Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 130/2017/00551/И |
Дугаар | 001/ХТ2018/00731 |
Огноо | 2018-05-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2018/00731
“Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2018/00008 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч М.С-д холбогдох,
Нийтийн халуун усны байрнаас албадан нүүлгэж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 20 сарын түрээсийн төлбөрт алдангийн хамт 2 990 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч М.С-н гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2014 онд орон нутгийн хөрөнгөөр /75 сая төгрөгөөр/ уг халуун усны газар баригдсан. Анх н.Нуржан гэх хүн ажиллуулж байгаад хариуцагч М.С-д өгсөн бөгөөд “Х” ОНӨААТҮГ-тай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж одоо хүртэл ажиллуулж байгаа. 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Аудитын газраас тус халуун усны газар 2 210 000 төгрөгийн авлагатай гэсэн акт гарсан. М.С- энэ хугацаанд ямар нэгэн түрээсийн төлбөр төлөөгүй. Би тухайн байгууллагын захирлаар 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр томилогдсон. Өмнөх дарга А.Женисбек, түүний менежер н.Досжан нар удаа дараа төлбөрийг төлөх талаар шаардаж байсан боловч энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй. Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М.С-д та өр төлбөрөө төлөөд, үргэлжлүүлэн түрээсийн гэрээ байгуулж ажиллуулаарай гэсэн шаардлага тавьсан боловч зөвшөөрөөгүй. Манай байгууллагаас байгуулагдсан комисс хүлээж авахаар очсон боловч хүлээлгэж өгөөгүй.
Иймд М.С-г тухайн байрнаас албадан нүүлгэж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 2 600 000 төгрөг, гэрээнд зааснаар 20 сард ногдох 390 000 төгрөгийн алдангийн хамт нийт 2 290 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Тухайн халуун усны газрыг ажиллуулахад анх надтай хэн ч гэрээ байгуулж байгаагүй. Урьд нь тухайн байгууллагын захирлаар ажиллаж байсан А.Женисбек анх надад тухайн халуун усны газрыг хүлээлгэж өгөхдөө та нараас ямар нэгэн түрээсийн төлбөр авахгүй, одоохондоо гэрээ хийхгүй, та нар өөрсдийн зардлаар янзлаад босгоорой гэж хэлсэн. Надад 2017 оны 5 дугаар сард нэг бичиг авч ирээд гарын үсэг зуруулсан боловч ямар бичиг байсныг би тухайн үед анзаараагүй. Би 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсан. Би тухайн халуун усны газарт маш их зардал гаргасан бөгөөд хийсэн зүйлүүд дэвтэрт бичээстэй байгаа. Анх бид нар хүлээж авахад нэг ч бүтэн цонхгүй, тахианы оромж мэт болсон байсныг би Төрийн банкнаас зээл авч янзалж зассан. Би халуун усны газрын ус халаагч мөн шугамыг нь сольсон, даралттай насос авч тавьсан. Бохирын хоолойнууд нь чулуу чихэгдээд хагарсан байсан. Энэ бүгдийг А.Женисбек, Ө.Хабай дарга нар бүгд мэдэж байгаа. Мөн 3 машин үнс ачихад хүрзээр ачих боломжгүй байсан тул экскаватор хөлсөлж ачуулж байсан. Би тухайн халуун усны газрыг н.Нуржан гэх хүнээс хүлээж авсны дараа Ахниет гэж нэрийг нь сольсон.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Шеруши бахат овогт Мешелийн Сауенайгаас түрээсийн төлбөрт 455 000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2 535 000 /хоёр сая таван зуун гучин тав/ төгрөгийн шаардлагыг, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан хариуцагч Шеруши арыххул овогт Мешелийн Сауенайг Өлгий сумын 6 дугаар багт байрлалтай нийтийн Ахниет халуун усны байрнаас албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн “Х” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2018/00008 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 692 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “455 000 /дөрвөн зуун тавин таван мянга/” гэснийг “548 600.00 /таван зуун дөчин найман мянга зургаан зуу/” гэж, “2 535 000 /хоёр сая таван зуун гучин таван/” гэснийг “2 441 400.00 /хоёр сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуу/” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4.-т заасныг” гэж, 3 дахь заалтын “14 300 төгрөгийг” гэснийг “17 108.00 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 300.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг М.С- би тус үйлдвэрийн газрын захиргаатай тухайн үед амаар тохиролцон 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өлгий сумын 6 дугаар багт байршилтай “Ахниет” нэртэй нийтийн халуун усны байрыг түр хугацаагаар ажиллуулахаар авсан юм. Тухайн үед уг халуун усны байр нь нохой, шувууны байр болсон, эзэнгүй байр байсан юм. М.С- би уг байрыг ажиллуулахаар авах үед нөхөр С.Темир болон өөрийн нэрээр арилжааны банкуудаас их хэмжээний зээл авч ойролцоогоор 3.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хэвийн ажиллагаанд чадан ядан оруулсан юм. Энэ тухай шүүхэд гэрчээр асуугдсан иргэд тодорхой мэдүүлснийг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна. Халуун усны байрыг тус үйлдвэрийн захиргаанаас түрээслүүлэх талаар тухайн үед надтай ямар нэгэн түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан ба 2017 оны 05 дугаар сард түрээсийн гэрээ гэсэн бичиг баримтанд гарын үсэг зуруулсан байна.
Энэхүү түрээсийн гэрээ нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Х” ОНӨААҮГ-ын 2014, 2015, 2016 онуудын санхүүгийн баримтын хяналт шалгалтын танилцуулга гэдэг бичиг баримтыг гаргахын тул дүр эсгэн хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Уг гэрээг тухайн үед би түрээсийн гэрээ гэдгийг сайн ойлгоогүй юм.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4.-т зааснаар “Х” ОНӨААТҮГ болон иргэн М.С- нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрчээр асуугдсан хүмүүсийн мэдүүлгийг үнэлээгүй явдалд гомдолтой байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож, “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан 548 600.0 төгрөг болон 17 108.0 төгрөг гэснийг” тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч “Х” ОНӨААТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч М.С-н эзэмшлээс халуун усны газрыг гаргуулах, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөр 2 600 000 төгрөг, гэрээнд зааснаар 20 сард ногдох 390 000 төгрөгийн алдангийн хамт нийт 2 290 000 төгрөгийг түүнээс шаарджээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлд халуун усны байрыг түрээслэх гэрээг зааж, нотлох баримтаар шүүхэд гаргасан байна. Уг гэрээ 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой боловч талууд гэрээг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан талаар гэрээний 6.4.-т заасан, нотариатч мөн өдөр гэрээг гэрчилжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Тухайлбал, зохигч нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө түрээсийн гэрээний харилцаатай байсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр гаргуулахыг хариуцагчаас шаардсаныг шүүх үндэслэлгүй гэж үзжээ.
Түүнчлэн, түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй учир гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшлээс гаргуулах шаардлагыг шүүх хангаагүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс түрээсийн төлбөрийн талаарх шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасныг зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан тул энэ тухай шаардлагыг давж заалдах шатны шүүх хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн тухайн маргаанд хамааралтай зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баян-Өлгий аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 212/МА2018/00008 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН