| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2017/0038/З |
| Дугаар | 50 |
| Огноо | 2017-11-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 50
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: В.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: В.М-ыг Хайрхан сумын Засаг даргаар батламжилж, томилох захиргааны акт гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.М миний бие Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргад нэр дэвшиж 57.3 хувийн санал авч дэмжигдсэн тул 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар Архангай аймгийн Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Хайрхан сумын Засаг даргаар томилж батламжлуулахаар Аймгийн Засаг даргад уламжилсан байдаг. Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 61/288 дугаартай албан бичгээр Хайрхан сумын Засаг даргаар В.М-ыг томилохоос татгалзаж байгаа учир Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу дахин нэр дэвшүүлж материалыг ирүүлнэ үү гэсэн.
Дээрх албан бичгийн дагуу Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ээлжит бус хуралдаанаа хийж Ардчилсан намын бүлгээс В.М миний бие дахин нэр дэвшин иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн санал авч Хайрхан сумын Засаг даргад дэмжигдсэний дагуу 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай Архангай аймгийн Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор В.М миний биеийг Хайрхан сумын Засаг даргаар батламжлуулахаар 2 дахь удаагаа аймгийн засаг даргад уламжилсан боловч өнөөдрийг хүртэл В.М миний биеийг Хайрхан сумын засаг даргаар батламжлахгүй Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.4 дэх заалтыг ноцтой зөрчиж үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаар хурлын тогтоолын дагуу В.М миний биеийг Хайрхан сумын Засаг даргаар батламжилж, томилсон захиргааны акт гаргахыг Архангай аймгийн засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргатай ярилцсан байгаа. Нэхэмжлэгч В.М-ыг ажилд томилохыг хүлээн зөвшөөрч байгаа бол хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгоход татгалзах зүйл байхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай тогтоолын дагуу В.М миний биеийг Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргаар батламжилж, томилох эрхийн акт гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгуулах” гэсэн байгаа. Тухайн эрхийн актыг гаргахыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн В.М-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “В.М-ыг Хайрхан сумын Засаг даргаар батламжилж, томилох захиргааны акт гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 9 дүгээр сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 26.5 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Хайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016 оны 11 дүгээр сарын 01-нд анхдугаар хуралдааныг зарлаж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг зохион байгуулжээ.
Уг анхдугаар хуралдаанаар тус аймгийн Хайрхан сумын Засаг даргад нэр дэвшсэн В.М нь төлөөлөгчдийн 57.3 хувийн санал авч Архангай аймгийн Засаг даргад уламжлуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар тогтоолыг хүргүүлсэн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт /цаашид хуулийн гэх/ зааснаар Архангай аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ дагуу тус аймгийн Хайрхан сумын Засаг даргаар нэр дэвшсэн В.М-ыг томилохоос татгалзжээ.
Улмаар Хайрхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дахин хуралдаж Хайрхан сумын Засаг даргад нэр дэвшсэн В.М нь төлөөлөгчдийн 100 хувийн санал авч Архангай аймгийн Засаг даргад уламжилахаар тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 06 дугаар тогтоол гарсан нь хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан /Архангай аймгийн Засаг дарга/ хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй байна.
Гэвч уг хэргийг хянан хэлэлцэх шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У нь В.М-ыг Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргаар батламжилж, томилох эрхийн акт гаргахыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл. Хариуцагчийн эрх, үүрэг 21.1.Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:, 21.1.1 дэх хэсэг “... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...”, 67 дугаар зүйл. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, 67.1 дэх хэсэг тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шүүх хуралдаанд илэрхийлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Уг хүсэлтийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй болно.
Иймд нэхэмжлэгч В.М-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Хайрхан сумын Засаг даргаар батламжилж, томилох захиргааны акт гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/1163 дугаар албан бичгээр В.М-ын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.У-г томилсон бөгөөд захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28, 36 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг бүрэн эдлүүлэхээр итгэмжилсэн болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “В.М-ыг Хайрхан сумын Засаг даргаар батламжилж, томилох захиргааны акт гаргахыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, В.М-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА