| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/08113/И |
| Дугаар | 5415 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 5415
| 2016 оны 11 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2016/06415 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүргийн * хороо * байр * тоотод оршин суух Ч овогт Д ЭС /РД:***********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн *р хороо, * байр * тоотод оршин суух Т С /РД:*********/ холбогдох
орон сууц түрээсэлсний төлбөр болон ашиглалтын зардал 14,278,384 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э би М.Б, Н.Л нарын итгэмжлэлийн үндсэн дээр Баянзүрх дүүргийн*хороо 603 байр 76 тоот орон сууцыг бусдад хөлслүүлэхээр эрх авч гэрээ байгуулах эрхтэй болсон бөгөөд уг байр манай хүүхдүүдийн байр тэд эзгүй байгаа бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь банкнинд байгаа учир нь орон сууцыг банкны зээлээр худалдаж авсан.
Ингээд Баян зүрх дүүргийн*хороо 603 байр 76 тоот орон сууцыг иргэн Т.Ст 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэл хугацаагаар нэг сарын төлбөр 750,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан.
Т.С нь 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс хойш байрны түрээс, юнивишн, цахилгаан СӨХ, байрны төлбөрөө төлөөгүй.
Манай байранд Т.С компанийхаа гадаад иргэнийг суулгаж байсан гэсэн би мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гээд өгөөгүй алга болсон тул гэрээний хугацаа дуусахад би байрны СӨХ-ийн хүмүүстэй орж эд хөрөнгөө хүлээн авсан. Түрээслэхэд үлдээсэн хөрөнгүүдийг бүрэн бүтэн хүлээж авсан.
Хариуцагч Т.Стай уулзахаар манай компаний гадаадын иргэн танай байранд амьдардаг гэж тайлбарладаг боловч “Х” ХХК нь төлбөрийг удахгүй төлнө гэсэн албан бичгийг надад өгч байсан.
Иймд түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр 11,250,000 төгрөг, алданги 1,687,500 төгрөг, СӨХ, юнивишн, цахилгаан, байрны төлбөр 1,340,884 төгрөг, нийт 14,278,384 төгрөгийг хариуцагч Т.Саас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Д.Э нь орон сууц түрээсэлсний төлбөр болон ашиглалтын зардал нийт 14,278,384 төгрөгийг хариуцагч Д.Саас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.С нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Д.Эгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд О.Быг оролцуулахаар 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бод 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч, 2016 оны 10 дугаар сарын 10-ний дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх хугацаа тогтоосон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсвэл татгалзсан талаарх тайлбараа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Д.Э нь М.Б, Н.Л 2014 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Баянзүрх дүүргийн*хороо 603 байр 76 тоот орон сууцыг бусдад хөлслүүлж, гэрээг төлөөлж байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай авчээ.
Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Т.С нарын хооронд Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ бичгээр байгуулсан боловч энэ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Э хариуцагч Т.С нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 1 жилийн хугацаатай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг бичгээр байгуулан 1 сарын 750,000 төгрөгийн хөлс төлөх, түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.
Хариуцагч Т.С нь орон сууцны 5,6,7 сарын түрээсийн хөлс 2,250,000 төгрөг төлсөн, гэрээ байгуулахад урьдчилан байршуулсан 750,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасаж тооцон, орон сууцны түрээсийн хөлс 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч Т.Саас гаргуулах зүйтэй гэж үзлээ.
Харин зохигчдын хооронд орон сууц түрээслэх гэрээ байгуулагдсанаас хойш 2016 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийг хүртэлх хугацааны цахилгааны төлбөр 73,506 төгрөг, байрны төлбөр 504,021 төгрөг, СӨХ-ийн төлбөр 471,672 төгрөг, ашиглалтын нийт зардал 1,049,229 төгрөг, орон сууцны хөлсөлсний төлбөр 9,000,000 төгрөг, нийт 10,049,229 төгрөгийг хариуцагч Т.Саас гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагчийн итгэмжлнгдсэн төлөөлөгч О.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар “Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч нь өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бод 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааны мэдэгдлийг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч түүний эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Т.Саас 10,049,229 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, 4,229,155 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 229,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Саас 175,737 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ