Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 51

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Н

Хариуцагч: Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Н миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврээ тогтоолгосон юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилээ сонгох эрхтэй” байхаар хуульчилсан байдаг. 

Би эрчим хүч, уул уурхай, үйлдвэр геологийн яамны машин механизмын баазад жолоочоор ажилласан 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудын цалингийн дундаж хэмжээгээр өндөр насны тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор 2016 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандахад дундаж цалин нь архивын нотлох баримтаар гарч ирээгүй учир шүүхээр тогтоолгох нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Иймд миний бие Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны 1/238 дугаар албан бичгийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргаж, улмаар Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2017/00218 дугаартай шийдвэрээр миний Эрчим хүч, уул уурхай, үйлдвэр геологийн яамны машин механизмын баазад жолоочоор 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудад ажиллаж байсан үеийн цалин хөлсийг тогтоосон юм.

Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн Эрчим хүч, уул уурхай, үйлдвэр геологийн яамны машин механизмын баазад жолоочоор тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан дараалсан таван жилийн хөдөлмөрийн хөлсний хувь хэмжээгээр тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст дахин хандахад тус хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 2/340 дугаар албан бичгээр шүүхийн байгууллагаар тодорхойлуулсан цалингаар тэтгэвэр өөрчлөх боломжгүй" гэсэн хариу ирүүлсэн болно. Би дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч тус хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1/367 дугаар албан бичгээр миний гомдлыг гомдлын шаардлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг өгсөн билээ.

Миний гомдлын шаардлагын зөвлөлд гаргасан гомдлын хариу болох дээрх албан бичгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр өмгөөлөгчөөсөө мэдлээ. Хариуцагч байгууллага нь анх намайг тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор хандахад холбогдох нотлох баримтууд нь тэтгэврийг өөрчлөн тогтоох нотлох баримтын шаардлага хангахгүй учир шүүхээр тогтоолго гэсэн мөртлөө тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн дараалсан таван жилийн цалин хөлсийг тогтоолгосон шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрийг үнэлэхгүй, миний тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж байгаа төдийгүй нэхэмжлэгч миний нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. 

Иймд Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралд оролцож байна. 

Нэхэмжлэгч З.Н анх тэтгэврийн хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтээ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс гаргахад хариуцагч байгууллагын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/238 дугаар албан бичгээр дарга А өөрөө та шүүхээр цалингийн асуудлаа шийдүүлнэ үү гэсэн тайлбар өгсөн. Уг албан бичигт таны цалинг тогтоох боломжгүй байна. Таны цалинтай холбоотой мэдээлэл архивд шилжээгүй учраас та энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсний дагуу З.Н Архангай аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч тухайн үед хувь хүнээс олдсон цалинтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх тухайн баримтыг үнэлж дүгнэсэн. Мөн тухай үед хамт ажиллаж байсан гэрч Батбаатар болон бусад гэрч нарыг асуугаад 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэж, 218 дугаар шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. 

Гэтэл Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хүний эрхийг зөрчсөн асуудал. Хариуцагч байгууллага Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шүүхийн шийдвэрийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт явуулсан байсан. 2017 оны 6  дугаар сарын 19-ний өдрийн 6/1838 дугаар албан бичгээр Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хариу ирүүлсэн. Тухайн албан бичигт 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 256 дугаар шийдвэртэй танилцлаа. Уг шийдвэртэй танилцаад Нийгмийн даатгалын газраас гаргасан 163 дугаар тушаал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25.1.3-д заасны дагуу лавлагаа хавсаргана гэж заасныг зөрчсөн учраас тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл энэ хариу нь 2017 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн 256 дугаар шийдвэртэй хэргийг хянаад өгсөн хариу байдаг. 

Гэтэл бидний маргаад байгаа зүйл нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн  218 дугаар шийдвэр байдаг. Өөр шүүхийн шийдвэрт хариу өгсөн зүйлийг бариад хүний эрхийг зөрчөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь манайх шийдэх боломжгүй гэдэг хариу өгөөд яваад байна. Энэ 5 жил тогтоосон 218 дугаар шийдвэрээр тэтгэврээ өөрчлүүлье гээд байхад 256 дугаар шүүхийн шийдвэрийг хянасан хариуг үндэслээд байгаа нь зүйд нийцэхгүй. 

Тухайн шийдвэрийг аваад гомдлын шаардлагын зөвлөлд хандсан. Гомдлын шаардлагын зөвлөлөөс Нийгмийн даатгалын ерөнхий газраас нэг утгатай шийдвэрийг дахин хэлэлцэх боломжгүй гэсэн учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. 

Нийгмийн даатгалын хэлтэс энэ хүний тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжтой байхад тогтоож өгөхгүй байгаа нийгмийн даатгалын хэлтсийн буруутай эс үйлдэхүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28.1.1-д зааснаар өөрчлөн тогтоох үндэстэй. З.Н-ийг тэтгэврээ  өөрчлөн тогтоолгох үндэстэй гэдгийг шүүх  тогтоосон байхад журмаа бариад болохгүй гээд байгаа нь хүний эрхийг зөрчиж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.Н-ийн шүүхэд гаргасан өндөр насны тэтгэврийг өөрчлөн тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг өөрчлөн тогтоохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэврээ тогтоолгоход түүний ажилласан хугацааны цалингийн тодорхойлолт байхгүй олдох боломжгүй гэж тэтгэвэр нь тогтоогдсон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д “Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт “25.3-д “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно” гэж хуульчилсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалаар баталсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх хянах журам”-ын цалин, хөлсний тодорхойлолтын талаарх 3.1.10-д “Иргэн 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл аль дараалсан 5 жилийг нь сонгохыг тодруулан зөвлөж энэ хугацаанд авч байсан цалин хөлсний тодорхойлолтыг НД№16 маягтаар тухайн ажиллаж байсан байгууллагаар эсвэл архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг хавсаргана” гэж заасан байдаг.

Иргэн З.Н нь анх тэтгэвэр тогтоолгохдоо цалингийн тодорхойлолт гаргах боломжгүй тухайн үед ажиллаж байсан газар нь татан буугдаж цалингийн баримт нь архивт шилжээгүй хувь хүний гар дээр байдаг гэсэн тайлбар хэлсэн. Архивт материалаа шилжүүлээд архивын лавлагаа гаргуул гэсэн тайлбарыг өгөхөд архив хувь хүний гараас баримт материал авдаггүй гэж тайлбарласан. 

Тухай үед асуудал хариуцсан тасгийн дарга Л.Ариунаа, Тэтгэврийн тэтгэврийн байцаагч Б.Алтанцэцэг, Хяналтын байцаагч С.Энхжаргал нараас удаа дараа манай байгууллагын цалингийн баримт хувь хүний гар дээр байдаг, тэр баримтаар тэтгэврээ өөрчлүүлнэ” гэхэд баримт материалаа архивт өгч архивын лавлагаа ав гэсэн тайлбар хэлсэн. Хэсэг хугацааны дараа хувь хүний гар дээрээс архив материал хүлээн авахгүй гэсэн тайлбар хэлсэн байсан. Миний тэтгэврийг та нар өөрчлөн тогтоосонгүй гэж гомдол мэдүүлэхэд жишиг цалингаар тогтоож болно гэсэн хариу өгсөн. Гэтэл жишиг цалингаар өөрчлүүлэхгүй цалингаа шүүхээр тогтоолгоно гэхэд шүүх цалин тогтоодоггүй гэсэн хариу өгсөн.

З.Н-ийн гарт байгаа цалингийн материалаар тэтгэвэр тогтоохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хариуцуулах тухай шүүхийн шийдвэрийг иргэн З.Н нь авч ирсэн бөгөөд манайх энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй цалингийн материал нь архиваас гараагүй болохыг иргэнд хэлэхэд ихэд бухимдан ахиж шүүхэд хандана. Та нарыг ямар учраас тэтгэвэр тогтоохгүй байгаа байгаа талаар шүүхэд хандана гэсний дагуу З.Н-ийн цалингийн материал нь архивын нотлох баримтаар хуулбарлагдан гарч ирээгүй  тул 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр албан бичиг хүргүүлсэн.

Хувь хүний нууц, байгууллагын баримт материал гараас гарт дамжигдан явах нь хууль зүйд нийцэхгүй байгаа талаар тайлбарыг иргэн Н-д өгч, ажиллаж байсан байгууллагаа шүүхэд өгч асуудлаа шийдвэрлүүлэхийг зөвлөж байсан болно. Иймд 1995 оноос өмнөх ажилласан хугацаанд авч байсан цалингийн тодорхойлолт архивын лавлагаа байхгүй тул тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25.1.3  зааснаар даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт, 25.3-д зааснаар тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага тогтооно гэсэн байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 163 дугаар тушаалаар тэтгэвэр тэтгэмж тогтоолгоход шаардагдах баримт бичиг бүрдүүлэх хянах журмыг гаргасан байдаг. Энэ журмын 3.1.10-т иргэн 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авч байсан цалин хөлснөөс тэтгэвэр, тэтгэмж тогтоолгохыг хүсвэл аль дараалсан 5 жилийг сонгохыг тодруулан зөвлөж, энэ хугацаанд авч байсан цалин хөлсний тодорхойлолтыг №16 маягтаар тухайн ажиллаж байсан байгууллагаар гэсэн байгаа. Цалин хөлсийг тогтоохдоо энэ журмыг баримтална гээд тогтоогоод өгсөн байдаг. З.Н-ийн нэхэмжлэлийн шаардлага биелүүүлэх нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон журамд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх  боломжгүй гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн З.Н-оос Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст /цаашид аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс гэх/ холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.Н нь маргаж буй үйл баримтын талаар буюу өндөр насны тэтгэврээ өөрчлөн тогтоолгох тухай асуудлаар хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандсан байх бөгөөд хариуцагч байгууллагаас “шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгснийг  үндэслэн Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудад авч байсан цалинг тогтоолгох хүсэлтээ гаргаж, шүүх 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2017/00218 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ . 

Шүүхийн шийдвэрийг үндэслэн өндөр насны тэтгэврийн хэмжээгээ өөрчлөн тогтоолгохоор Архангай аймгийн Тариат сумын нийгмийн даатгалын байцаагчид хүсэлтээ гаргахад , аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2/340 дүгээр албан бичгээр “...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 6/1838 дугаар албан бичгээр шүүхийн байгууллагаар тодорхойлуулсан цалингаар тэтгэвэр өөрчлөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байна. Иймд таны тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй болохыг уламжилж байна.” гэсэн хариу өгчээ .

Нэхэмжлэгч З.Н 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд уг асуудлаар гомдол гаргаж, хариуг тус хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1/367 дугаар албан бичгээр хүргүүлснийг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээж авч, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уг асуудлаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1. дэх хэсэгт заасантай нийцэж байсан тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Нэхэмжлэгч З.Н нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох боломжтой гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн 1995 оноос өмнөх ажилласан хугацаанд авч байсан цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа байхгүй тул шүүхээр тогтоосон цалинг үндэслэн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох боломжгүй гэж маргажээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйл. “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлох” 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно.”, 25 дугаар зүйл. “Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг” 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Тэтгэвэр тогтоолгоход дор дурдсан баримт бичиг бүрдүүлнэ:” 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт”, 28 дугаар зүйл. “Тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох” 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Дор дурдсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно:” 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан;” гэж тус тус заажээ.

Хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч З.Н-оос гаргасан өргөдөл, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн тодорхойлолт, шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр нэхэмжлэгчийг нийт 29 жил 6 сар 14 өдөр, цэргийн 11 сар 03 өдөр шимтгэл төлсөн гэж үзэж тэтгэврийн доод хэмжээ болох 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгөөр өндөр насны тэтгэврийг тогтоожээ .

Нэхэмжлэгч өндөр насны тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандахад тус хэлтэс нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/238 дугаар албан бичгээр “Тэтгэвэр тогтоолгох дундаж цалин нь архивын нотлох баримтаар хуулбарлагдан гарч ирээгүй тул шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.” гэсэн хариуг өгчээ.

Дээрх албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нь Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудад авч байсан цалинг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн  2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2017/00218 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт  заасны дагуу нэхэмжлэгч З.Н-ийн Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны авто машин механизмын баазад 1986, 1987 онд, Эрчим хүч, уул уурхай, үйлдвэр, геологийн яамны авто машин механизмын баазад 1988, 1989, 1990 онд жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалинг тогтоосон байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 163 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 3.1.11-д “ Иргэн 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл аль дараалсан 5 жилийг нь сонгохыг тодруулан зөвлөж энэ хугацаанд авч байсан цалин хөлсний тодорхойлолтыг НД№16 маягтаар тухайн ажиллаж байсан байгууллагаар эсвэл архивын сан хөмрөгөөс гаргуулсан лавлагааг хавсаргана.” гэж заажээ.

Журмын дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эдлэх эрхийг хязгаарласан эс үйлдэхүй гаргасан нь үндэслэлгүй юм. Тодруулбал: тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохдоо зөвхөн цалин хөлсний тодорхойлолт, эсвэл архивын лавлагааг үндэслэн өөрчлөн тогтооно. Шүүхийн шийдвэрээр тогтоосон цалинг үндэслэн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох боломжгүй гэх үндэслэлээр шийдвэр гаргахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл. “Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх” 11.1. “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.” гэж  тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй байх бөгөөд иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл Архангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 129/ШШ2017/00218 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно.”, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан;” гэж заасан хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч З.Н-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгосон Түлш, эрчим хүчний үйлдвэрийн яамны авто машин механизмын баазад 1986, 1987 онд, Эрчим хүч, уул уурхай, үйлдвэр, геологийн яамны авто машин механизмын баазад 1988, 1989, 1990 онд жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалинг үндэслэн өндөс насны тэтгэврийг өөрчлөн тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч З.Н-оос Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.4. 107 дугаар зүйлийн 107.5. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг Архангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.ГАНБАТ