Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

2020        01          20                                  2020/ШЦТ/105

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг ҮД:05-42 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт Д.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00291 2748 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д.Б

Холбогдсон хэргийн талаар:

Д.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй засварын газарт иргэн Б.Ганбаатартай “...нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар цохих, газар унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мнэдэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогчийн ажиллуулж байсан дугуй засварын дээд талын дугуй засварт дотор хөзөр тоглохоор орсон. Машины зогсоол муутай байсан болохоор зам дагуу нэгдүгээр эгнээд машинаа байрлуулсан байсан. Хохирогч орж ирээд шууд намайг барьж аваад бид хоёр зодолдсон. Маргааш нь миний нүд хавдсан байсан. Би адилхан зодолдсон болохоор цагдаад өгье гэж бодоогүй. Тэгсэн 2019 онд цагдаа орж ирээд ийм юм болсон гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ганбаатарын өгсөн: ...Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн эцсийн дугуй засварт ажлаа хийж байх үед манай засварын гадаа нэг улаан машин нэгдүгээр эгнээнд 40 орчим минут болсон. Тэр машины жолооч хажуу талын зогсоол дээр хөзөр тоглоод сууж байсан. Би “чи нэгдүгээр эгнээнд 30-40-өөд минут тавьлаа шүү дээ, машинаа аваач” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу босч ирээд намайг боож нүүр рүү 2-3 удаа цохисон. Би зөрүүлээд цохисон. Тэгээд би боолтонд ороод ухаан алдаад унасан. Би сэргэх үед тэр залуу зугтаасан. Миний биеийн байдал одоо зүгээр байна...

...Би хэрэг болох үед Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж гипс тавиулж 1 сар болсон. Тэгээд миний баруун гарын тохой, шуу эдгэсэн. Тухайн үедээ эм авч ууж байсан, гэхдээ одоо баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17, 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч У.Өлзийбатын өгсөн: ...Тэр өдөр өөрийн машины дугуйгаа засуулах гээд ирсэн юм. Би дугуй засвар дээр би өөрийн найз Гонгорын хамт ажилладаг манай найз дугуй янзалж байсан юм. Тэгээд хүлээх зуураа би тэр ахын хамт хөзөр тоглоод хүлээгээд зогсож байсан чинь манай урд талын дугуй засварын газрыг ажиллуулдаг Ганбаатар ах манай дугуй засвар дээр орж ирээд тэр ахыг чи машинаа холдуулаач манай үүдэнд 1-р эгнээнд тавьчихсан байна гэж хэлсэн чинь Д.Б  ах чиний эгнээ юм уу гээд урдаас нь маргалдаад тэр хоёр барьцалдаж аваад Д.Б  нь Ганбаа ахыг боогоод авсан зөрүүлээд Ганбаатар ах цохисон юм. Тэгээд зодолдоод байхаар нь би хажуунаас нь салгасан Ганбаатар ах хоолойгоо боолгоод ухаан алдчихаар нь би салгаад сэргээсэн юм. Тэгээд Ганбаатар ах чи муу энэ хүнтэй нийлж байгаад намайг зодлоо гээд уурлаад байсан юм. Ганбаатар ах бид хоёр Д.Б  гэх хүнийг хоёулаа л зүс танина, харин манайд байнга ирж дугуйгаа засуулдаг юм. Тэгээд манайд ирдэг болохоор таньдаг гэж ойлгосон юм шиг байгаа юм. Д.Б  нь нүүр рүү нь 2-3 удаа цохисон байх, тэгээд газар унагааж байгаад хоолойг нь боогоод Ганбаатар ах ухаан алдчихсан юм. Д.Б  ахын нүүр рүү нь бас Ганбаатар ах цохисон, Д.Б ийн нүүрнээс нь цус гараад байсан юм. Тэгээд би салгаад Ганбаа ахыг дагуулаад дугуй засвараас гараад ирсэн чинь Д.Б  гэх хүн яваад өгчихсөн байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Гонгорын өгсөн: ...Би дүү Өлзийбатын хамт Улаанхуарангийн эцэст дугуй засвар ажиллуулдаг. Тухайн өдөр ажил дээрээ байхад танихгүй 40 орчим насны ах ирж Өлзийбаттай хөзөр тоглож байсан. Энэ хооронд би гадна дугуй тайлаад байж байхад хажуу талын дугуй засвар ажиллуулдаг Ганбаатар ах ирээд танихгүй ахад “чи машинаа миний дугуй засварын урдаас, нэгдүгээр эгнээнээс холдуулаач ээ” гэхэд хариуд нь “чиний газар юм уу” гэж маргаж байсан ба би гараад явсан. Дахиад ороод ирэхэд Ганбаатар ахын шүд, уруулаас нь цус гарсан, газраас босч ирээд тэр хоёр барилцаж авч байсан. Тэгээд нөгөө ах яваад өгсөн ба Ганбаатар ах цагдаад дуудлага өгч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 897 дугаартай шинжээчийн:

1. Б.Ганбаатарын биед баруун богтос ясны шөвгөн сэртэнгийн далд хугарал, шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар тал/,

- Шүүгдэгч Д.Д.Б ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36, 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Д.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй засварын газарт иргэн Б.Ганбаатартай “...нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар цохих, газар унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мнэдэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Ганбаатар, гэрч У.Өлзийбат, О.Гонгор нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 897 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Б  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч Б.Ганбаатар нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч Д.Д.Б ийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Гэвч хохирогч Б.Ганбаатар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Д.Д.Б ийн холбогдсон үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр хуульчилжээ.

Иймд Д.Б  нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий  ангийн 1.10 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Д.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хохирогч Б.Ганбаатар нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ