Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221

 

 

 

 

 

 

 

2020        02          06                                  2020/ШЦТ/221

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Б.Ганзориг,

шүүгдэгч М.А , түүний хууль ёсны төлөөлөгч Н.Одончимэг, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг ҮД:17-11 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт М.А яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 04292 0013 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт М.А

Холбогдсон хэргийн талаар:

М.А  нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ автобусны буудлын орчимд Э.Оюунтунгалагийн толгой хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А  мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй Миний  буруу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Одончимэг мэдүүлэхдээ: М.А  нь  Сэтгэцийн   өвчний улмаас 80 хувийн групптэй, Сэтгэцийн эмнэлэгийн хяналтанд байдаг. Шархадны эмнэлэгт хэвтэж байхдаа 1 дүгээр эмнэлэгт шулуун гэдэсний хагалгаанд орсон. Өөрөө өвчин нь хөдлөхөөр хийж байгаа үйлдлээ мэдэхгүй болдог гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Оюунтунгалагийн өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа явах гээд такси барих гээд зогсож байтал миний толгойны ар талаас биет зүйл хүчтэй цохисон. Тэгээд толгойгоо барьж үзтэл миний толгойноос цус гарчихсан байсан. Тэгж байтал хашааны булангаас 50 гаран насны эмэгтэй над дээр хүрч ирээд манай хүүхэд чиний толгойг цохичихоод гүйгээд явчихлаа гэж хэлсэн. Миний толгой руу цохисон хүн далангийн цаана хараад зогсож байсан бөгөөд ээж нь гэх хүн миний гар утсаар цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд тэр эрэгтэйг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Одончимэгийн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай охин Ууганчимэг хагалгаанд орох гээд би эмнэлэг рүү явах замдаа гар утсандаа нэгж авах гээд 09:30 цагийн үед “Элбэг” дэлгүүрийн хойд талд явж байсан юм. Нэгжээ авчихаад дэлгүүрээс гараад явж байтал тэнд байсан хүмүүс хүний толгой хагалчихлаа гэхээр нь би эргээд хартал манай хүүхэд ууртай догшин байдалтай байсан. Тэгээд би хүүхэд дээрээ явж очоод энэ манай хүүхэд байна, яасан бэ? юу болсон талаар асуухад 40 гаран насны эмэгтэй танай хүүхэд чинь миний толгой хагалчихлаа, наад хүүхдээ харж хандахгүй яасан юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгийн гар утсыг нь аваад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд манай хүүг Шар хадны эмнэлэг рүү аваад явсан. Тэр эмэгтэй гомдолтой байна гээд үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 9134 дугаартай шинжээчийн:

1. Э.Оюунтунгалагийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1340 дугаартай шинжээчийн:

1. М.А  нь сэтгэцийн хувьд Ds: F20.8 Бусад шизофрения эмгэгтэй байна. М.А ын уг эмгэг нь удамшлын эмгэг болно.

2. М.А  нь өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюулгүй байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй байна.

3. М.А  нь СЭМҮТ-д 2008 оноос Ds: F20.8 Бусад шизофрения эмгэгээр хяналтанд орсон гэх эмчлүүлэгчийн карт байна.

4. М.А  нь хэрэг хариуцах чадваргүй байна.

5. М.А  нь бие дааж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох чадваргүй байна. Шинжээч эмч О.Баатаржав, Я.Ганхүү, Ц.Саранцацрал гэх дүгнэлт /хх-ийн 21-24 дүгээр тал/,

- Шүүгдэгч М.А ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хэвтэн эмчлүүлсэн мэдээлэл, өвчний түүх /хх-ийн 31, 32-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            М.А  нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн шинэ автобусны буудлын орчимд Э.Оюунтунгалагийн толгой хэсэгт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Оюунтунгалаг, гэрч Н.Одончимэг нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 9134 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч М.А  нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй буюу Ds: F20.8 Бусад шизофрения эмгэгтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 1340 дугаартай дүгнэлт, өвчний түүх, хэвтэн эмчлүүлсэн мэдээлэл зэргээр тогтоогдож байна.

            Хохирогч Э.Оюунтунгалаг нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч М.А ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.А  нь сэтгэцийн эмгэг өвчний улмаас хэрэг хариуцах чадваргүй болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт, холбогдох баримтаар нотлогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Иймд М.А т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9-д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтооно гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч М.А  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу  Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан 6 /зургаан/ сарын хугацаанд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.А ыг хэрэг хариуцах чадваргүй үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1, 7, 9-д зааснаар М.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

3. М.А т авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн энгийн тасагт хэвтүүлж, эмчийн хяналтад байлгасугай.

4. М.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.А  нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ