Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

   2020        02          06                                  2020/ШЦТ/232

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Н.Дуламсүрэн

хохирогч, шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Д.Чинзориг ҮД:26-77,

хохирогч, шүүгдэгч Э.Г , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа ҮД:22-64,

шинжээч эмч Г.Ханхүү,

гэрч Б.Гүндалай, Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Б д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Г од яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04635 1787 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

           1. Монгол Улсын иргэн, Б.Б

              2. Монгол улсын иргэн, Э.Г

            Холбогдсон хэргийн талаар:

            Б.Б  нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Харуул Алтай” хотхоны 102 дугаар байрны гадна байрлах сааданд иргэн Э.Г той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, биед нь эрүү ясны ооч, хоёр талын үений сэртэнгийн далд хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, үүдэн зүүн доод 2-р шүдний сулрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            Э.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Харуул Алтай” хотхоны 102 дугаар байрны гадна байрлах сааданд иргэн Б.Б тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, биед нь 1 шүдний эмтрэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Б.Б  мэдүүлэхдээ:  Би эхлээд Э.Г  ахын байсан сааданд ороод хүн андуурсан. Тэгээд гарч явахдаа манай ангийн хүүхдийн ах байсныг мэдсэн. Би буцаж ороод Э.Г од уучлаарай гэж хэлэхэд шууд намайг цохисон. Тэгээд би эрүү рүү нь буцаагаад цохисон. 400.000 төгрөг өсгөн байгаа гэв. 

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Э.Г  мэдүүлэхдээ:  2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр дүүгээ авах гээд явж байсан. Хэрэг болох үед нэг пиво ууж амжаагүй сааданд найзтайгаа хамт байсан. Эхлээд Б.Б  ирээд нэг юм хэлсэн би тэрийг нь сонсоогүй. Тэгсэн буцаж орж ирээд над руу дайраад байсан. Манай талийгаач дүүгийн нэрийг бариад байхаар нь би эрүү рүү нь цохисон. Би шүд хугартал нь цохисон гэж бодохгүй байна. Би мөнгө төгрөг өгөөгүй байгаа гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Г ын өгсөн: ...Би тухайн өдөр 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 102 дугаар байрны гадаа сааданд найз Энхболд болох зүс мэдэх 2 дүүгийн хамт байж байхад 2 залуу сааданд ямар нэгэн юм яриад ороод ирсэн. Тэгэхээр нь би надад юм хэлж байгаа юм байх гэж бодоод айн гэсэн чинь яасан чамд ямар асуудал байгаа юм гэж нэг залуу нь асуусан. Тэгэхээр нь би байхгүй гээд толгойгоо сэгсэрсэн чинь тэр 2 залуу сааднаас гарч яваад 10 гаран минутын дараа нөгөө 2 залуу буцаж хүрч ирээд жижиг халимаг үстэй цайвардуу царайтай дунд зэргийн нуруутай цайвар өнгийн хувцастай 20 орчим насны залуу нь би чамайг саналаа чи талийгаачийн ах нь байна шүү дээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд хандаж чи яг яах гээд байгаа юм гэхэд чи өөрөө яах юм гээд би тэр залуутай маргалдсан. Би маргалдаж байхдаа дуудах хүнийхээ нэрийг дуудаарай гээд тэр залуугийн хацар хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгсэн тэр залуу намайг ямар овоо юм бэ чамайг ална гээд байсан. Тэгээд тэр залуутай маргаж байсан чинь миний эрүүний зүүн хэсэгт нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхэд нь би манадаар доошоо явган суугаад шүлсээ хаясан чинь цус гарч байсан. Тэгсэн намайг цохидог залуу цуг явж байсан найзтайгаа явчихсан байсан. Би тэндээс шууд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зураг аваад миний эрүүг хугарсан байна гэж хэлсэн. Миний эрүү хугарсан болохоор хоол унд идэж чадахгүй байна. Тэр залууд цохиулсандаа гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Эмчилгээний гарсан зардлаа гаргуулмаар байна...

...Би 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сансарт явж байгаад танихгүй хүмүүст зодуулсан юм. Тэгэхэд хамарын гэмтэл надад учирсан юм. Тэрнээс энэ гэмтлийг Б  учруулсан зүйл байхгүй. Би эмчилгээ хагалгааны эм тариа, шатахууны болон бусад зардал 1.220.612 төгрөг болон мөн 19 хоног ажилдаа яваагүй хугацааны цалин болох 1.200.000 төгрөг нийт 2.420.612 төгрөгийн нэхэмжилж байна. Миний шүд аппарат авсны дараа хэрхэн эмчилгээ хийгдэх нь шалтгаална гэсэн. Энэ зардлаа бас гаргуулж авмаар байна. Одоогоор хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б ий өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 20-22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Харуул Алтай хотхоны гадна найз Гүндалайгийн хамт алхаж байгаад сааданд суух гэхэд Э.Г  дөрвүүлээ пиво уугаад сууж байсан. Саад андуураад ороод ирсэн байна гэж хэлээд өөр сааданд очиж суусан. Тэрнээсээ болоод Э.Г той маргалдсан. Өөр сааданд сууж байгаад уучлалт гуйх гээд Э.Г  дээр очоод уучлаарай манай нас барсан найзын ах нь байна шүү дээ гэж хэлсэн. Э.Г  чи яах гээд байгаа юм гэж уурлаад барьж байсан пивоо тавиад нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Нэг найз нь намайг тэвэрч авахад манай найз Гүндалай салгасан. Цаанаас Э.Г  хувцасаа тайлаад хүрээд ирсэн. Ална шүү гээд дайрахаар нь би Э.Г ын нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Э.Г  цаашаа яваад чулуу хайгаад ирсэн. Э.Г ын найз болон манай найз салгасан. Тэгээд  Э.Г  найзтайгаа хамт цаашаа явсан. Тухайн үед аман дотор шүд үүрээд ороод ирсэн. Үүдэн шүд эмтэрсэн байсан. Эмтэрсэн шүдээ нөхүүлж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Энхболдын өгсөн: ...Би тэр өдөр найз Э.Г той уулзаад Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Харуул Алтай хотхоны 102 дугаар байрны гадна сааданд сууж байсан юм. Тэгсэн 22 цагийн орчим үл таних 2 залуу сааданд юм яриад орсон. Тэгсэн Э.Г  юу гэнэ ээ гэсэн чинь хүн андуурчихлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэгснээ 15 орчим минутын дараа нөгөө 2 залуу буцаж хүрч ирээд саарал цамц, саарал өмдтэй цайвар туранхай дунд зэргийн нуруутай 20 орчим насны залуу нь Э.Г од чи талийгаач Энхболдын ах нь байна шүү дээ гэсэн чинь Э.Г  чи дууддаг хүнийхээ нэрийг дуудаарай гээд тэр залуугийн хацар руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон чинь нөгөө залуу чи ганц цохиод унагааж чадахгүй чамайг ална гээд байсан. Тэгсэн Э.Г  дөхөж очоод яах гээд байгаа юм гэхэд нөгөө залуу Э.Г ыг 1 удаа гараа атгаж байгаад  цохичихсон. Тэгсэн Э.Г  доошоо суугаад эрүүгээ бариад суучихсан. Тэр үед нөгөө залуу найзтайгаа зугтаад явсан. Э.Г  эрүү сонин болчихлоо гэхээр нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд эрүү нь хугарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гүндалайн өгсөн: ...Би тэр өдөр найз Б тэй 22 цагийн орчим уулзаад байрны дүү Тээктэй уулзахаар явж байгаад 102 дугаар байрны сааданд ирээд Тээк байна гээд асуухад тэнд байсан нэг залуу яасан гэнэ ээ гээд асуусан. Тэгэхээр нь Б  хүн андуурчихаж гэж хэлээд сааднаас бид хоёр  гараад явсан. Бид хоёр  сааднаас гараад явж байхад Б  надад хэлэхдээ саяны яасан бэ гээд байсан залуу манай найзын ах нь байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд цаашаа явж байгаад буцаад Б  бид хоёр  ирээд сааданд ороод Б  сааданд байсан нэг залууд чи манай найзын ах байна шүү дээ гэж хэлсэн. Тэр залуу хар өнгийн канттай бэлтгэлийн цамцтай, саравчтай малгайгаа буруу харуулж өмссөн байсан бөгөөд чи тэгээд яах гээд байгаа юм гэж хэлээд Б ийг хоёр  удаа гараараа цохиод хувцсаа тайлаад цээж нүцгэлээд Б  рүү дайрсан. Тэгэхэд тэнд байсан хүмүүс болон би Б  болон нөгөө залууг салгах гээд дундуур нь орж байх үед Б  тэр залууг нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгсэн тэр залуу доошоо тонгойгоод чулуу хайгаад одоо алчихъя гээд машины зогсоол руу явахад нь Б  бид хоёр  яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 26 -р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9659 дугаартай шинжээчийн:

1. Э.Г ын биед эрүүний ясны ооч, хоёр талын үений сэртэнгийн далд хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, үүдэн зүүн доод 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагаас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх эрүүний ясны ооч, хоёр талын үений сэртэнгийн далд хугарал, зүүн хацар ясны нумны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, үүдэн зүүн доод 2-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул уг журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Нэг шүдний сулрал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1394 дугаартай шинжээчийн:

1. ШШҮХ-ийн ШЭШГ-ийн №9659 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. Э.Г ын биед эрүү ясны ооч, хоёр талын үений сэртэнгийн хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, үүдэн зүүн доод 2-р шүдний сулрал гэмтэл учирчээ. Э.Г ын 2019.08.06-ны өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Э.Г ын биед хэрэг болсон гэх 2019.08.06-ны өдөр эрүүний ясны ооч, хоёр талын үений сэртэнгийн далд хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, үүдэн зүүн доод 2-р шүдний сулрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч Г.Энхбаатар, Ш.Цэцэгмаа, Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 98-100 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 13345 дугаартай шинжээчийн:

1. Б.Б ий биед дээд баруун 1-р шүдний эмтрэлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 113 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн:

1. Б.Б ий биед 1 шүдний эмтрэл гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

2.3.5. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүдний эмтрэл гэмтэл нь үүссэн цагаас хойш ойролцоогоор 5-7 хоногийн дараагаас шинэ шинж чанараа алдаж ирмэг мөлийж эхэлнэ.

4. Шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019.11.07-ны өдрийн 13345 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ, Ц.Нандинцэцэг, Г.Ханхүү гэх дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.Б ий өгсөн: ...Би 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрч байна, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Э.Г ыг нэг удаа эрүүн тус газар нь цохиж гэмтэл учруулсан, тэрнээс биш хамар руу нь цохисон зүйл байхгүй...

...Тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь мэдүүлэг өгсөн учир өөр нэмж хэлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 130 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Э.Г ын: ...Б ий зүүн шанааны дээд талд гараараа 1 удаа цохисон. Гэхдээ гэмтэл учруулахаар цохиогүй. Зөөлөн цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 134-135 дугаар тал/,

- Шүүгдэгч Б.Б , Э.Г  нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43, 44, 45, 138, 139 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Харуул Алтай” хотхоны 102 дугаар байрны гадна байрлах сааданд иргэн Э.Г той маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, биед нь эрүү ясны ооч, хоёр талын үений сэртэнгийн далд хугарал, зүүн хацар ясны нумны хугарал, үүдэн зүүн доод 2-р шүдний сулрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

            Э.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Харуул Алтай” хотхоны 102 дугаар байрны гадна байрлах сааданд иргэн Б.Б тэй маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохиж, биед нь 1 шүдний эмтрэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчоор болон яллагдагчаар өгсөн Б.Б , Э.Г , гэрчээр өгсөн Б.Гүндалай, Г.Энхболд нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 9659, 1394, 13345, 46 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Г ын зүгээс өөрт учирсан хохирлын талаарх 1.241.462 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 5-15 дугаар тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б ээс өөрт учирсан хохирлын талаарх 8000 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 114 дүгээр тал/

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар ...гэм хор учруулах үед  хохирогч, цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багаггүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт  заасан: ... шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан, шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч , өмгөөлөгчийн санал хүсэлтийг үндэслэн  шүүх хуралдааныг завсарлуулж болно гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгчид шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулж, учирсан хохирлыг төлсөн тул Б.Б , Э.Г  нар баримтаар төлөх төлбөргүй байна.

Хохирогч Э.Г , Б.Б  нар нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал болон холбогдох гэм хорын хохирлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Б.Б , Э.Г  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн  хуулийн 1.2-д  заасан гэмт хэргийн улмаас  учруулсан  хохирлоо нөхөн  төлснийг ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б , Э.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Э.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Э.Г ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, Э.Г од оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай. 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б , Э.Г  нар нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Б , Э.Г  нар нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдэх эмчилгээний зардал болон гэм хорын хохиролтой холбоотой бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б , Э.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ