| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/03698/И |
| Дугаар | 6516 |
| Огноо | 2016-11-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 6516
| 2016 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2016/06516 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг * хороо Сүхбаатар гудамж Б ХХК-ний байр Нацагдорж * тоотод байрлах Г банкны /РД:*****7/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо * хороолол * тоотод оршин суух Д овогтой Б /РД:********/
Хариуцагч Баянзүрх дүүрэг * хороо * хороолол * тоотод барйлах “Э” ХХК /РД:**/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,784.61 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2013 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Г банктай ************ дугаартай Картын зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 10,000 ам доллар хүртэлх зээлийн эрхийг сарын 2 хувийн хүүтэйгээр бэлэн бус гүйлгээний хэрэглээнд, сарын 3 хувийн хүүтэйгээр бэлэн гүйлгээний хэрэглээнд ашиглах эрх нээлгүүлсэн.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гуйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр *********** дугаартай барьцааны гэрээгээр Г банкны*********** дансан дах төгрөгийн хугацаат хадгаламж 2,912,671.49 төгрөг, Г банкны ************ дансан дах төгрөгийн хугацаат хадгаламж 1,934,654.30 төгрөгийн хадгаламжийг барьцаалсан.
Мөн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар “Э” ХХК нь 2013 оны 05 сарын 28 одер *********** Батлан даалтын гэрээгээр картын зээлийн эрх нээлгэгчийг батлан даасан. Гэтэл Дарьсүрэн овогтой Баг-Эрдэнэ нь 2013 оны 05 сарын 28 өдөр 10,000 ам долларын картын зээлийн эрхийг ашиглан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл үндсэн зэлийг хүүг төлөөгүй байна. Банкны зүгээс удаа дараа холбогдон зээлээ бага багаар ч болов төлөхийг хүссэн боловч огт төлөлт хийсэнгүй.
Талуудын хооронд байгуулсан ************ картын зээлийн эрх нээлгэх гэрээний 2.1-т cap бүрийн 21 өдөр зарцуулалт төлөх эцсийн өдөр байхаар тохирсон. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 10,000 ам доллар, холбогдох бусад хүү, нэмэгдүүлсэн хүүний нийлбэр 5,784.61 ам доллар нийт 15,784.61 ам доллар болоод байна. Банк зээлдэгчид зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээлээ төлөх бодит боломж олгосон боловч зээл, хүүгийн өр төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа болно.
Хариуцагч Д.Бнийн Г банкинд байрлах төгрөгийн хугацаат хадгаламжийг барьцаалсан боловч битүүмжлэж амжаагүй байхад хадгаламжийн мөнгийг Д.Б авсан.
Манайх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар “Э” ХХК-ийг татсан боловч татгалзаж байна. Учир уг компани нэг гишүүнтэй захирал Д.Б юм.
Иймд хариуцагч Д.Бэс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 15,784,61 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа: Миний бие тус банктай 2013 оны 05 сарын 28-ны өдөр Картын зээлийн эрх нээх гэрээ байгуулж 10,000.00 ам.доллар хүртэлх зээлийн эрхийн хэмжээтэй зээлийн карт нээлгэж авсан.
Тухайн үед бэлэн бус гүйлгээний хэрэглээнд 2 хувийн бэлэн гүйлгээний хэрэглээнд 3 хувийн хүү тооцохоор, хүү тооцох хугацааг бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд cap бүрийн 21 -ний өдрөөс хойш тооцохоор, бэлэн гүйлгээний хүүг гүйлгээ хийсэн өдрөөс тооцон төлөхөөр тохиролцож гэрээнд тусгасан. Хэдийгээр миний бие банкинд зээлийн төлбөр төлөхөө бүрэн хүлээн зөвшөөрч байгаа боловч үлдэгдэл төлбөрийн дүн дээр тооцоо нийлэн, нэгдмэл нэг дүнд хүрэх хүсэлтэй байна. Учир нь миний бие гэрээний үүргээ тодорхой хэмжээнд биелүүлж байсан бөгөөд ам.долларын ханш огцом өссөнөөс шалтгаалж хугацаанд нь төлбөрөө төлөх боломжгүй болсон.
Иргэний хуулийн 218.1 дэх заалтад тусгагдсан мөнгөний ханш өссөн, буурсан үед төлбөр гүйцэтгэх мөнгөний ханшийг зохицуулах тухай заалтаас харахад ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр бус, харин гэрээний үүрэг үүссэн үеийн ханшаар тооцох ёстой гэж үзэж байна.
Энэ хугацаанд буюу 2013 оны 06 сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 48,293.84 ам долларын зарлагын гүйлгээ хийгдэж, мөн хугацаанд нийт 22 удаагийн үйлдлээр 40,813.52 ам доллар буюу 72,779,179 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. Дээрх орлого зарлагын гүйлгээний зөрүүнээс гадна 8,304.25 ам.доллар нь Г банкны тооцоолсон хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хоцорсны торгууль байна.
Гэтэл дээрх хугацаанд буюу 2013 оны 7 сараас ам.долларын ханш тасралтгүй огцом өсч "Талууд зохих хяналт тавих боломжгүй Гэнэтийн болон Давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал" үүсэж МҮХАҮТ-аас зээлдэгч Д.Бд "Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ” олгосон.
Зээлдэгчийн нийт төлж барагдуулсан 72,779,179 төгрөг нь төлбөрийн чадвараа алдаж, ханшийн хэт зөрүүтэй орлогын гүйлгээ хийгдсэн ба энэхүү ханшийн алдагдал болох 10,172.53 ам.долларийн алдагдлыг зээлдэгч тал дангаар хүлээсэн байна.
Дээрх гэрээний хугацааны дотор буюу 2015 оны 01 сарын 14-ний өдөр талууд хяналт тавих боломжгүй Гэнэтийн болон Давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн талаар сөрөг үр дагаварт өртсөн тал болох зээлдэгч миний бие гэрээний нөгөө талдаа мэдээллэх үүргээ биелүүлж Г банкинд мэдэгдсэн ба энэхүү хүндрэлээс зайлсхийж болох арга замын талаар валютын зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэх хүсэлт гаргаж байсан.
Гэвч гэрээний нөгөө тал болох Г банкны зүгээс түхайн үед хүндрэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ямар нэг арга хэмжээ аваагүй бөгөөд энэхүү хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсний торгууль зэргийг зээлдэгчийн гүйцэтгэсэн дээрх ханшийн алдагдалтай гүйлгээний зөрүүгээс тооцсоор байсан.
Тиймээс зээлдэгч миний бие
А. "Талууд зохих хяналт тавих боломжгүй Гэнэтийн болон Давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал" үүссэнийг гэрээний нөгөө талдаа мэдэгдсэн өдөр болох /2015 оны 1 сарын 14/-өөсхойших хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтэрсний торгууль 5,589.78 ам долларыг "Хүнд нөхцөл байдлаас зайлсхийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах" үүргээ биелүүлээгүй буруутай тал болох Г банк хариуцаж, үлдэх хүүгийн төлбөрийн зөрүү болох 22,3 ам.долларыг зээлдэгч тал төлж барагдуулах,
Б. Хоёр талын маргааны гол зүйл болох "Хүнд нөхцөл байдал" үүссэн үеийн алдагдал буюу бодит хохирол 10,172.53 ам.долларыг гэрээний хоёр тал "ижил тэгш хэмжээгээр" хариуцах нь шудрага ёсны болон гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Мөн талуудын хооронд байгуулсан "Картын зээлийн эрх нээх гэрээ"-ний "Талуудын Хариуцлага" хэсгийн 5.3.4-т "Техникийн гэмтэл, сүлжээний алдаа, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалан Банк энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй буюү хангалттай биелүүлээгүй бол хариуцлага хүлээхгүй" гэсэн Банкны хууль ёсны эрх ашгийг хамгаалсан, хариуцлагаас чөлөөлөгдөх заалт оруулсан боловч Зээлдэгч талын хууль ёсны эрх ашгийг хамгаалсан "Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл"-ийн талаар заалт оруулаагүй, зээлдэгчийн зүгээс банкны зээлийн гэрээнд өөрчлөлт, өөрийн эрх ашгийг хамгаалах заалт оруулах бодит боломж зээлдэгч талд байдаггүй, байгаагүй зэрэг нь Иргэний хуулийн 189- р зүйлд заасан "Гэрээний талуудын чөлөөт байдал" алдагдсан гэж үзэх үндэслэл болж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыгшинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хурал дээр болон бичгээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Г банк нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 10,000 ам доллар, хүү, нэмэгдүүлсэн хүү 5,784.61 нийт 15,784.61 ам долларыг хариуцагч Д.Бээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Авандер” ХХК-аас татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлж хариуцагч “Авандер” ХХК-с татгалзсан байна.
Хариуцагч Д.Б нь 1 ам долларын ханш өсөж, мөнгөний ханш унасан банкны гаргасан тооцоолол буруу гэж маргасан.
Нэхэмжлэгч Г банк хариуцагч Д.Б нарын хооронд “Картын зээлийн эрх нээх гэрээ” байгуулагдан хоёр тал зөвшөөрөн гарын үсэг зурж, тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний үүрэг үүссэн байна.
Хариуцагч Д.Б нь 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Г банктай Олон улсын эрхтэй Кредит картыг ашиглан гүйлгээ хийх зорилгоор “Картын зээлийн эрх нээх гэрээ” байгуулан 10,000 ам долларын эрхтэй, картын эрхийн хугацаанд зээлийн эрхийн хугацаатай байхаар тохиролцон гэрээг байгуулжээ.
Зохигчид бэлэн бус гүйлгээний хүү 2%, /сар бүрийн 4-ний өдрөөс эхлэн бодогдоно/ бэлэн гүйлгээний хүү 3%, /гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн бодогдоно/ лимит хэтрүүлсний хүү 2% /5% -с дээш гарсан дүнд/ зарцуулалт эргэн төлөх хамгийн бага хувь 20%, зарцуулалт төлөх эцсийн өдөр сар бүрийн 21-ний өдөр, хугацаа хэтрүүлсний торгууль 1%-ийн хүүтэйгээр карт эзэмшихээр тохиролцон, хоёр тал зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Гэрээний дагуу хариуцагч Д.Бнийн 42189117374620149 дугаартай 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10,000 ам долларын кредит лимит үүссэн байна.
Мөн хариуцагч Д.Б нэхэмжлэгч Г банкны хооронд 2013 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Батлан даалтын гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 28-ний өдөр Барьцааны гэрээ байгуулан Г банкинд байрлах төгрөгийн хугацаат хадгаламж ******, ************ дансны дугаартай 4,847,325.79 төгрөгийн хадгаламжийг барьцаалсан боловч уг барьцаа хөрөнгийг битүүмжлээгүй байхад хариуцагч Д.Б нь хадгаламжийн мөнгийг захиран зарцуулсан тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан.
Хариуцагч Д.Б нь тухайн гэрээ хийснээс хойш ам долларын ханш огцом өссөнөөс болж гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн гэж маргасан боловч Картын зээлийн эрх нээх гэрээнд давагдашгүй хүчин зүйлд юу орох талаар хоёр тал тохиролцоогүй, 1 ам долларын ханшны өсөлт бууралт мөнгөний ханш уналтын талаар тохироогүй байна.
Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд хариуцагч Д.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” хариуцагч Д.Б нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд хариуцагч Д.Бэс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 10,000 ам доллар, хүү, нэмэгдүүлсэн хүү 5,784.61 ам доллар, нийт 15,784.61 ам доллар буюу 32,360,818 төгрөг /15,784.61*2050.15= 32,360,818/ гаргуулж нэхэмжлэгч Г банкинд олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд “би хууль зүйн туслалцаа авахын тулд өмгөөлөгч авах шаардлагатай байна шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Бэс 15,784.61 ам доллар буюу 32,360,818 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкинд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Бэс 319,784 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкинд олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 321,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ