| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/0116/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 138
2020 01 24 2020/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Б.Ганбулган /томилолтоор/,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.О яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06120 0065 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.О
Холбогдсон хэргийн талаар:
Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Алтанхуягтай маргалдаж, улмаар мөрнөөс нь татаж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Алтанхуягийн өгсөн: ...Би 2019.10.06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16-р хороо 18-р байранд байх гэртээ байж байтал шөнө 00 цагийн үед утсаар машин гаръя гэж дуудсан. Ингээд манай эхнэр Анударь гадагшаа гарчихаад хүн байхгүй байна гэж хэлээд ороод ирсэн. Тэгтэл удалгүй дахин залгаад машинаа гаргах гээд байна гэж утсаар ярьсан ба манай эхнэр дахин гартал гадаа хүн байхгүй байна гээд ороод ирсэн. Ингээд байж байтал дахин залгасан бөгөөд манай эхнэр уурлаад 2 удаа гарлаа, одоо гарч чадахгүй гэж хэлтэл нөгөө хүн нь машины чинь цонхыг хагалчихна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би болон манай эхнэр гадагш гарсан ба орцны үүдэнд гартал үл таних гурван залуу байж байхаар нь би утсаа гаргаж бичлэг хийж эхэлсэн. Тэгтэл тэр гурван залуугийн нэг нь байрны харуул дээр очоод “та нар машин таглуулж зогсоолоо” гэх мэтчилэн хэрүүл хийгээд байсан ба би хажууд нь зогсож байтал намайг доромжилж эхэлсэн. Би тэгэхээр нь “чи шөнө орой 2 нялх хүүхэдтэй унтаж байхад дахин дахин дуудаад байх юм” гэж хэлтэл “чиний хүүхэдтэй байна гэж юу байдаг юм” гэх мэтчилэн доромжилж байсан. Ингээд би бичлэгээ хийгээд явж байсан бөгөөд манай эхнэр буцаад гэр рүүгээ орчихсон. Тэр хооронд нь би байрны зүүн талд байх аваарын гарцны хаалганы доод хэсэгт байх 1 метр гаруй өндөртэй төмөр хашлаган дээр 2 тохойгоороо тохойлдоод машины эзэн гэх залуутай хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгтэл хажуу талаас үл таних хар хувцастай туранхайвтар залуу нь над дээр ирээд миний баруун мөрний дээд хэсгээс 1 удаа татчихсан бөгөөд би урагшаа тонгойгоод унасан. Тонгойх үед куртикны малгай өмсөгдсөн бөгөөд би тэр чигээрээ газар уначихсан. Ингээд босоод иртэл дух, хамар хавдчихсан босч ирсэн. Миний биед гэмтэл учирсан. Дух, хамар зулгарч шалбаран хавдсан байсан. Тус гэмтлийг үл таних гурван залуугийн хар хувцастай 20-25 орчим насны залуу баруун мөрний дээд хэсгээс нэг удаа хүчтэй татаж газар унагаасан. Тэрнээс болж миний биед гэмтэл учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Эрхэмбаярын өгсөн: ...Намайг тэр залуугийн гар утсыг нь гарнаас нь булааж авч халаасанд нь хийж байх үед Б.О машинаас буугаад ирчихсэн байсан. Би утсаар яриад зогсож байх үед Б.О тэр залуу дээр очоод одоо хэрэлдээд яах вэ, чи зүгээр машинаа холдуулчих аа гэж хэлээд тэр залуугийн баруун мөр хэсэгт зүүн гараараа барингаа хэлсэн. Тэгснээ агаа дугуйгаа хийчихээд явъя, энэ залуу юм ойлгохгүй юм байна гэж Б.О надад хэлсэн. Тэгэхээр нь би за одоохон би утсаар ярьж дуусаадахъя гэж хэлсэн. Тэгээд би тамхиа татчихаад тэр залуу муухай орилохоор нь эргэж харсан чинь тэр залуу тэр төмөр хашлаганаас нэг гараараа барьчихсан газар руу унаж яваа нь харагдсан. Тэгээд унаж явах үед нь Батбилэг тэр залуу руу ганц алхаж очоод өмднөөс билүү цамцнаас гараараа барьж аваад алдаад тавьчихсан. Тэгээд тэр залуу газар уначихсан. Яг тэр үед эхнэр нь орцноосоо гарч ирсэн. Тэгснээ та гурав нийлээд миний нөхрийг зодчихлоо гэж хэлсэн. Тэр үед нөхөр нь унасан газраа сууж байсан чинь эхнэр нь нөхрийнхөө малгайг өмсүүлсэн. Нөхөр нь босч ирээд энэ намайг зодсон гэж Б.О руу гараараа заасан. Тэгээд тэр хоёрын нэг нь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар Б.О бид хоёрыг аваад дүүрэг рүү явсан. Дүүрэг дээр очоод намайг үлээлгэхэд надаас архи үнэртэхгүй байна гээд явуулсан. Харин Б.О г архи уусан байна гээд шууд эрүүлжүүлэх рүү аваад орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12139 дугаартай шинжээчийн:
1. Э.Алтанхуягийн биед духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн Б.О ын: ...Би тухайн өдөр болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байгаа бөгөөд өмнөх мэдүүлэгтээ болсон бүх явдлыг үнэн зөв мэдүүлсэн байгаа. Тийм учир тэр мэдүүлгээрээ явна. Би Э.Алтанхуягийн биед гэмтэл учруулсан бөгөөд нэг удаа мөрнөөс нь татаж газар унагасан...гэх мэдүүлэг /хх-н 52 дугаар тал/
- Шүүгдэгч Б.О ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35, 36, 39 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.О ын 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Алтанхуягтай маргалдаж, улмаар мөрнөөс нь татаж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Э.Алтанхуяг нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.О од холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Алтанхуягтай маргалдаж, улмаар мөрнөөс нь татаж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Алтанхуяг, яллагдагчаар өгсөн Б.О нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 12139 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Э.Алтанхуяг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй байх ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.О ыг бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 58 дугаар тал/
Хохирогч Э.Алтанхуяг нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.О од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч Б.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Э.Алтанхуяг нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ