Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 294

 

 

 

 

 

 

 

 

  2020        02         19                                   2020/ШЦТ/294

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Я.Сансар /томилолтоор/,

          шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Л овогт М.Э-г яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00388 0241 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, М.Э

          Холбогдсон хэргийн талаар:

М.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчингийн 3 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн С.Отгонбаярын эзэмшлийн 51-35 УНЧ улсын дугаартай Хонда Сивик маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хулгайлах, завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.  

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Отгонбаярын өгсөн: …2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Газарчингийн 3 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд өөрийн эзэмшлийн 51-35 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн “Хондо- Сивить” маркийн машиныг байршуулаад гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд манай хүү Мөнхбаяр надад “аав таны машин алга” гэж хэлсэн. Тэгээд манай хүү тэгж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандах болсон. Миний машины хаалга гадна талаасаа ямар ч хамаагүй түлхүүр хийгээд эргүүлэхэд хаалга онгойдог мөн машиныг асаахад ямар ч хамаагүй машины түлхүүр хийж түлхэхэд машин асдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Мөнхбаярын өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байхад би гаднаас гэртээ ирсэн ба гадаа машинаа байршуулчихаад гэртээ ороход аавын машин байхгүй байсан. Тэгэхээр нь би аавыг байхгүй байгаа юм байх гэж бодоод машинаа байршуулаад гэртээ яваад ороход аав байсан. Тэгэхээр нь аавд машин чинь байхгүй байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандах болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Батцоожийн өгсөн: ...Би өчигдөр 19 цагийн үед гэртээ ирсэн ба гэртээ ирэхэд манай хүү М.Э нь гэртээ байхгүй байсан ба энэ шөнө манай хүү гэртээ ирж хоноогүй, хаана хоносныг нь би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Э ийн өгсөн: ...би тогтоолыг зөвшөөрч байна...гэх мэдүүлэг,/хх-н 46-р тал/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27 дугаар тал/,

- Шүүгдэгч М.Э ийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30, 35, 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Газарчингийн 3 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн С.Отгонбаярын эзэмшлийн 51-35 УНЧ улсын дугаартай “Хонда- Сивик” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хулгайлах, завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Отгонбаяр, гэрч О.Мөнхбаяр, яллагдагчаар өгсөн М.Э нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Э ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч С.Отгонбаяр нь алдсан эд зүйлсээ биет байдлаар буцаан авсан талаар эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 7 дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч М.Э ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч М.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Л овогт М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э т оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ