотор шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт “ ... Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тооцно.” гэж заасантай холбоотой байна. Дээрхи нөхцөл байдлыг хэрэг бүртгэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 194 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж болохгүй бөгөөд хэрвээ шаардлагатай бол хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах эсэх асуудал нь прокурорын эрх хэмжээний асуудал юм.

           Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 417 дугаар зүйлийн 417.4 дэх хэсэгт байцаан шийтгэх ажиллагааны оролцогчид нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзах 3 үндэслэлийг заажээ. Дээрх хэрэгт хохирогч талаас хэргийг хялбаршуулсан журмаар явуулахаас татгалзахдаа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх тухай  хүсэлт огт гаргаагүй ба харин хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлж тухайн хугацаанд эмнэлгийн байгууллагад үзүүлж, учирсан хохирлоо баримтаар нэхэмжлэх талаар тайлбарласан болно.

           2. Хэрэг бүртгэлтийн шатанд насанд хүрээгүй хохирогч Б.Доржийн байцаалтанд түүний өмгөөлөгчийг оролцуулсан боловч харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны төлөөлөгчийг оролцуулаагүй байх ба энэ нь байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зөрчил юм. Гэвч анхан шатны шүүхийн шүүгчийн 41 дүгээр захирамжинд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 269 дүгээр зүйлд насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг сонсоход мөн хуулийн 145 дугаар зүйлд заасныг заавал баримтлахаар заасан байх тул уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь хуулийг буруу ойлгож, тайлбарласан байна.

          3. Шүүхэд ирсэн хэргийн талаар шүүгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргахаар заасан байна. Шүүхээс Д.Бум-Эрдэнэд холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдааны товыг  2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэж, хуралдааны тов болон “Нөлөөллийн мэдүүлэг”-т тус тус прокуророор гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь  мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2 дахь хэсэгт заасан шийдвэрийг давхардуулж гаргасан, түүнчлэн дээрх шүүх хуралдааны тов мэдэгдсэн хуудас, гарын үсэг зуруулсан “Нөлөөллийн мэдүүлэг” зэрэг баримтууд нь хавтаст хэрэгт байхгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.  Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.05.11-ний өдрийн 41 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Д.Бум-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201712000056 дугаартай хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд шилжүүлүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

 

          Шүүгчийн захирамжинд   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-д буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, яллагдагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг нотлоогүй байна гэжээ. Хэрэг бүртгэлийн шатанд гэмт хэргийг малын нутаг бэлчээрээс болж маргалдсаны улмаас  бэлчээр дээр үйлдсэн, яллагдагчийн хувийн байдлын талаар түүний иргэний үнэмлэхний лавлагаа /хуу-25, багийн засаг даргын тодорхойлолт /хуу-26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хуу-27/ өмгөөлөгч авах эрхийг хангасан  хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хуу-39/ зэрэг баримтуудыг хэрэгт авсан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, сэдэлтийн талаар хохирогч, сэжигтэний мэдүүлэг, гэрч Ц.Алтангэрэл нараас мэдүүлэг авах ажиллагаануудыг хийсэн,  хохирогчид учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан / хуу-13, 16/ байх тул шүүгчийн захирамжийн дээрх заалтууд үндэслэлгүй байна.

           Насанд хүрээгүй /хэрэг үйлдэгдэх үед 17 нас 4 сартай байсан/ хохирогч Б.Доржийг байцаахдаа өмгөөлөгчтэй байцаасан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгчийг  байлцуулаагүй нь байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн зөрчил мөн бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ хууль ёсны төлөөлөгчийг оролцуулан шийдвэрлэх боломжтой гэсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй.

           Хохирогч талаас хэргийг хялбаршуулсан журмаар явуулахаас татгалзахдаа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна.

           Шүүхээс прокурорт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаан хийлгүйгээр нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгүүлэхээр шүүгчийн захирамж гарган буцаасан нь хууль зөрчсөн тухай эсэргүүцэлд дурьдагдсан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул эсэргүүцлийн дээрх үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

 

            Иймд Д.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 307 дугаар зүйлийн 307.1, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт заасныг удирдлага  болгон       ТОГТООХ НЬ:

 

           1.Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 41 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

           2.Хэргийг шүүхэд очтол яллагдагч Д.Бум-Эрдэнэд урьд авсан “Гадагш явж болохгүй баталгаа авах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           3. Энэхүү магадлалд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                                          ШҮҮГЧИД                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ