Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

2020        01         31                                  2020/ШЦТ/186

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч П.Н , түүний өмгөөлөгч Б.Тэнгис ҮД:05-18, Я.Оюун-Эрдэнэ ҮД:28-18,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэр,

гэрч П.Баасанжаргал, П.Загдсүрэн,

иргэдийн төлөөлөгч Г.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр сарын 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Н яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00000 1539 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, П.Н

Холбогдсон хэргийн талаар:

П.Н  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны 13-14 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 28 дугаар гудамжны 363 тоот нийтийн байрны 01 тоотод иргэн Чогсом овогтой Дүгэржавыг цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                        

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Н  мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би ариун цэврийн өрөө орчихоод гараад ирэхэд Загдсүрэн, Дүгэржав ах хоёр архи уучихсан сууж байсан. Тэгээд л тэр хоёр хоорондоо  маргалдаж байсан. Би архи уугаагүй байсан. Би дундуур нь орж та хоёр болиоч дээ юунд ингэж байдаг юм бэ дээ гэсэн. Тэгээд тэр хоёр архиа ууж дуусчихаад Дүгэржав ах надаас архи аваад өгөөч гэж гуйсан. Би архи авч өгсөн. Тэгээд тэр хоёр ууж сууж байхдаа бас маргалдахаар нь би бас дундуур нь ороод та хоёр юунд ингэж байдаг юм гээд хэлсэн. Тэгээд тэр архиа уучихаад Загдсүрэн ах унтаад өгсөн. Дүгэржав ах тамхи татаад сууж байсан би хоол хийгээд өгье би хоол хийх гээд ширээн дээр хутга тавьсан байсан чинь тэрийг аваад босоод ирсэн. Та үүгээр яах гэж байгаа юм гэхэд би Загдсүрэнг ална аа гээд босоод ирэхээр нь би дундуур нь ороод та юунд ингэж байдаг юм гээд хутгаа өгөхгүй болохоор хутгыг нь авах гэж булаалцалдаж байгаад хутгатай гарнаас нь бариад хойш түлхсэн чинь зоогдчихсон. Тэгэхээр нь би юу ч бодоогүй хутгыг сугалаад авсан. Цус гоожоод байхаар нь айсандаа гараад явсан. Тэгээд замын хойноос такси бариад ажил руугаа явсан. Тэгээд яасан ийсэн бол гээд санаа зовоод хоёр лааз пиво уусан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэр мэдүүлэхдээ: Би хохирогч Дүгэржавын төрсөн дүү нь байгаа юм. Шүүгдэгч П.Н гийн эгч болох Баасанжаргалтай Дүгэржав ах 2007 оноос хамтран амьдарч байсан. Талийгаачийн оршуулгын зардалд ажил явдал болох үед 1.000.000 төгрөгийг, сая 5.000.000 төгрөгийг нийт 6.000.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо баримтаар нэхэмжлэх зүйлгүй. Энэ хүүхэд өөрөө гэм буруугаа ойлгож байна. Би одоо гомдолтой гээд талийгаач маань босч ирэх биш дээ. Энэ залуу хүүхэд байна. Ирээдүйг нь бодоод би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.    

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-12 дугаар тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 13-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэрийн өгсөн: ...Талийгаач Ч.Дүгэржав ахын нас барсан шалтгааныг тогтоож гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж өгнө үү. Ер нь бол 6.000.000 төгрөгийн зардал гарсан. Гэхдээ ах, дүү нарынхаа машин, наашаа цаашаа явсан бензин тосыг нь оруулахгүйгээр 6.000.000 төгрөгийн зардал гарсан. Би талийгаачийн буяны ажилтай холбоотой баримтуудыг тухайн үед цуглуулсан хэмжээгээрээ хавтаст хэрэгт өгсөн. Одоо надад нэмж өгөх баримт алга...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27, 28-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Баасанжаргалын өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай төрсөн дүү Загдсүрэн барилгын ажлынхаа цалинг авахаар миний төрсөн хүү Баяндалайг дуудаж цалингаа хамт явж авсан. Баяндалай бид нарыг цалингаараа архи уучихна гээд та нар манай гэрт очиж байцгаа. Баянхошуунд байвал янз бүрийн хүмүүстэй нийлээд архи уучихна гэхээр нь өглөө 09 цагийн үед Дүгэржав, манай төрсөн дүү Загдсүрэн, П.Н  нарын хамт хүү Баяндалайн гэрт ирсэн. Бид нар цалингаа авсан болохоор эхлээд 0,5 литрийн “Хараа” архи Баяндалайн гэр рүү ирж байх замдаа авсан. Ямар дэлгүүрээс авснаа санахгүй байна. Бид дөрөв  замдаа авсан архиа Баяндалайн гэрт хувааж ууцгаасан бөгөөд архиа ууж дуусаад би тасраад унтчихсан. Нэг ухаан орж сэрэх үед П.Н  явчихсан байсан бөгөөд 17 цаг болж байхад архи сэрэхэд Загдсүрэн явчихсан харин газар Дүгэржав дээшээгээ харсан байдалтай хэвтэж байсан. Би талийгаачийг унтаж байна гэж бодсон. Удалгүй 18 цагийн үед гаднаас Баяндалайн найз охин Ариука /бүртэн нэрийг нь сайн мэдэхгүй байна гэх/ орж ирээд гутлаа сольж өмсчихөөд гараад явчихсан. Ариукаг гарч явсны дараа би талийгаач дээр очоод уруул дээр нь үнстэл хүйтэн болчихсон байхаар нь үхчихсэн юм байна гэж бодоод сууж байтал хэсэг хугацааны дараа манай хүү Баяндалай гаднаас орж ирэхээр нь Дүгэрээ ахыг үзээдэхдээ нас барчихсан юм шиг байна гэсэн чинь Баяндалай биед нь хүрч үзээд үхчихсэн байна шүү дээ гээд орилоод гараад явчихсан. Тэгээд цагдаа дуудсан юм шиг байна лээ...Загдсүрэн 2019 оны 05 дугаар сард хөдөөнөөс ирснээс хойш талийгаач бид хоёртоо хамт амьдарч байгаа. 2019 оны 06 дугаар сард талийгаач загдсүрэн хоёр архи уугаад хоорондоо зодолдож байгаад талийгаач Загдсүрэнгийн гарынх нь шууг хутгалчихсан. Тухайн үед намайг бас талийгаач зодоод цагдаа ирээд  талийгаачийг эрүүлжүүлээд маргааш нь гарасан бөгөөд Загдсүрэн цагдаад хандаж  хутгуулсан асуудлаа шалгуулаагүй. Тэрнээс хойш тэгэхдээ зүгээр ажилдаа яваад  ямар нэгэн маргаан үүсгээгүй. Талийгаач архи уухаараа их тавтиргүй буюу ааш муутай, харьцаа муутай хүн байгаа юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Баяндалайн өгсөн: ...Би 2019 оны 07дугаар сарын 07-ны өглөө 11 цагаас 12 цагийн орчимд машинаа засуулахаар гарсан юм. Ингээд өөрийн унаж хэрэглэж байгаа 94-04 УБП улсын дугаартай” Ниссан Bluebird selfi”  маркийн машинаа Монелд байдаг засварчин ах болох Баагий ахын гэрийн гадна янзалж байгаад оройн 20 цагийн үед гэртээ очсон. Ингээд гэрт очиход манай ээж тухайн үед түрээслэн амьдарч байсан байрны баруун талын хэсэгт суучихсан шокийн байдалтай байсан. Мөн архи уучихсан согтуу байсан. Мөн талийгаач Дүгэржав гэрийн үүдэн хэсэгт дээшээ харсан байдалтай байсан. Өөр ямар нэг хүн байгаагүй. Ингээд юу болсон талаар яасан бэ гэхэд Дүгэрээ ах чинь өнгөрчихлөө, одоо яах вэ гэж хэлсэн. Тэгээд би хүзүү орчимд нь хүрэхэд бие нь хүйтэн, нас барсан нь илт байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд ээжээс юу болсныг асуусан боловч унтаад сэрсэн чинь нас барчихсан байна мэдэхгүй гээд байсан. Бас гарч яваад хүмүүстэй зодолдсон гэх утгатай зүйл яриад Улаанаа буюу П.Н  ахыг Дүгэрээ ахыг алчихсан юм биш үү гэж яриад тэгээд цагдаа нарын хамт П.Н г Тоосгоны үйлдвэрийн тэндээс ажил дээрээс авч ирсэн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.Загдсүрэнгийн өгсөн: ...Тухайн үед өглөөний 10 цаг болж байхад миний төрсөн дүү болох П.Н  болон Баасанжаргалын том хүү болох Баяндалай нар ирсэн бөгөөд та нар энд байхаар архи уугаад байх юм байна, ер нь манай гэрт очъё, манайд очоод хоол унд хийж идэцгээ гэж Баяндалай хэлсэн. Тэгэхээр нь бид гурав  зөвшөөрсөн ба замаараа 21-р хороололын тэр хавиас ажлын цалин болох 300.000 төгрөг авсан. Тэгээд бид тав Баяндалайгийн гэрт очсон ба тухайн үед би Баяндалайгаас гуйж байгаад 0,5 граммын “Хараа” нэртэй архи авахуулсан бөгөөд Дүгэржав, П.Н  бид 3 хувааж уусан юм. Тэгээд уг архиа хувааж уучихаад дахин нэг шил 0,5 граммын “Хараа” нэртэй архи худалдан авч ууж байтал талийгаач Дүгэржав нь над руу дайраад байсан ба чам шиг хошногыг алчихсан байсан ч яадаг юм гэх мэтээр дайрсан юм. Ер нь Дүгэржав архи уух болгондоо над руу дайрч давшилдаг бөгөөд миний гарыг хутгалж байсан ба намайг гэрээсээ хөөдөг байсан. Тэгээд тухайн үед талийгаач Дүгэржав нь над руу хутга бариад дайраад байсан. Тэгтэл миний дүү болох П.Н  талийгаачид миний ганц ахыг яах гэж ингэж байдаг юм гэж хэлээд надаас салгасан ба хутгыг нь тухайн үед яасныг нь би мэдэхгүй байна, тэгээд би тэр хоёрт хандан та хоёр одоо больцгоо, надаас болоод хоорондоо маргалдахаа боль гэж хэлчихээд хана руу хараад унтаад өгсөн. Тэгээд 16 цагийн үед намайг сэртэл талийгаач Дүгэржав нь үүд рүү хараад хажуу талаараа хэвтэж байсан ба Баасанжаргал эгч хажууд нь хөнжил дэрлэчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би эгчээс Дүгэрээ ах тасраад унтчихсан уу гэж асуутал тийм ээ, тасраад унтчихсан гэж надад хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явахаар болсон ба эгчид би гэртээ очоод байж байя Баяндалайг ирэхээр нь Дүгэрээ ах та 2 ардаас хүрээд ирэхгүй юу гэж хэлээд Баянхошуу руу явсан. Тэгээд тухайн үед би эгчийнхээ гэрт иртэл манай хажуу талд байрлах эхнэр, нөхөр 2 нэг шил архи хувааж ууя гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөд 0,75 граммын “Хандгай” гэх архийг хувааж уучихаад би унтсан бөгөөд шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, цагдаа нар ирээд намайг аваад явсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1519 дугаартай шинжээчийн:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн талд 5-6-р хавирганы завсраар зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1700 мл/, зүүн хөмсөг, зүүн хацар, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, өнгөц шарх, цээжинд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн гуянд хуучин цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Талийгаачийн цусанд 3,4 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис илрээгүй, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

4. Талийгаач нь В (III) бүлгийн цустай байна.

5. Талийгаач нь дээрх цээжний зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шархны улмаас нас баржээ.

6. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

7. Талийгаач нь 2019.07.07-ны 00 цаг 30 минутын үзлэгээр нас бараад 10-12 цаг болсон байх боломжтой байна. /цогцост хийсэн анхны үзлэгээр/ Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /1-р хх-ийн 46-48 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3921 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн дрожноос бэхжүүлсэн гэх толбо нь цус байна.

2. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.

3. Дрожноос бэхжүүлсэн гэх толбоноос илэрсэн ДНХ-ийн тогтоц нь талийгаач Ч.Дүгэржавын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжээч Ш.Пүрэвдулам гэх дүгнэлт /1-р хх-ийн 70 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3983 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн, цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

2. Уг цус нь эрэгтэй хүний цус байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Дүгэржавын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжээч Ш.Пүрэвдулам гэх дүгнэлт /1-р хх-ийн 78 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3986 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн цамц, футболка, өмд, малгайн дээр цус илэрсэн, бусад хувцас дээр цус илрээгүй. Малгайн дээр илэрсэн цус шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн цамц, футболка, өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн цамц, футболка, өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Дүгэржавын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжээч Ш.Пүрэвдулам гэх дүгнэлт /1-р хх-ийн 81 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Н гийн: ...Би “Хөвсгөл Хөх Тэнгэр” ХХК-д барилгын ажил хийж ажлын байрандаа байрладаг байсан ба баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс манай компани бүх ажилчидаа амраасан тул би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 20-21 цагийн үед дүү Баяндалайн гэрт очиж хоносон.  Маргааш нь буюу 07 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед Баяндалай бид хоёр Баянхошуу руу Баяндалайн ээж миний төрсөн эгч Баасанжаргалын гэрт очсон бөгөөд Баасанжаргал эгч хамтран амьдрагч Дүгэржав, төрсөн ах Загдсүрэн нар цалингаа аваад олон хоног архи уугаад байна гэсэн тул болиулах гэж очсон. Тэгээд Баяндалай бид хоёр Баасанжаргал, Дүгэржав ах, Загдсүрэн ах нарыг аваад 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Өлгийн 28-363 тоотод байрлах нийтийн байрны 01 тоотод оршин суух Баяндалайн гэрт очсон. Баяндалайн гэрт очсоны дараагаар би гадаа жорлон орчихоод буцаж ирсэн чинь Баасанжарал, Дүгэржав, Загдсүрэн гурав 0.5 литрийн хэмжээтэй Хараа архи задалчихсан хувааж уугаад сууж байсан ба Загдсүрэн ах надад архинаас аяганд хийгээд өгөхөөр нь би уулгүй амсаад өгсөн. Тухайн үед Баасанжаргал эгч их согтсон байсан тул би түүнийг унтуулах гэхэд Дүгэржав ах битгий унтуул, архи хийж өг гээд агсраад байсан. Дүгэржав ах Загдсүрэн ахтай маргалдаад би чамайг ална шүү, хутгална шүү, хошного минь, пизда минь гэх мэтээр Загдсүрэн ахыг дарамтлаад байхаар нь дундуур орж маргааныг салгаад Дүгэржав ахад хандаж та одоо болиоч дээ яагаад дандаа архи уухаараа ийм зан гаргадаг юм бэ дандаа хутгална гэж ярих юм гэж хэлэхэд, би өмнө нь нэг удаа Загдсүрэнг хутгалж байсан юм чинь дахиад хутгалсан ч яадаг юм гэж хэлээд над руу бас уурлаж дайраад байсан...Тухайн үед Дүгэржав намайг хутгална гээд над руу хутга бариад ирсэн ба би хутгыг нь булааж авах гэж байгаад түүнтэй ноцолдож байгаад түлхсэн бөгөөд энэ үед Дүгэржавын цээжинд хутга зоогдчихсон. Энэ үйл явдлыг харсан хүн байхгүй бөгөөд Баасанжаргал эгч, Загдсүрэн ах хоёр унтаж байсан. Талийгаачийг шар бор өнгийн иштэй хутгаар хутгалсан ба би Баяндалайгийн гэрээс гарахдаа хутгаа талийгаачийн хэвтэж байсны ойролцоо газар үлдээгээд гарсан. Талийгаач хутгаа зүүн гартаа барьсан байсан бөгөөд хутганы ирийг доошоо харуулаад барьчихсан байсан. Ингээд намайг хатгах гээд байсан болохоор нь булаацалдах явцдаа хутганых нь ирийг өөр рүү нь харуулаад түлхчихсэн юм. Хутгатай зүүн гарыг нь 2 гараараа би бариад хутганы ирийг өөр рүү нь харуулаад хүчтэй түлхсэн чинь хутга цээжинд нь зоогдчихсон бөгөөд нилээн гүн орох шиг болсон...Би хутгаа татаж аваад цусыг нь тогтоох гээд талийгаачийн дээгүүр өмссөн хар өнгийн фудболкыг нь дээшлүүлээд цус гарч буй хэсэгт нь гараараа дарсан боловч цус нь тогтохгүй байхаар нь айж сандарсандаа шууд Баяндалайн гэрээс гарч замын хойд талаас такси бариад ажлын газрынхаа ажилчдын байранд очсон...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-141 дүгээр тал/,

- Шүүгдэгч П.Н гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-н 146, 175 дугаар тал/,

- Хохирлын баримт /1-р хх-ийн 161-168 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Н  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны 13-14 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 28 дугаар гудамжны 363 тоот нийтийн байрны 01 тоотод иргэн Чогсом овогтой Дүгэржавыг цээжин тус газарт нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Баяндалайн өгсөн “...Би 2019 оны 07 сарын 07-ны өглөө 11 цагаас 12 цагийн орчимд машинаа засуулахаар гарсан юм. Ингээд өөрийн унаж хэрэглэж байгаа 94-04 УБП улсын дугаартай Ниссан Bluebird selfi маркийн машинаа Монелд байдаг засварчин ах болох Баагий ахын гэрийн гадна янзалж байгаад оройн 20 цагийн үед гэртээ очсон. Ингээд гэрт очиход манай ээж тухайн үед түрээслэн амьдарч байсан байрны баруун талын хэсэгт суучихсан шокийн байдалтай байсан. Мөн архи уучихсан согтуу байсан. Мөн талийгаач Дүгэржав гэрийн үүдэн хэсэгт дээшээ харсан байдалтай байсан. Өөр ямар нэг хүн байгаагүй. Ингээд юу болсон талаар яасан бэ гэхэд Дүгэрээ ах чинь өнгөрчихлөө, одоо яах вэ гэж хэлсэн. Тэгээд би хүзүү орчимд нь хүрэхэд бие нь хүйтэн, нас барсан нь илт байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд ээжээс юу болсныг асуусан боловч унтаад сэрсэн чинь нас барчихсан байна мэдэхгүй гээд байсан. Бас гарч яваад хүмүүстэй зодолдсон гэх утгатай зүйл яриад Улаанаа буюу П.Н  ахыг Дүгэрээ ахыг алчихсан юм биш үү гэж яриад тэгээд цагдаа нарын хамт П.Н г Тоосгоны үйлдвэрийн тэндээс ажил дээрээс авч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 дугаар тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.Загдсүрэнгийн өгсөн “...Тэгээд тухайн үед талийгаач Дүгэржав нь над руу хутга бариад дайраад байсан. Тэгтэл миний дүү болох П.Н  талийгаачид миний ганц ахыг яах гэж ингэж байдаг юм гэж хэлээд надаас салгасан ба хутгыг нь тухайн үед яасныг нь би мэдэхгүй байна, тэгээд би тэр хоёрт хандан та хоёр одоо больцгоо, надаас болоод хоорондоо маргалдахаа боль гэж хэлчихээд хана руу хараад унтаад өгсөн. Тэгээд 16 цагийн үед намайг сэртэл талийгаач Дүгэржав нь үүд рүү хараад хажуу талаараа хэвтэж байсан ба Баасанжаргал эгч хажууд нь хөнжил дэрлэчихсэн хэвтэж байсан. Тэгэхээр нь би эгчээс Дүгэрээ ах тасраад унтчихсан уу гэж асуутал тийм ээ, тасраад унтчихсан гэж надад хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ явахаар болсон ба эгчид би гэртээ очоод байж байя Баяндалайг ирэхээр нь Дүгэрээ ах та 2 ардаас хүрээд ирэхгүй юу гэж хэлээд Баянхошуу руу явсан. Тэгээд тухайн үед би эгчийнхээ гэрт иртэл манай хажуу талд байрлах эхнэр, нөхөр 2 нэг шил архи хувааж ууя гэж надад хэлэхээр нь би зөвшөөрөөд 0,75 граммын “Хандгай” гэх архийг хувааж уучихаад би унтсан бөгөөд шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна, цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр тал/,

...Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1519 дугаартай шинжээчийн:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн талд 5-6-р хавирганы завсраар зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцэгийн хөндий, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1700 мл/, зүүн хөмсөг, зүүн хацар, хамрын нуруу, эрүүнд цус хуралт, өнгөц шарх, цээжинд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн гуянд хуучин цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Талийгаачийн цусанд 3,4 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис илрээгүй, шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

4. Талийгаач нь В (III) бүлгийн цустай байна.

5. Талийгаач нь дээрх цээжний зүүн хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шархны улмаас нас баржээ.

6. Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй.

7. Талийгаач нь 2019.07.07-ны 00 цаг 30 минутын үзлэгээр нас бараад 10-12 цаг болсон байх боломжтой байна. /цогцост хийсэн анхны үзлэгээр/ Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэх дүгнэлт /1-р хх-ийн 46-48 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3921 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн дрожноос бэхжүүлсэн гэх толбо нь цус байна.

2. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.

3. Дрожноос бэхжүүлсэн гэх толбоноос илэрсэн ДНХ-ийн тогтоц нь талийгаач Ч.Дүгэржавын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжээч Ш.Пүрэвдулам гэх дүгнэлт /1-р хх-ийн 70 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3983 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн, цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.

2. Уг цус нь эрэгтэй хүний цус байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Дүгэржавын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжээч Ш.Пүрэвдулам гэх дүгнэлт /1-р хх-ийн 78 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3986 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн цамц, футболка, өмд, малгайн дээр цус илэрсэн, бусад хувцас дээр цус илрээгүй. Малгайн дээр илэрсэн цус шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн цамц, футболка, өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн цамц, футболка, өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо талийгаач Ч.Дүгэржавын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжээч Ш.Пүрэвдулам гэх дүгнэлт /1-р хх-ийн 81 дүгээр тал/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн П.Н гийн “...Тухайн үед Дүгэржав намайг хутгална гээд над руу хутга бариад ирсэн ба би хутгыг нь булааж авах гэж байгаад түүнтэй ноцолдож байгаад түлхсэн бөгөөд энэ үед Дүгэржавын цээжинд хутга зоогдчихсон. Энэ үйл явдлыг харсан хүн байхгүй бөгөөд Баасанжаргал эгч, Загдсүрэн ах хоёр унтаж байсан. Талийгаачийг шар бор өнгийн иштэй хутгаар хутгалсан ба би Баяндалайгийн гэрээс гарахдаа хутгаа талийгаачийн хэвтэж байсны ойролцоо газар үлдээгээд гарсан. Талийгаач хутгаа зүүн гартаа барьсан байсан бөгөөд хутганы ирийг доошоо харуулаад барьчихсан байсан. Ингээд намайг хатгах гээд байсан болохоор нь булаацалдах явцдаа хутганых нь ирийг өөр рүү нь харуулаад түлхчихсэн юм. Хутгатай зүүн гарыг нь 2 гараараа би бариад хутганы ирийг өөр рүү нь харуулаад хүчтэй түлхсэн чинь хутга цээжинд нь зоогдчихсон бөгөөд нилээн гүн орох шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-141 дүгээр тал/ зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Н г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Дээрх нотлох баримтыг үндэслэн дүгнэхэд шүүгдэгч П.Н  нь талийгаач Ч.Дүгэржавыг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно. Хүнийг алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ нас барсан болох нь нөлөөлөхгүй юм.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар Ч.Дүгэржавын амь нас хохирсон нь шүүгдэгч П.Н гийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар гэм хорын хохирол буюу амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төрсөн Ц.Дэлгэр оршуулгын зардал 4.961.356 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна. /1-р хх-ийн 161-167 дугаар тал/,

Шүүгдэгч, түүний ар гэрийнхнээс хохирогчид учирсан хохиролд 6.000.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар,  баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /1-р хх-ийн 240 дүгээр тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Хохирогч Ч.Дүгэржав болон П.Загдсүрэн, П.Баасанжаргал нар нь архидан согтуурч хэвийн бус байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ гэж дүгнэв.

Шүүгдэгч П.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хуулийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэн үзэх үндэслэлтэй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч П.Н д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  хохирогчийн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үзэж П.Н д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийн талаар:

            П.Н  нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч нийт  207 хоног цагдан хоригдож байгаа болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 265 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож  байна. /1-р хх-ийн 124-125-р тал, 128-129-р тал, 179-180-р тал 187-188-р тал, 223-224-р тал/,

            Шүүгдэгч П.Н гийн цагдан хоригдсон 207 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаачийн өмсөж байсан хар өнгийн фудволк 1 ширхэг, хар өнгийн судалтай биеийн тамирын өмд 1 ширхэг, хар хөх өнгийн хос оймс 1 хос, ногоон өнгийн малгай 1 ширхэг, бор шаргал өнгийн хос гутал 1 хос, шар цагаан өнгийн судалтай хар өнгийн цамц 1 ширхэг, нийт 26,5 см урттай, 14,7 см урттай ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн угийн өргөн 2,6 см, бор ховил бүхий иштэй, ишэндээ 2 ширхэг хадаастай хутга 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан улаан хүрэн толботой цагаан өнгийн даавуу 1 ширхэг, сэрүүн гэсэн бичиглэлтэй дотроо шингэн зүйлгүй 2 ширхэг пивоны сав зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. П.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Н г 5 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Н д 5 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Н гийн цагдан хоригдсон 207 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, П.Н  нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаачийн өмсөж байсан хар өнгийн фудволк 1 ширхэг, хар өнгийн судалтай биеийн тамирын өмд 1 ширхэг, хар хөх өнгийн хос оймс 1 хос, ногоон өнгийн малгай 1 ширхэг, бор шаргал өнгийн хос гутал 1 хос, шар цагаан өнгийн судалтай хар өнгийн цамц 1 ширхэг, нийт 26,5 см урттай, 14,7 см урттай ажлын хэсэгтэй, ажлын хэсгийн угийн өргөн 2,6 см, бор ховил бүхий иштэй, ишэндээ 2 ширхэг, хадаастай хутга 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан улаан хүрэн толботой цагаан өнгийн даавуу 1 ширхэг, сэрүүн гэсэн бичиглэлтэй дотроо шингэн зүйлгүй 2 ширхэг пивоны сав зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан  шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                          С. ӨСӨХБАЯР                               

 

                                 Д.МӨНХТУЯА