| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0118/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 193
2020 02 03 2020/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч Н.Дуламсүрэн,
шүүгдэгч Б.Б ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэнжаргал нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Б.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06624 2751 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар:
Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 82-а байрны гадна иргэн Ч.Бат-Эрдэнэтэй таксины мөнгөнөөс болж маргалдан түүнийг автомашинаас татан буулгаж цээжин тус газар нь 7-8 удаа гараараа цохин, зүүн ташаа хэсэг рүү нь 1 удаа өшиглөн биед нь өвчүү ясны хугарал, зүүн талын 4, 5, 6-р хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр хугарал, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би гэмтлээс гэр рүүгээ явж байхдаа энэ хүнийг авсан. Оффицеруудын ордны аюулгүйн тойрогтийн хажууд гараа өргөөд зогсож байхаар нь би аваад “Жаст” ойлын тэнд 82 дугаар байрны гадаа очсон надаас хэдэн төгрөг гарсан бэ гэхээр нь би 2500 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгээд хохирогч над руу яахаараа 2500 гардаг юм бэ гээд дайраад байсан. Хажуу талын байр нь баригдаж байсан. Би гэр хорооллын замаар явсан болохоор 500 төгрөг нэмж хэлсэн. Тэгсэн чинь над руу 1500 төгрөг шидэж өгсөн. Би тэгээд наад мөнгийг чинь би авахгүй гэсэн чинь намайг гуйлгачин чинь хүний өгсөн мөнгийг авч сур гэж хэлсэн. Тэгээд би сүүлдээ зүгээр буугаад яв гэж хэлсэн чинь гарч ирээд над руу дайрааад байсан. Ч.Бат–Эрдэнэ миний шанаан тус газар цохисон би аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Тэгсэн нэг залуу гарч ирэхээр нь энэ залууг аваарай танай байрны залуу юм шиг байна гэж хэлсэн. Хохирогчийг байрных нь залуу аваад явсан. Авч явсан залууд хандаж “би энэ хүн рүү дайраагүй шүү” гэж хэлээд машиндаа суугаад гэртээ харьсан. Би 430.000 төгрөг шилжүүлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэрэнжаргал мэдүүлэхдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай нөхөр гэртээ орж ирэхэд хувцас нь нил тоос, шороо болсон байсан. Тэгээд шөнө цээжээ дараад уйлаад байхаар нь бид 2 маргааш нь эмнэлэг орж үзүүлсэн. Хүндэвтэр гэмтэл учирсан байсан. Бид 2 хоёулаа ажил хийдэг. Хүүхдүүд төлбөртэй сургуульд явдаг. 150.0000 төгрөгөөр цээжний зураг авахуулсан. 430.000 төгрөг шүүгдэгч өгсөн байгаа. Одоо ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэж байна. Цалин хөлсөнд 850.000 төгрөг нэхэмжилж байна. Баримтаар өгөх зүйл байхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Бат-Эрдэнийн өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Говь-Алтай аймгаас ирсэн найз Батбаатартай 3, 4-р хороололд Винсвэе гэдэг нэртэй газар хоол идэж, 2 ширхэг пиво уучихаад Батбаатараас Баянзүрх дүүргийн Чулуун овооны нохойтой хөшөөний урд зам дээрээс салаад такси барьсан. Такси барихад 39-82 УНБ улсын дугаартай цайвар өнгийн Хонда Инсайт маркийн машин байсан бөгөөд жолооч 20 гаран насны залуу байсан. Би тэр такситай яваад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 82-а байрны гадаа 00 цаг болох гэж байхад ирэхэд 1,3 км явсан байсан. Тэгсэн жолооч нь надаас 2500 төгрөг нэхсэн. Тэгэхээр нь би яахаараа 2500 төгрөг гардаг юм гэсэн чинь гэр хороолол руу эргэсэн шороон замаар явсан гэж надад хэлсэн ба би илүү мөнгө өгөхгүй гээд бид 2 маргалдсан. Маргалдаж байгаад жолооч нь машинаасаа буугаад машины хойд хаалгыг онгойлгож намайг машинаас татаж чирч буулгаад сүртэй пизда вэ чи гэж хэлээд 2 удаа миний цээж рүү гараа атгаж байгаад саваад цохисон. Би цохиулаад газар унасан би газар хэсэг байж байгаад өндийгөөд ирэхэд манай байрны дэлгүүрт ажилладаг залуу надад туслаад намайг босгосон. Би босч ирээд таксины жолооч залууг яагаад намайг цохиж байгаа юм гээд хэрэлдэж байхад таксины жолооч залуу дэлгүүрийн залуугийн хажуугаар миний цээж рүү гараа атгаж байгаад 5-6 удаа цохиод зүүн талын ташаа руу нэг удаа өшиглөсөн. Би юм ярьж чадахгүй багтраад байж байгаад гайгүй болохоор нь дэлгүүрийн залуутай цуг дэлгүүр рүү ороод ундаа авч уучихаад гэр рүүгээ орсон. Маргааш өглөө нь босох гэхэд босч чадахгүй цээж өвчтэй болчихсон байсан бөгөөд гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд Мөнгөн гүүр эмнэлэгт зургаа авахуулаад эгэм, өвчүүний яс, хавирга хугарсан байна гэж хэлсэн, тэгээд цагдаад хандсан. Би 2019 оны 09 дүгээр сард зүрхний хагалгаанд орж байсан юм. Зодуулснаас хойш зүрх өвдөөд байгаа. Миний эмчилгээний зардал 500.000 орчим төгрөг, 1 сар ажилдаа явж чадаагүй 1.500.000 төгрөгийн цалин авах байсан болон бусад зардалд 1.000.000 төгрөг нийт ойролцоогоор 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Зардлын баримтуудыг дараа нь авч ирж өгье...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 12916 дугаартай шинжээчийн:
1. Ч.Бат-Эрдэнийн биед өвчүү ясны хугарал, зүүн талын 4, 5, 6-р хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр хугарал, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Нацагдоржийн өгсөн: ...Манай хүргэн Тайванбат дэлгүүрээ хаах гэж байснаа хүүе гэж чанга дуугараад шатны уруу гүйгээд гарсан. Би юу болсон юм бол гэж бодоод харсан. Тэгтэл машины хажуу талд 30 орчим насны залуу газарт уначихсан дээрээс нь нэг залуу дээрээ гараа далайгаад зогсож байсан. Би тэгээд дэлгүүр рүүгээ ороод удаагүй байтал Тайванбат 30 орчим насны залууг дагуулаад орж ирсэн. Тухайн 30 орчим насны залуу нилээн зодуулсан байдалтай үс толгой, хувцас хунар нь нил шороо болчихсон байсан. Дэлгүүрээс нь юм аваад гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Тайванбатын өгсөн: ...Таксины мөнгөнөөс болоод 2 залуу маргалдаад зогсож байсан. Таксины жолооч залуу манай байрны оршин суугч залууг цээж рүү нь 2 удаа хүчтэй цохисон. Оршин сууг залуу газар унасан байхад нь 1 удаа цээж рүү нь гараараа цохисон. Намайг наад залуугаа аваад орчих гэж гуйсан. Би согтуу хүнийг зодож болохгүй, эрүүлд нь учраа ол гэж хэлсэн. Боссон байхад нь дахиад цээж рүү нь 1 удаа гараараа цохисон. Тэгээд би салгаад аваад орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Б ын: ...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 12 дугара хорооны нутаг дэвсгэрт байрлах Нохойтой хөшөөний урд талаас Бат-Эрдэнэ /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх залууг аваад Жанжин клубын хойд талд хүргэн өгсөн. Бат-Эрдэнэ агсам тавиад байхаар нь би чамайг гэр рүүгээ явах замдаа авч явсан гэж хэлсэн. Бат-Эрдэнэ чи пизда минь хүнд аятайхан үйлчил гээд мөнгөө авсан. Шороон зам байсан болохоор 2000 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад би Бат-Эрдэнэ буучих гэхэд буухгүй гээд байсан. Би машинаасаа буугаад Бат-Эрдэнийг мөрнөөс нь буу гээд татахад буухгүй намайг зөрүүлээд татсан. Би буцаагаад түлхэхэд Бат-Эрдэнэ машинаас бууж ирсэн. Намайг мөр цээж рүү түлхсэн. Би Бат-Эрдэнийн мөр рүү буцаагаад түлхсэн. Хоорондоо маргалдаж байсан. Бат-Эрдэнийг гэр рүү ор гэхэд орохгүй хэрэлдээд маргалдаад байсан. Бие биенээ заамдаж аваад Бат-Эрдэнэ намайг баруун гараараа шанаа нүүрэн тус газар цохисон, би буцаагаад нүүрэн тус газар нь цохисон. Бие, биетэйгээ зууралдаад байж байхад дэлгүүрээс 1 залуу гарч ирээд юу болоод байгаа юм больцгоо гэж хэлсэн. Наад залуу чинь агсам тавиад хүн явуулахгүй байна гэж хэлсэн. Бат-Эрдэнэ үргэлжлүүлээд над руу дайраад байсан. Би наад хүнээ аваад оруулчих танай байр юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ над руу агсам тавьж хараагаад байхаар нь нөгөө залуу руу энэ хүн хараалын үг хэлээд дайраад байна гэж хэлсэн. Би нэг ч хараалын үг хэлээгүй гэж хэлсэн. Нөгөө залуу болиоч гээд хажууд ирж зогсоод байсан. Бат-Эрдэнэ над руу дайрч байгаад заамдахаар нь би буцаагаад заамдаж түлхсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/,
- Хохирлын баримт /хх-ийн 29-36 дугаар тал/,
- Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 66-73, 74, 75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 82/А/байрны гадна иргэн Ч.Бат-Эрдэнэтэй таксины мөнгөнөөс болж маргалдан түүнийг автомашинаас татан буулгаж цээжин тус газар нь 7-8 удаа гараараа цохин, зүүн ташаа хэсэг рүү нь 1 удаа өшиглөн биед нь өвчүү ясны хугарал, зүүн талын 4, 5, 6-р хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр хугарал, цээж, хэвлийд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Бат-Эрдэнэ, гэрч С.Нацагдорж, Х.Тайванбат нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 12916 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Бат-Эрдэнэ өөрт учирсан хохирлын талаарх 412.213 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Б 430.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. /хх-ийн 93 дугаар тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Бат-Эрдэнэ буюу хууль ёсны төлөөлөгч нь хөдөлмөрийн чадвар түр алдсан буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, гэж тус тус хуульчилжээ.
Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 82/ А/ байрны гадна иргэн Ч.Бат-Эрдэнэтэй таксины мөнгөнөөс болж маргалдан хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар ...гэм хор учруулах үед хохирогч, цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаггүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.
Иймд хохирогч Ч.Бат-Эрдэнэд 2019 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулж шийдвэрлэв.
2019.01.01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 төгрөг, 2020.01.01-ний өдрөөс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөг байсан тул 320.000+320.000+210.000=850.000 төгрөгийг Б.Б оос гаргуулан хохирогч Ч.Бат-Эрдэнэд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Бат-Эрдэнэ энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал болон холбогдох гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Б оос 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Чойсүрэнгийн Бат-Эрдэнэд /РД:/ олгосугай
6. Хохирогч Ч.Бат-Эрдэнэ нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал болон гэм хорын хохиролтой холбоотой бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ