| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0135/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 158
2020 01 28 2020/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Б.М ,
хохирогч П.Сүнжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07347 0042 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.М
Холбогдсон хэргийн талаар:
Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1090-а тоот гэртээ эхнэр П.Сүнжидмаатай гэр бүлийн асуудлаар маргалдан гараараа нүүр, толгой болон баруун бугалганд тус тус цохиж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Би жолооны курсээ тараад явж байгаад танилтайгаа таарсан. Тэгээд бид хоёр паб-д ороод хэдэн пиво уусан. Эхнэртэй маргалдсан байсангаа сөхөөд согтуу агсам тавьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй. Эхнэрээсээ уучлалт гуйгаад эвлэрсэн байгаа. Дараагийн 7 хоногт ажилд орохоор болсон болохоор торгуулийн ялаар шийтгэж өгнө үү. Саяхан 400.000 төгрөг эхнэртээ өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Сүнжидмаа мэдүүлэхдээ: Надад 400.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч П.Сүнжидмаагийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Сүнжидмаагийн өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд намайг 1 настай охин Энэрэл, 3 настай хүү Итгэлт нартайгаа унтаж байхад нөхөр Б.М гаднаас согтуу орж ирээд чи яагаад манайхныг хүндэлдэггүй юм бэ? миний аавыг хүндэлсэнгүй гээд бид хоёрын урьдны гар утсаар хэрэлдэж байсан яриаг утсан дээрээ бичиж аваад түүнийг сонсгоод манай аавыг чи нохойн бөөс гэсэн, яахаараа чи миний аавыг ингэж хэлдэг юм бэ? танайхан намайг хүндэлдэггүй гээд байн байн яриад байсан ба би нөхрийгөө өмнө нь 1 эмэгтэй хүүхэнтэй чатаар харьцдаг байсныг мэдээд бичсэн чатыг нь скрийн шот хийгээд фэйсбүүкэд тавьсан байсан. Тэгтэл чи фэйсбүүкэд миний зургийг, чаттай тавьсан гээд дарамталж байгаад миний толгой руу хэд хэдэн удаа цохиод элэг рүү гараараа цохиод газарт унасан байхад үснээс зулгаагаад аюулхай орчимд хэд хэдэн удаа өшиглөөд нуруу руу цохиод зодсон. Намайг 00 цагаас 01 цаг хүртэл зодож байгаад шалдан гадаа хонохыг ухаар гээд намайг дотоожтой гэрээс хөөж гаргаж гадаа зогсоочихоод хаалгаа дотроосоо түгжээд унтсан. Мөн хоёр хүүхдээ ална гээд 1 сартай хүүхдээ заамдаж аваад газарт саваад байсан. Би өглөө 07 цаг хүртэл гадаа нүүрсний амбаарт хоносон. Гэтэл өглөө нөхөр намайг гэр рүүгээ ор гээд оруулаад цагдаагаа дуудаад өг гэчихээд гар утас өгөхгүй байсан. Нөхөр Б.М 08 цагт ажилдаа явахаар нь жаахан унтаж байгаад босоод хүүхдүүдийнхээ хоолыг нь хийж өгөөд болсон явдлын талаар эгч Батчимэг /99316124/-т хэлэхэд манай эгч цагдаад дуудлага өг гэсэн. Би Б.М ийн биед гар хүрч чадаагүй. Намайг битгий зодооч гэж зөндөө түүнээс гуйсан. Намайг хааяа, хааяа зоддог. Жишээ нь 7 хоногт 1-2 удаа зоддог. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгч байгаагүй. 2018 оны 06 сарын үед байх, он сар өдрийг нь сайн санахгүй байна, өргөдөл өгч байсан. Миний тэр өргөдөл яаж шийдэгдсэнийг мэдэхгүй...
...Би КТГ-ын зураг авахуулмаар байна. Энэ мөнгийг гаргуулмаар байна. Мөн гэрлэлтээ цуцлуулмаар байна, нөхөртэйгээ хамт амьдармааргүй байна. Өөр надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 10-13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Батчимэгийн өгсөн: ...Би санаж байгаагаар 2-3 удаа зодож байсан. Гэхдээ би он, сар, өдрийг нь санахгүй байна. 2017 оны 07 сард байх маргалдаж байгаад П.Сүнжидмаагийн үснээс нь зулгаагаад гар, хөл рүү нь цохиод байхаар нь би болиоч гээд салгасан. Тухайн үед П.Сүнжидмаа толгой өвдөөд байна гээд байсан ба үс нь их хэмжээгэр халцарсан зулгаалгаснаас болоод ер нь маргалдах болгондоо биеийг нь чимхээд дандаа гар руу цохиод өшиглөөд байдаг байсан. Үүнээс болоод бие нь хөхөрдөг байсан. Би тэр болгоны он, сар, өдрийг нь нарийн хэлж мэдэхгүй байна. Би дүүгээ загнаад буруу өгөөд Б.М т юу ч хэлдэггүй байсан. Тэгтэл сүүлийн үед цагдаад дуудлага өгөөд ар гэрийнхэндээ хэлбэл чамайг алчихаад шоронд явна гэж дарамталдаг гэсэн. Хамгийн сүүлд буюу 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө зодохдоо нүд нүүрийг нь хөх няц болтол нь зодсон гэсэн. Эсвэл чамайг алаад эсвэл 2 хүүхдээ алчихаад шоронд явна гээд сүрдүүлдэг гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Баасанбатын өгсөн: ...Одоо манай дүүгийн амьдарч байгаа газар нь уулын оройд ойр орчимд нь айл байхгүй. Хажууд нь ганц айл байдаг боловч тэр хүнтэй, хүнгүй нь мэдэгдэхгүй хэцүүхэн амьдралтай айл байдаг. Тийм болохоор Б.М нь манай дүүг айл амьтан байхгүй гэрчгүй гэсэн үүднээс дураараа зодож хүчирхийлэл үйлддэг. Б.М ер нь дотуур тамиртай, өөрийнхөөрөө бардам зантай, өмчирхөг, эмэгтэй хүнийг дарамтлах хүсэл сонирхолтой юм болов уу гэж боддог. Б.М нь эхнэрээ удаа дараа зодож байсныг хамт амьдарч байсан дүү Батчимэг сайн мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 131 дугаартай шинжээчийн:
1. П.Сүнжидмаагийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4-5 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.М ийн: ...Би 00 цагийн орчимд гэртээ очсон ба гэр рүүгээ орохоос өмнө гэрийн хажуу талын дэлгүүрээс 2 лааз пиво аваад нэгийг нь гэрийн гадаа уугаад нөгөөдөхийг нь гэртээ ороод уусан. Би ойрд архи уугаагүй болохоороо амархан согтсон байсан. Гэртээ орж ирээд үлдсэн пивоо ууж байгаад цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Би эхнэртэйгээ өмнө нь маргалдсан байсан ба түүнийгээ сөхөж яриад эхнэртэйгээ маргалдсан юм шиг байна лээ, түүнээсээ болоод эхнэртээ гар хүрсэн юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.М ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28, 29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт:...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Б.М хохирогч П.Сүнжидмаа нар нь гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр хүмүүс болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх үндэстэй байна.
Иймд Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэстэй тул түүний гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзэв.
Б.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2019 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 12 дугаар гудамжны 1090-а тоот гэртээ эхнэр П.Сүнжидмаатай гэр бүлийн асуудлаар маргалдан гараараа нүүр, толгой болон баруун бугалганд тус тус цохиж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Сүнжидмаа, гэрч П.Батчимэг, Э.Баасанбат нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч П.Сүнжидмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, бөгөөд хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт болон хохирогчоор мэдүүлэхдээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.М ийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 10-13 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М ийг 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М т оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ