Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

2020       01          28                                 2020/ШЦТ/159

 

                         

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                               

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Я.Сансар,

шүүгдэгч Л.Б  нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Л.Б-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 03831 0123 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Б овогт Л.Б

Холбогдсон хэргийн талаар:

           Л.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монелийн 431-р худгийн хойд талын хашаанд иргэн Н.Насанжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдан шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Насанжаргалын өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “Сэнгүр” пиво аваад танилынхаа гэрт орох гээд явж байтал замд үл таних эрэгтэй хүн таараад “Сайн уу” гэж хэлсэн. Тэгээд пиво өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй, өгөхгүй гэж хэлтэл тухайн эрэгтэй намайг чирээд гэр рүүгээ аваад явсан. Тухайн авч очсон газар нь Баянзүрх дүүргийн 5-р хороо, Монелийн 431-р худгийн хойд талын хашаа байсан. Тэнд нэг ширхэг гэр байсан. Тэгээд гэр рүү нь ортол харанхуй гэрэлгүй байсан. Тэгээд тэр эрэгтэй намайг гэртээ оруулсныхаа дараа нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би явах гэсэн боловч явуулахгүй болохоор нь зугтаж ирсэн. Тэгээд миний гутлыг аваад үлдчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхжаргалын өгсөн: ...Би Насанжаргалын төрсөн эгч бөгөөд манай дүү 2019.12.31-ний өдөр Хэнтий аймаг Цэнхэр мандал сумын хөдөө хэсэгт хүнд хутгалуулж нас барсан ба одоо хэрэг нь Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгагдаж байгаа. Би дүүгийнхээ эмчилгээний зардал болох 1.300.000 төгрөгийг иргэн Л.Б аас өөрийн дансаар авсан тул одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,

- Хохирогч Н.Насанжаргалын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 66 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 7942 дугаартай шинжээчийн:

1. Н.Насанжаргалын биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хоншоорын хөндийн урд болон гадна, доод ханын зөрүүтэй хугарал, зүүн хацар ясны нумын зөрүүтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхи, зүүн хацар, зүүн чамархайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Л.Б ы: ...Би тухайн өдөр болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байгаа бөгөөд өмнөх мэдүүлэгтээ болсон бүх явдлыг үнэн зөв мэдүүлсэн байгаа. Тийм учир тэр мэдүүлгээрээ явна. Би Н.Насанжаргал гэх залуугийн биед гэмтэл учруулсан бөгөөд гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Мөн гэрээс гар гэхэд гарахгүй байсан болохоор нь цохичихсон...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/,

- Шүүгдэгч Л.Б ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39, 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Л.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Монелийн 431-р худгийн хойд талын хашаанд иргэн Н.Насанжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Насанжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхжаргал, яллагдагчаар өгсөн Л.Б  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7942 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Б ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Насанжаргалын биед учирсан хохирлын талаарх 1.170.196 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн бөгөөд нотлох баримтын шаардлагыг хангаж байх ба шүүгдэгч Л.Б ы зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхжаргалд 1.300.000 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Энхжаргалын зүгээс хохирлын мөнгийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлж, хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 65, 67 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б   нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Л.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б  нь 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох  ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ