Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 6526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-д холбогдох,

 

103,404,165.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , -ийн Гүйцэтгэх захирал , итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“******* 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр -тай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх тухай гэрээ байгуулж, нийлүүлсэн зуурмагийн үнийн 50 хувийг, помп /бетон шахагч машин/-ны үйлчилгээний хөлсийг 100 хувь бэлэн болон дансаар ажлын 3 хоногт төлөх, үлдэгдэл 50 хувийг бартераар орон сууц авахаар тохиролцсон юм.

 

Энэхүү гэрээний дагуу манай компанийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 160,580,000.00 төгрөгийн үнэтэй БМ-250 маркийн 1036 куб.метр бетон зуурмаг, 9,108,000.00 төгрөгийн 1012 куб.метр бетон зуурмагийг помп машинаар шахаж, нийт 169,688,000.00 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж, ажил үйлчилгээ үзүүлсэн байна.

 

Талууд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээний өөрчлөлтөөр -ийн барьж буй дугаар давхраас 38.2 м,кв талбайтай орон сууцыг бартерын үнэ 57,300,000.00 төгрөгт тооцож, авахаар тохиролцсон байсан хэдий ч хариуцагч -ийн зүгээс гэрээний үүргээ зөрчиж, уг орон сууцыг бидний зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байсан.

 

Үүний дараа тухайн худалдсан орон сууцнаас өөр буюу блокны 1 дүгээр давхарт 31.2 м,кв талбайтай орон сууцыг бартерын үнэ 46,800,000.00 төгрөгт тооцож, авахаар болж, талбайн м,кв-ын зөрүү 10,500,000.00 төгрөгийг манай компанид мөнгөөр төлсөн.

 

Гэвч энэхүү орон сууц өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглалтанд ороогүй, гэрээгээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орох ёстой байсан ч хугацаа хэтэрсэн, мөн тагт байхгүй, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжгүй байр байснаас гадна нь дахин бусдад худалдсан байсан.

 

Хариуцагч -иас ийнхүү гэрээнд заасан үүргээ зөрчсөн учраас талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээг цуцлах, өмнө нь нийлүүлсэн бетон зуурмагийн дутуу төлбөр 7,456,000.00 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 15/20 тоот гэрээний 6.2-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд тооцсон алданги 8,772,405.00 төгрөг, тус 15/20 гэрээний хавсралт гэрээнд заасан бартерийн төлбөр 69,790,000.00 төгрөг, орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй хариуцлагад нэмэлт гэрээний 1.3-д зааснаар алданги тооцож, 17,385,760.00 төгрөг, нийт 103,404,165.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээгээр ******* нь нийт 387,500,000.00 төгрөгийн үнэтэй бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээсэн ч худалдан авагч тал гэрээгээ зөрчсөн учраас цаашид бетон зуурмаг нийлүүлэхгүй, гэрээг цуцлах хүсэлттэй байгаа юм, мөн 32.1 м,кв талбайтай орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, бартераар тохирсон үнийн үлдэгдэл 69,790,000.00 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байна” гэв.

 

 

Хариуцагч -ийн Гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Талуудын хооронд бетон зуурмаг худалдах, худалдан авахтай холбоотой төлбөр тооцооны асуудал байгааг үгүйсгэхгүй.

 

Гэвч нэхэмжлэгч *******-иас гаргасан 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг цуцалж, 31.2 м,кв талбайтай байрыг бус 69,790,000.00 төгрөг болон алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

 

Учир нь, талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Нэмэлт гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бөгөөд уг гэрээг албан ёсоор цуцлах талаар манай компанид ямар нэгэн мэдэгдэл ирж байгаагүй юм.

 

Өнөөдрийн байдлаар талуудын тохиролцоо болсон блокны 1 дүгээр давхарт 31.2 м,кв талбайтай орон сууцыг бусдад худалдсан гэдгийг хэн нэгэн албан ёсоор тогтоогоогүй, уг орон сууц одоо хүртэл хэнд ч худалдагдаагүй байгаа болно.

 

Бид уг нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 1 м,кв талбайг 1,500,000.00 төгрөгөөр тооцож, 31.2 м,кв талбатай, 46,800,000.00 төгрөгийн үнэтэй орон сууц өгөхөөр болсон, анхны тохиролцоо 38.2 м,кв талбайтай, 57,300,000.00 төгрөгийн үнэтэй орон сууц байсан хэдий ч хожим өөрчилж, зөрүү 10,500,000.00 төгрөгийг манай компани төлсөн.

 

Тагтгүй гэж тайлбарлаж байна, гэвч тагт байх талаар зохигчид гэрээндээ тохиролцоогүй, тагт байсан хэдий ч эрх бүхий этгээдийн шаардлагаар ийнхүү өөрчлөхөд хүрсэн.

 

Тарвилан хотхон маань 2015 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон, одоо хэвийн ашиглалттай байна.

 

Нэхэмжлэгч *******-иас 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болон 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр албан шаардлага ирүүлснийг бид хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариу албан бичиг хүргүүлсэн боловч тус компаниас хариу өгөхгүйгээр шууд нэхэмжлэл гаргасан байсан.

 

Манай компанийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн хариу саналыг нэхэмжлэгч *******-ийн зүгээс шаардаж, шахуулсаар байж авсан, ийм учраас нэмэлт буюу орон сууц авах гэрээг цуцлах үндэслэлгүй.

 

Харин 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөр 7,456,000.00 төгрөгийн үлдэгдэл байгаа ба алданги төлөх талаар тохиролцоо байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна, энэ талаар манай компанийн зүгээс тооцоо нийлсэн ба үлдэгдэл төлбөрийг төлж байсан учраас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

       

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-иас хариуцагч -д холбогдуулан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг цуцалж, тус гэрээний дагуу төлөх ёстой төлбөр 7,456,000.00 төгрөг, алданги 8,772,450.00 төгрөг, нэмэлт гэрээгээр тохиролцсон орон сууцыг хүлээн авахаас татгалзаж, 69,790,000.00 төгрөгийг алданги 17,385,760.00 төгрөг, нийт 103,404,165.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч -ийн зүгээс талуудын хооронд 77,246,000.00 төгрөгийн төлбөр тооцоо байгаа хэдий ч Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний хүрээнд байгуулсан орон сууц авах гэрээг цуцлах шаардлагыг үл хүлээн зөвшөөрч байгаагаас гадна алданги төлөх үндэслэлгүй хэмээн мэтгэлцэж байна.

 

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх тухай гэрээ байгуулж, худалдагч *******-иас худалдан авагч -д чанарын шаардлага хангасан бетон зуурмагийг нийлүүлэх, нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан нөхцлөөр төлөхөөр тус тус тохиролцжээ /х.х-ийн 10-р хуудас/.

 

Энэхүү гэрээ ёсоор талууд БМ-250 маркийн бетон зуурмагийг нийлүүлэхээр тохирч, нийт 2500 тонн бүтээгдэхүүнийг 387,500,000.00 төгрөгөөр худалдан авах, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5, 2 дугаар зүйлийн 2.8-д тус тус зааснаар нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийн 50 хувийг мөнгөн хэлбэрээр, 50 хувийг бартер буюу орон сууцаар төлөхөөр тус тус тохирсон байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Бүтээгдэхүүний дагалдах падаан, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар *******-ийн зүгээс нэгэнт бий болсон буюу тохирсон бетон зуурмагийг бэлтгэж, -д нийлүүлдэг байсан үйл баримтаас дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Түүнчлэн талууд бетон зуурмагийг нийлүүлэхдээ худалдагч ******* нь бүтээгдэхүүнийг боловсруулж, бий болгосон газраас худалдан авагч -ийн заасан газарт хүргэхтэй холбоотой Тээвэрлэлтийн харилцааг энэхүү гэрээгээр тохирч, зардлыг худалдан авагч тал хариуцахаар болжээ.

 

Өөрөөр хэлбэл, талууд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах харилцаа, Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д зааснаар Ачаа тээвэрлэлтийн харилцааг давхар зохицуулсан байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тооцоо нийлсэн актаар худалдагч *******-ийн зүгээс -д 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 160,580,000.00 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлж, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, шахагч помп машины үйлчилгээний төлбөр 9,108,000.00 төгрөг, нийт 169,688,000.00 төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг үзүүлсэн байна /х.х-ийн 23-р хуудас/.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-д зааснаар бүтээгдэхүүнийг тээвэрлэх, шахагч помп машины үйлчилгээний төлбөрийг бартерийн буюу орон сууц авах тохиролцоонд оруулаагүй ба харин нийлүүлсэн 160,580,000.00 төгрөгийн 50 хувь 80,290,000.00 төгрөг, помп машины үйлчилгээний төлбөр 9,108,000.00 төгрөг, нийт 89,398,000.00 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, харин үлдэх 80,290,000.00 төгрөгт орон сууц өгөхөөр болж, мөнгөөр төлөх бетон зуурмагийн төлбөрийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.10-д заасны дагуу худалдан авагч тал нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор төлөх үүрэг хүлээжээ.

 

Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 38.2 м,кв талбайтай орон сууцыг 1 м,кв талбайн үнийг 1,500,000.00 төгрөгөөр тооцож, нийт 57,300,000.00 төгрөгт орон сууц тооцон авахаар болсон байна /х.х-ийн 15-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь худалдан авсан бүтээгдэхүүний үнэ 160,580,000.00 төгрөгийн 50 хувь болох 80,290,000.00 төгрөгийг төлөхдөө орон сууцаар төлнө гэсэн тохиролцоог үндэслэн худалдагч *******-д 57,300,000.00 төгрөгийн үнэтэй орон сууцыг өгөхөөр ийнхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна /38.2x1,500,000=57,300,000/.

 

Гэвч зохигчид хожим 38.2 м,кв талбайтай орон сууцыг авах тохиролцоог өөрчлөж, 31.2 м,кв талбайтай нийт 46,800,000.00 төгрөгийн үнэтэй орон сууцыг шилжүүлэн авах, үүний зөрүү 10,500,000.00 төгрөгийг -иас *******-д 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бэлнээр төлсөн, энэ талаар зохигчид маргахгүй байна /31.2x1,500,000=46,800,000.00/х.х-ийн 15, 22-р хуудас/

 

Энэ нь, зохигчдын хооронд бартераар тохирсон 80,290,000.00 төгрөгөөс 46,800,000.00 төгрөгийг орон сууцыг төлбөрт тооцож, хүлээн авах, 57,300,000.00 төгрөгийн зөрүү 10,500,000.00 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж, харин үлдэх 22,990,000.00 төгрөгийн талаар талууд тодорхой шийдвэр гаргаж, энэ талаар тохироогүй байна /80,290,000-10,500,000=69,790,000, үүнээс бартераар тооцсон дүн 46,800,000/.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болох үндэслэлийн талаар зохицуулсан ба тус хуулийн 236.1.3-д заасны дагуу гэрээний талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол тус үүрэг дуусгавар болж, харин тэдгээрийн хооронд шинээр өөр төрлийн үүрэг бий болдог.

 

Зохигчид, Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д заасан тохиролцоог хэрэгжүүлэхээр тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, 46,800,000.00 төгрөгийг мөнгөн хэлбэрээр бус орон сууцаар төлөх тухай тохиролцооноос дүгнэвэл талууд Худалдах, худалдан авах гэрээний 46,800,000.00 төгрөг төлөх худалдан авагчийн үүрэг болон тус төлбөрийг хүлээн авах худалдагчийн эрхийг харилцан сольж, орон сууц хүлээн авах эрх, үүрэг буюу Ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүрэг болгон өөрчилжээ.

 

Учир нь, талуудын хооронд байгуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 1.4-д зааснаар худалдагч ******* нь худалдан авагч -ийн барьж гүйцэтгэж буй ашиглалтанд ороогүй Тарвилан хотхоноос орон сууц авах, уг тохиролцооны дагуу зохигчид Орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авахаар тохиролцож, орон сууц хүлээлгэн өгөх, хүлээн авах харилцааг тус гэрээгээр зохицуулахаар болсон байна /х.х-ийн 15-р хуудас/.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тус хуулийн 343.2, 343.3-д зааснаар гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба үүрэг гүйцэтгэгч үүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

 

Хэдийгээр талуудыг тус гэрээг байгуулж байх үед гэрээнд заасан 31.2 м,кв талбайтай орон сууц тодорхой хэмжээнд бий болсон байсан хэдий ч 100 хувь бэлэн болоогүй, хэрэглээний буюу ашиглалтын шинж чанарын хувьд шууд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй зэргээс тус тус дүгнэвэл тэдгээрийн хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

  Иймд, ******* болон -иудын хооронд 46,800,000.00 төгрөгийн хүрээнд 31.2 м,кв талбайтай 1 өрөө, блокны 1 дүгээр давхарт байрлах Орон сууцыг захиалан бариулах тухай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

      

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Тооцоо нийлсэн актаар хариуцагч -иас мөнгөн хэлбэрээр төлбөл зохих 80,290,000.00 төгрөг /бетон зуурмагийн үнэ/, 9,108,000.00 төгрөг /шахагч помп машин/, нийт 89,398,000.00 төгрөгөөс 76,942,000.00 төгрөгийг төлж, 12,456,000.00 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000.00 төгрөгийг төлж, 7,456,000.00 төгрөг үлдсэн, энэ талаар зохигчид маргахгүй байна.

 

Харин зохигчид дор дурьдсан төлбөр тооцоотой холбоотой асуудлаар маргаж байна. Үүнд:

 

  1. Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх тухай гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр 7,456,000.00 төгрөг,
  2. Бартераар тохирсон буюу орон сууц өгч, авахаар тохирсон 46,800,000.00 төгрөг,
  3. Бартераар тооцохоор болсон хэдий ч тодорхой шийдэлд хүрээгүй үлдсэн 22,990,000.00 төгрөг,
  4. Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх тухай гэрээний дагуу мөнгөөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 8,772,405.00 төгрөг,
  5. Бартераар тохирсон буюу орон сууцыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс тооцсон алданги 17,385,760.00 төгрөг, нийт 103,404,165.00 төгрөг байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгч *******-ийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/255 тоот дугаартай албан бичгээр худалдагч тал хэдийгээр бартераар тооцохоор болсон хэдий ч үлдсэн 22,990,000.00 төгрөгийг бэлнээр авах эсхүл орон сууцаар тооцож авах саналыг худалдан авагч талд хүргүүлсэн боловч хожим ******* нь энэхүү саналаасаа татгалзаж, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1/017 тоот дугаартай албан шаардлагыг хариуцагч -д хүргүүлжээ /х.х-ийн 16, 17-р хуудас/.

 

Тус албан шаардлагад дурьдснаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх тухай гэрээний дагуу мөнгөөр төлөх ёстой төлбөр 7,456,000.00 төгрөг, бартераар тооцохоор болсон ч тодохой шийдэлд хүрээгүй үлдсэн 22,990,000.00 төгрөг, нийт 30,446,000.00 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхийг шаардаж, гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй бүтээгдэхүүний үнээс алданги тооцож, 8,572,220.00 төгрөгийг нэмж нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч -ийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч *******-д хариу санал хүргүүлэхдээ өмнө талуудын тохирсон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд өөрчлөлт оруулж, нийт 78,740,720.00 төгрөгийг тодорхой хугацаанд төлөх санал хүргүүлжээ.

 

Энэхүү 78,740,720.00 төгрөгт дээр дурьдсан мөнгөөр төлөх ёстой 7,456,000.00 төгрөг, орон сууцаар төлөхөөр тохирсон 46,800,000.00 төгрөг, бартераар тооцохоор болсон 22,990,000.00 төгрөг, зохигчдын хооронд тооцоо нийлсэн актанд тусгагдсан  1,494,720.00 төгрөгийн алданги тус тус багтжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч -ийн зүгээс зохигчдын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, түүний үнэ болох 46,800,000.00 төгрөгийг бартераар тооцохоор болсон ч үлдсэн 22,990,000.00 төгрөгийн хамт мөнгөн хэлбэрээр, алданги 1,494,720.00 төгрөгийг тус тус төлөх санал гаргасан байна.

 

Гэвч энэхүү саналд нэхэмжлэгч *******-ийн зүгээс тодорхой хариу өгөхгүйгээр ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч *******-иас зохигчдын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээг цуцалж, нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг хариуцагч *******-иас гаргуулахыг шаарджээ.

 

Энэ нь, талуудын хооронд байгуулсан нийт 387,500,000.00 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээг биелэгдээгүй хэсэг буюу 226,920,000.00 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг цаашид нийлүүлэхээс татгалзаж, гэрээг цуцалж, харин биелэгдсэн хэсгийн төлбөрийг нэхэмжилж байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө тал гэрээг үргэлжлүүлэх боломжгүйд хүрвэл цуцлах эрхтэй байна.

 

Талууд, уг Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан ба гэрээний зорилго, зохигчдын эрх, үүрэг, бүтээгдэхүүн нийлүүлэх, түүнийг хүлээн авах зэрэг үйл баримтаас дүгнэвэл урт хугацаатай гэрээ ажээ.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно гэж заасан.

 

Хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрүүдэд хүлээн авсан бетон зуурмагийн үнийг мөнгөөр төлөх төлбөрийг хугацаандаа төлөөгүй, энэ талаар зохигчид харилцан тооцоо нийлж, баталгаажуулсан, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байх тул худалдагч ******* нь тус гэрээг цуцлах эрхтэй юм.

 

Талуудын хооронд байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээний дагуу худалдан авагч нь нийт авсан бетон зуурмагийн үнийн 50 хувийг мөнгөөр төлөх үүрэг хүлээж, Тооцоо нийлсэн акт, *******-ийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/225 тоот албан бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/017 тоот албан шаардлага болон -ийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4/020 тоот албан бичгээс тус тус үзвэл нийлүүлсэн бетон зуурмагийн мөнгөн хэлбэрээр төлөх төлбөр 30,446,000.00 төгрөг ажээ /7,456,000+22,990,000=30,446,000/

 

Нэгэнт худалдан авагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг үнийг төлөх үүрэгтэй тул худалдагч *******-иас дээр дурьдснаар мөнгөөр төлөх ёстой 7,456,000.00 төгрөг, бартераар тооцохоор болсон хэдий ч мөнгөн хэлбэрээр төлөхөөр өөрчилсөн 22,990,000.00 төгрөг, нийт 30,446,000.00 төгрөг төлөхийг худалдан авагчаас шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн буюу хугацаандаа мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүйгээс тооцогдогдсон 8,772,405.00 төгрөгийн алдангиас 2,544,405.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 6,228,000.00 төгрөгийг гаргах нь зүйтэй байна.

 

Учир нь, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар худалдан авагч тал тус гэрээний 2.9, 2.10-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон хэдий ч төлбөрийг төлөх хугацааг талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10-д зааснаар төлбөр шаардсан нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 /гурав/ хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн, нэхэмжлэлд авагдсан алдангийн тооцоололд дурьдсан төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй гэх үйл баримтыг тогтооход дээр дурьдсанаар нэхэмжлэхийг хэзээ өгсөн, хэзээ хүлээн авсан талаарх нотлох баримт байхгүй, хугацаа хэтэрсэн гэж үзэхэд шаардлагатай үйл баримт тодорхой биш байгаа учраас 549,725.00 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв /х.х-ийн 26-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд Тооцоо нийлсэн актаар зохигчид мөнгөөр төлөх ёстой 12,456,000.00 төгрөгт алданги тооцож, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 24 өдөрт 1,494,720.00 төгрөг болсныг хариуцагч -иас 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 4/020 тоот албан бичгийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул зохигчид энэхүү 12,456,000.00 төгрөгт алданги тооцохоор тохирсон, төлөх ёстой хугацааг 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэж дүгнэв.

 

Талууд ийнхүү тооцоо нийлсэн өдрөөс хойш хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12,456,000.00 төгрөгөөс 5,000,000.00 төгрөгийг төлж, 7,456,000.00 төгрөг үлдсэн, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд алдангийг тооцоход /12,456,000x0.5%x57=3,549,960/ төгрөг, үлдэх 7,456,000.00 төгрөгөөс нэхэмжлэгч *******-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртлэх хугацаанд тооцоход алдангийн хэмжээ буюу 12,456,000.00 төгрөгт ногдох алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хэмжээнээс хэтэрч байх тул 6,228,000.00 төгрөгөөр тооцож, илүү бодогдсон 1,994,680.00 төгрөг, нийт 2,544,405.00 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв /нэхэжилсэн алданги 3,674,520+4,548,160+549,725=8,772,405 төгрөг,  хангаж шийдвэрлэсэн алданги 6,228,000 төгрөг, хэрэгсэхгүй болгосон алданги 1,994,680+549,725=2,544,405/.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч -иас худалдан авсан бетон зуурмагийн төлбөр 30,446,000.00 төгрөг, төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс бодогдсон алданги 6,228,000.00 төгрөг, нийт 36,674,000.00 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

 

Нэхэмжлэгч ******* нь солигдсон үүрэг болох Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээн авах ёстой 46,800,000.00 төгрөгийн үнэтэй 31.2 м,кв талбайтай 1 өрөө, 1 дүгээр давхарт байрлах Орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байна.

 

Энэ нь, хэдийгээр хариуцагч -ийн зүгээс гэрээнд заасан орон сууцыг барьж гүйцэтгэсэн ч нэхэмжлэгч ******* нь түүнийг хүлээн авахаас татгалзаж байгаа нь түүний нэхэмжлэл, тайлбар, гүйцэтгэгч талд өгсөн хөлсийг алдангийн хамт шаардаж байгаагаар илэрхийлэгдэж байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж, 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар хариуцагч нь тохиролцсон орон сууцыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч энэхүү хугацаандаа орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, хэдийгээр хариуцагч тал хугацаандаа гүйцэтгэсэн гэж тайлбарлаж буй боловч үүнийг баримтаар нотлохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч *******-ийн зүгээс 31.2 м,кв талбайтай 1 өрөө, 1 дүгээр давхарт байрлах Орон сууцыг тагтгүй, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээнээс үзвэл ажлын үр дүн гэрээ байгуулагдмагц шууд биелэх бус харин тодорхой хугацаа шаардаж байх тул энэхүү гэрээ нь урт хугацаатай гэрээ бөгөөд тус гэрээг цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулсан. 

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээг дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба тус хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т заасны дагуу захиалагч тал хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй юм.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн *******-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан шаардлага, -ийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаас тус тус үзвэл зохигчид бартераар тооцсон орон сууцыг төлбөрт тооцох тухай тохиролцоогоо цуцалж, харин түүний үнэ 46,800,000.00 төгрөгийг мөнгөн хэлбэрээр өгөхөөр болсон байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д “Гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар  зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

 

Үүнийг нэхэмжлэгч ******* гэрээнд заасан орон сууцыг хүлээн авахаас татгалзаж байгааг түүнд хариуцагч -ийн одоогийн гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолгүй болсон гэж үзэж, талуудын хувьд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүрэг үүссэн гэж ойлгох ба хариуцагч нь 46,800,000.00 төгрөгийг нэхэмжлэгч *******-д буцаан өгөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ.

 

Талуудын гэрээнээс үзвэл үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ огт гүйцэтгээгүйтэй холбоотой бус харин үүргийг хугацаа хэтрүүлж хүлээлгэн өгөх тохиолдол алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд энэ нь, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх этгээд ийнхүү хугацаа хэтрүүлснээс алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснийг үүрэг гүйцэтгүүлэгч тал хүлээн авах тохиолдолд гэрээнд заасан алданги төлөх үүрэг хүлээснийг илэрхийлж байна. 

 

Мөн үүрэг гүйцэтгүүлэгч тал Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзснаар түүнд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн ач холбогдолгүй болсон, гэрээнээс татгалзсан нь гэрээний бүхий л тохиролцооноос татгалзаж байгааг агуулдаг учраас хэдийгээр ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй ч гэсэн алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ.

 

Иймд, хариуцагч -иас 46,800,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, алданги 17,385,760.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсныг тус тус үндэслэн хариуцагч -иас нийт 83,474,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,930,165.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч -иас 83,474,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19,930,165.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,970.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид 576,685.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАНДАЛБАЯР