Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

2020        01         28                                  2020/ШЦТ/156

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Э.Л , түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд ҮД:01-68,

хохирогч Д.Хүрэлбат,

иргэний хариуцагч Г.Баярбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Э.Л-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003 00030 0020 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.Л

Холбогдсон хэргийн талаар:

Э.Л  нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Номин” супермаркетын гаднах автомашины зогсоолд Isuzu маркийн 9-76 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Хүрэлбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Л  мэдүүлэхдээ: Тэр өдөр хохирогч Д.Хүрэлбат ажилдаа хоцорч ирсэн. Над руу залгасаар байгаад намайг “Номин-Супер”  маркет дээр бараа буулгаж байхад ирсэн. Бараагаа буулгаж байхад нэг машин гаръя гэж хэлсэн. Тэгээд би тэр машины байсан зайнд орох гээд нилээн давчуу газар ухарч байсан. Хохирогч машин ухрахад хойно надад харагдахуйц газар зогсож надад зааварчилгаа өгдөг. Ухрах үйлдэл хийж байхад гэрэл асдаг. Хохирогч амбаарын ардуур орсон байсан болохоор надад харагдаагүй. Уг нь ард харж байгаа хүн машин зогсох болоход машин цохиж дохио өгөх ёстой. Би өөрөөсөө хохирогчид 382.000 төгрөг өгсөн. Байгууллагаас 1.637.000 төгрөг өгсөн байгаа гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Хүрэлбат мэдүүлэхдээ: 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө би ажилдаа хоцорч очсон. “Номин-Супер” маркетын гадаа би шүүгдэгчийг 30 минут хүлээж зогссон. Намайг ухрахдаа машин хараад зогсож байгаач гэхээр нь би жолоочид харагдахаар байрлалд зогссон. Тэгээд би дохио өгч орилсон. Нэг мэдсэн би гэмтэлд ирсэн байсан. Би гэмтэлд 6 хоног хэвтэж хагалгаанд орсон. Би дараа нь “Монгол Хуюндэй” эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Орой унтахад яс янгинаж өвддөг. Одоо гомдолтой байна. Өөрөө надад эмчилгээний мөнгө, эм, тариа, таяг авч өгсөн. Байгууллагаас 1.637.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Одоо баримтаар нэхэх зүйл байхгүй. Цаашдаа гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Одоо 2 дугаар сарын 15-нд зургаа авахуулна. Тэгээд гишгэж болох эсэхийг шийднэ гэсэн. 1 жилийн дараа миний хөлөнд хадсан зүйлийг авна гэсэн гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Г.Баярбаатар мэдүүлэхдээ: Хохирогч Д.Хүрэлбат нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажилд туршилтийн хугацаагаар ажилд орсон. Өмнө нь ажил 2018 онд ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан байгаа. Хохирогч ажилдаа ирэхдээ хоцорч ирсэн. Өглөөний 8 цаг 16 минутад ирсэн байгаа. Ажилдаа ирээд харицсан менежэрээсээ зааварчилгаа зөвлөгөө авалгүй явсан байгаа. Харин шүүгдэгч бол өглөө 5 цаг 40 минутад ажилдаа цагтаа ирж зааварчилгаа зөвлөгөө аваад ажилдаа гарсан байдаг. Манай байгууллагын зүгээс хохирогчийг тухай өдөр ажил тасалсан гэж үзэж байна. Манай хохирогч маань тухайн өдөр ажлын байран дээрээ ирж бүртгүүлээд гарсныг бид ажлын байран дээрх осол мөн эсэхийг шалгуулахаар мэргэжлийн хяналтын газар материалаа өгсөн байгаа. Компанийн зүгээс үйлдвэрийн осол гэж үзсэн учраас Хөдөлмөрийн аюулгүй байдлыг судлан бүртгэх дүрмийн 1.15-д зааснаар байгууллагаас анхан шатны зардал, эмчилгааний зардал болох 1.637.985 төгрөг гаргасан байгаа. Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрийн осол мөн эсэхийг шийдээд явна. Хариу нь үйлдвэрийн осол гэж гарвал хохирогч маань листээ аваад явах боломжтой мөн манай байгууллагаас шүүгдэгчийн гаргасан 382.000 төгрөгийг төлнө гэж байгаа гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-11, 12-13 дугаар тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 15 дугаар тал/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Ослын бичлэгийн он, сар, өдөр, цаг, минут, секунд нь 2020.01.01-ний 11 цаг 11 минут 07 секундээс эхэлж, 11 цаг 25 минут 03 секундэд дуусч байлаа. 11 цаг 19 минут 03 секундэд хохирогч Д.Хүрэлбатын толгойн хэсэг бичлэгийн баруун буланд орж ирэн, урагшаа харсан гараараа зам чиглүүлэн хойшоо зөөлөн алхаж байгаа, 11 цаг 19 минут 24 секундэд автомашины баруун хойд талын бүхээг хэсэг орж ирэн, хойшоо зөөлөн ухарч байгаа, 11 цаг 19 минут 34 секундэд хохирогч Д.Хүрэлбат автомашины арын хэсэг рүү урагшаа алхан ойртон очих үед 11 цаг 19 минут 35-37 секундэд автомашин огцом ухарч хохирогч Д.Хүрэлбат мөргөн газар унагаад, 11 цаг 19 минут 38-41 секундэд автомашин урагшаа хөдөлж, 11 цаг 19 минут 49-51 секунд хооронд жолооч Э.Л  автомашины баруун талаар хохирогч Д.Хүрэлбат дээр очиж байлаа...гэх тэмдэглэл /хх-ийн 16 дугаар тал/,

- Иргэний хариуцагчаар томилох тухай албан бичиг /хх-ийн 24 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Хүрэлбатын өгсөн: ...Гэмтлийн эмнэлэгт анх очиход жолооч Э.Л  таяг, боолт, ойр зуурын эм тариа авч өгсөн. Гэмтлийн эмнэлгийн хагалгааны 140.000 төгрөг, эм тарианы 70.000 төгрөг, эмнэлэгт 2020.01.07-ноос 16-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн мөнгө болох 1.000.000 төгрөгийг “Сүү” ХХК-иас гаргасан. Надаас ослын дараа мөнгө гараагүй, жолооч болон компаниас хохирлыг төлж барагдуулсан. “Эм Би Жи” эмнэлэгт 2020.01.07-ноос 16-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн, одоо буюу өнөөдөр эмнэлгээс гарна. Гомдолтой байна, одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар тал/,

- Хохирогч Д.Хүрэлбатаас гаргасан хүсэлт /хх-ийн 79 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Г.Баярбаатарын өгсөн: ...Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны “Номин” супермаркетэд манай хоёр ажилтан борлуулалтын түгээлт хийж явах үедээ зам тээврийн осол гаргасан юм билээ. Түгээлтийн жолооч Э.Л  тээврийн хэрэгслээ ухрааж зогсоол руу оруулах гэж байгаад түгээлтийн туслах Д.Хүрэлбатын хөлийг дайрч хугалсан. Хохирогч Д.Хүрэлбатад эмчилгээний зардалд 441.000 төгрөгийг зарцуулсан байгаа. Мөн 10-р хороололд хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, эмнэлгийн төлбөрийг гарахаар нь төлнө, уг эмнэлэг нь өдрийн 80.000 төгрөг, эмнэлгийн мөнгө урьдчилсан байдлаар 1.500.000 төгрөг болох байх. Хохирогчийн ослыг Мэргэжлийн хяналтын газарт үйлдвэрийн ослоор бүртгүүлсэн байгаа, осол мөн эсэх хариу гараагүй байгаа, компани үйлдвэрийн осол гэж үзээд анхан шатны тусламжийг үзүүлж байгаа. Хохирогч Д.Хүрэлбат нь 2020.01.01-ний өглөө ажилдаа 08:16 цагт ирсэн, уг нь 06:00 цагт ирэх байсан. Компанийн зүгээс ажил тасалсан гэж үзэж байгаа. Хохирогч Д.Хүрэлбат нь 2020.01.01-ний өдөр ажилдаа ирснээ дээд шатны инженертээ мэдэгдэлгүй шууд ажилдаа гарсан учраас тухайн өдөр ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа аваагүй, энэ нь өөрийнх нь ажлын хариуцлагагүй байдал гэж компанийн зүгээс үзэж байгаа. Хохирогч Д.Хүрэлбат нь тээврийн хэрэгслийг ухарч байгааг мэдэж зааварчилгаа өгч байсан, мөн өөрийнхөө аюулгүй байдлыг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хангах байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 982 дугаартай шинжээчийн:

1. Д.Хүрэлбатын биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, баруун хөлийн тавхайн 4-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 46-48 дугаар тал/,

- Шүүгдэгч Э.Л гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 32, 33, 42, 44 дүгээр тал/,

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаартай магадлагаа:

1. “Isuzu” маркийн 09-76 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Л  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүйгээр газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Д.Хүрэлбат нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...гэх магадлагааг гаргасан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Алтанжолоо /хх-ийн 62-63 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Л гийн: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Зүүн 4 замын зүүн хойд талын “Номин” супермаркетэд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн орчимд би Исүзү маркийн 09-76 УБЭ улсын дугаартай автомашинаараа захиалгын дагуу бүтээгдэхүүн хүргэж өгөх гээд гадна талынх нь зогсоол дээр очоод бүтээгдэхүүнээ буулгаж байсан чинь нэг автомашин зам чөлөөл гэхээр нь автомашинаа хөдөлгөн, зам чөлөөлөөд, зам чөлөөл гэсэн автомашины оронд орж зогсох гээд ухрах үйлдэл хийж байхдаа туслах ачигч Д.Хүрэлбатыг мөргөж хөлийг нь хугалсан. Ухрах үйлдэл хийх үедээ туслах ачигч Д.Хүрэлбатаар хойд талаа харуулж байсан боловч Д.Хүрэлбат автомашины хойд талын шат, байгууллагын шаттай довжоо хоёрын хооронд баруун хөлийнхөө шилбэ хэсгийг хавчуулж гэмтсэн. Тухайн үед Д.Хүрэлбат намайг ухарч байхад хойно зогсоод чиглүүлж өгч байсан ба би хоёр толиндоо хараад ухарч байсан, сүүлд зүүн талын толинд харагдаж байсан. Тэгээд жаахан явчих гэхээр нь жаахан ухарсан, энэ үед гэнэт алга болж толинд харагдахаа больсон. Тэгээд л орилсон. Тэгэхээр нь би урагшлан зогсоод автомашинаасаа буугаад ар талдаа очсон чинь хөлийг нь шат, автомашины хойд хэсэг хоёрт хавчиж гэмтээсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 дугаар тал/,

- Хохирлын баримт /хх-ийн 77-81 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Л  нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Номин” супермаркетын гаднах автомашины зогсоолд Isuzu маркийн 9-76 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Хүрэлбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Хүрэлбат, яллагдагчаар өгсөн Э.Л  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 982 дугаартай дүгнэлт, Мөрдөгчийн 6 дугаартай магадлагаа зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Л г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Л  энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Хохирогч Д.Хүрэлбатад учирсан 382.300 төгрөгийг шүүгдэгч Э.Л гийн зүгээс төлж барагдуулсан, иргэний хариуцагч “Сүү” ХХК-н зүгээс мөн хохирол төлбөр төлж барагдуулсан тул одоогоор нотлох баримтаар шүүгдэгч Э.Л г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Гэвч хохирогч Д.Хүрэлбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Э.Л  нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 44 дүгээр тал/

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт: ...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Э.Л гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Э.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд Э.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах ба битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Л  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Э.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Л  650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Л д оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хохирогч Д.Хүрэлбат нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Л д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ