Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2016/00708

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2016/00708

           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч: С.Э

            Хариуцагч: МУЦАУЗБУК,

            2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С.Э миний хөдөлмөрлөх эрхийг МУЦАУЗБУКын дэргэдэх Судалгааны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2015 оны 06 дугаар сарын 13 тоот тушаалаар зогсоосон. Энэ талаар С.Э миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсанаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1347 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1105 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 9.029.331 төгрөгийг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх магадлал, тогтоолыг биелүүлж, хариуцагч МУЦАУЗБУК, МУЦАУЗБУКын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Д нь ажилд авах, цалингийн нөхөх олговрыг олгох талаар арга хэмжээ авч өгөхгүй нилээд цаг хугацаа өнгөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсанаар гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно.

Дээрхи магадлал, тогтоолын дагуу МУЦАУЗБУКын нарийн бичгийн дарга Д.Дд ажилдаа орох хүсэлтээ гурван удаа бичгээр гаргаж, биеэр хэд хэдэн удаа очиж уулзсан боловч төсөв байхгүй, орон тоо байхгүй гэсэн шалтгааны улмаас хүлээлтийн байдалтай өнөөдрийг хүртэл ажилдаа орж чадахгүй, цалингийн олговроо авч чадаагүй хохирсоор байна. Иймд цалингийн олговорт ажлын 233 хоногоор тооцож 8.683.211 төгрөгийг гаргуулах, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх ажиллагааны төлбөрт нэхэмжлэгчээс тушаасан 80.000 төгрөг, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, иргэний үнэмлэх, лавлагааны төлбөр, нийгмийн даатгалын дэвтэр, бичиг баримтыг нотариатаар баталгаажуулсны төлбөрт 33.850 төгрөг, нийт 8.797.061 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: МУЦАУЗБУКын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар тус комиссын дэргэдэх Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийг татан буулгаж, зарим ажилтныг нь Ажлын албаны харъяанд ажиллуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг бүтцийн өөрчлөлтөөр Судалгааны төвийн нягтлан бодогч, зохион байгуулагчийн 2 орон тоо хасагдсан юм. Тухайн үед иргэн С.Э зохион байгуулагчийн орон тоон дээр ажиллаж байсан. Нэгэнт ажиллаж байсан орон тоо нь бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан тул хуульд заасны дагуу ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэх хуудсыг өгч иргэн С.Э гарын үсэг зурж хүлээн авсан. Иймд Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн захирлын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж дараах тэтгэмж, урамшууллыг олгосон. Үүнд: Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 6 сарын цалинтай тэнцэх 3.380.580 төгрөг, ээлжийн амралтын тооцоог дуусгаж 1.480.532 төгрөг, үр дүнгийн урамшуулал 2 сарын цалин 1.126.860 төгрөг, нийт 5.987.972  төгрөг өгснөөс гадна олон жил ажилласан ахмад ажилтнаа         хүндэтгэж мөнгөн аяга, үнэ бүхий зүйл өгч хүндэтгэлтэйгээр үдсэн.

Мөн дээрх бүтцийн өөрчлөлтийг хяналтын шатны шүүхийн тогтоолоор зөв гэж үзээд нэхэмжлэгчдийн гаргасан “МУЦАУЗБУКын 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хяналтын шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн, иргэн С.Э Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрч холбогдох тэтгэмж, урамшууллаа авсан атлаа тус байгууллагад ажиллаж байгаад халагдсан Х.Мөнхбаяр, А.Э, П.Х нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэрээ оруулсан байдаг. Тухайн үед холбогдох нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөөр байхад давж заалдах болон хяналтын шатны шүүх нэхэмжлэгч тус бүр өөр өөр шалтгаанаар ажлаас халагдсан, чөлөөлөгдсөнийг ялгаж салгаж үзэлгүйгээр бүгдийг хамруулан ижил шийдвэр гаргаснаар иргэн С.Эын нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, цаашид төрийн албыг тасралтгүй, хэвийн явуулахад хүндрэл учруулж буйд байгууллагын зүгээс гомдолтой байдаг. Төсөв байхгүй тул ажиллуулж болохгүй байгаа. 2 ажилтнаа халж байж, тэдний цалингаар цалинжуулж ажиллуулах санал тавьсан боловч хүлээн аваагүй.

Иймд дээрх байдлыг харгалзан үзэж иргэн С.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, нийгмийн даатгалын дэврийн хуулбар, ажлаас чөлөөлөх тухай захирлын тушаал, Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 сарын 17-ны өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1347 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1105 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол,  шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлүүд зэрэг баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч МУЦАУЗБУКд холбогдуулж цалинтай тэнцэх олговорт ажлын 233 хоногоор тооцож 8.683.211 төгрөг гаргуулах, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлсөн 80.000 төгрөг, бусад зардлын 33.850 төгрөг, нийт 8.797.061 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 сарын 17-ны өдрийн шийдвэрээр С.Эын ажилд  эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэж шийдвэрлэсэн ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1347 дугаар магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1105 дугаар тогтоолоор С.Эыг Судалгааны төвийн зохион байгуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Э нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс буюу давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс хойш 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үе хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилсэн байх ба түүний нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Дээрх хугацаанд С.Э ажиллаагүй нь түүний буруутай холбоогүй байна. С.Э нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орох талаар ажил олгогчид удаа дараа хүсэлт гаргаж байсан, улмаар 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс С.Эын хүсэлтээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Харин олговрыг түрүүчийн шүүхийн шийдвэрээр тооцож гаргуулсан цалингийн дунджаар тооцох нь зүйтэй байх бөгөөд үүнийг тооцоход 8.683.211 төгрөг болж байна.

Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж С.Эыг ажилд авахгүй байгаагийн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул түүнд гарсан зардал 80.000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй, харин бусад зардалд нэхэмжилсэн 33.850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан МУЦАУЗБУКоос 8.763.211 төгрөгийг гаргуулж С.Эт олгож, нэхэмжлэгчийн 33.850 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 155.161 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 155.703 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД