Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

2020       02          04                                  2020/ШЦТ/214

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б.Л яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02406 0199 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Б.Л

Холбогдсон хэргийн талаар:

Б.Л  нь согтуурсан үедээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдвартын эцсийн автобусны буудлын орчимд хохирогч М.Мөнгөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед зүүн нүдний гадна тал, хоолойд цус хуралт, хамарт хаван зулгаралт, зүүн 7-р хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л  мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 9-10 дугаар тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13, 14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнгөний өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ZSS нэртэй паб караокед зөөгч хийдэг байсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 05 цагийн орчим цагийг нь тодорхой санахгүй байна найз Оюунтуяа, Д.Нямсүрэн нарын хамтаар ажлаа тараад Халдвартын эцсийн Аман хуур хотхоны автобусны буудал орж ах Ганболдыг таксинд суулгаж өгчихөөд ТҮЦ орж тамхи авах гээд зогсож байхад Соната-6 маркийн автомашинтай том биетэй 3 ахын 2 нь машинаас бууж ирээд ТҮЦ орж байхаар нь харсан чинь манай караокед байнга орж үйлчлүүлдэг ах байхаар нь сайн байна уу та гэсэн чинь нөгөө нилээн халамцуу байдалтай намайг харснаа энэ муу нөгөө зэвүүн бацаан байна шүү дээ гэхээр нь өөдөөс нь та юу яриад байгаа юм гэсэн чинь учир зүггүй миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь хамт явж байсан 2 найз нь тэр ахыг салгаад холдуулсан. Тухайн үед миний хажууд Нямсүрэн байсан, Оюунтуяа ТҮЦ орж байхад цаашаа такси барих гээд явчихсан байсан. Намайг хүнд зодуулж байхад буцаад ирсэн байсан. Цохиулсны улмаас миний хамарнаас цус гарчихсан байсан, тамхи авч байсан ТҮЦ-ний эмээд хандаж саяны намайг цохисон ахын унаж байсан машиныг нь цээжлээд аваарай гээд гуйж хэлсэн. Яг юу болсон гэдгийг ТҮЦ-ний эмээ мэдэж байгаа байх. Намайг цохисон ахыг 2 найз нь холдуулаад салгасан чинь нөгөө ах чинь найз нараасаа салж ирээд дахиад гараарай нүүр рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь тэр ахыг та дүүдээ ямар нэг юм санадаг юм уу, дүү нь одоо явлаа гэсэн хоёулаа зүгээр үзчихье гээд над руу дайраад байсан. Тэгээд байж байтал нөгөө ах намайг дахиад бие рүү цохиод авахаар нь өөдөөс нь нэг удаа гараараа нүүр хавьцаа нэг цохисон, мөн хавираад унагаасан чинь хамт явж байсан 2 найз нь цохих гээд дайрсан. Би хойшоо ухраад цагдаа дуудлаа шүү гээд хойшоо ухарч байхад миний хавирч унагаасан ах босч ирээд над руу дайрахаар нь би ажлын зүг рүү зугтаасан, нөгөө ах намайг хөөж ирээд бариад авахаар нь гарнаас нь бариад өчөөд байж байхад хамт явсан 2 найз нь намайг зодож байна гэж ойлгосон байх хүрч ирээд над руу дайрахаар нь суган доогуур нь гараад зугтаасан чинь дугараг царайтай ах намайг хавираад унагаасан. 4 хөллөөд зугтаж байгаад нүх рүү ороод уначихсан. Тэгсэн чинь гурвуулаа хүрч ирээд намайг хөлөөрөө дэвсээд байсан. Энэ газар хяналтын камертай шүү гэж хэлж байснаа санаж байна. Тэгээд ухаан алдаад унасан байсан, нэг сэрсэн чинь машин дотор сэрсэн. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Алтанбаганын өгсөн: ...Тухайн өдөр би гэртээ байх үед шөнө найз Оюун-Эрдэнэ над руу залгаж “Мөнгөнөө зодуулчихлаа” гэж хэлсэн. Би байгаа газрыг нь заалгаад яваад очсон. Халдвартын эцсийн автобусны буудлаас зүүн тийш автомашины зам дээр Мөнгөнийг ухаан алдчихсан хэвтэж байхад нь очсон. Мөнгөнтэй хамт Оюун-Эрдэнэ болон Мөнгөнийг зодсон гэх 3 залуу байсан. Мөнгөнийг зодсон гэх залуучууд Соната-6 маркийн мөнгөлөг саарал өнгийн машины гадаа зогсож байгаад зугтаагаад явсан. Тэгээд би Мөнгөнийг үүрээд гэр рүүгээ явж байгаад ухаан орохгүй болохоор нь Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Эмнэлэг явж байх замд ухаан орсон. Тэгээд эмчид үзүүлчихээд харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Оюунтуяагийн өгсөн: ...Халдвартын эцсийн автобусны буудал дээр Ганболд нарын хамтаар ажлаас нь гарсан. Халдвартын эцсийн автобусны буудал дээр Ганболдыг таксинд суулгаж өгчихөөд буцаад явж байхад М.Мөнгөн найзынхаа хамтаар тамхи авна гээд ТҮЦ рүү алхсан, би түрүүлээд алхаад яваад өгсөн. Алхаад явж байсан чинь ард М.Мөнгөний орилох чимээ гарахаар нь буцаад очсон чинь М.Мөнгөний хамраас цус гарчихсан хоорондоо цохилцоод зогсож байсан. Тэгэхээр нь би очоод ТҮЦ-ний хүнээс юу болсон талаар асуусан чинь М.Мөнгөнийг тамхи авах гээд зогсож байхад нь одоо нэрийг нь мэдэж авсан Б.Л  гэх залуу цохиод авсан гэсэн. Ингээд тэд нарыг салгасан. Тэгээд М.Мөнгөн ажлын газрын зүг рүү зугтаад яваад өгсөн. Тэгсэн зодоон хийж байсан залуу нь араас нь хөөсөн. Харин хамт явж байсан 2 залуу нь машиндаа суугаад араас нь хөөсөн. Ганболд бид 2 араас нь гүйгээд очсон ажлын газрын урд талд хонхор газарт зодуулчихсан ухаан алдаад уначихсан байсан. Тэр залуучууд машиндаа суугаад яваад өгсөн. Намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Нямсүрэнгийн өгсөн: ...Тэгээд М.Мөнгөн бид 2 ТҮЦ орж тамхи авч байхад машинтай 3 залуучууд хүрч ирсэн. 2 залуу нь машинаас бууж ирсэн, би 2 залууг танихгүй харин М.Мөнгөн зүс мэддэг бололтой нэгэнтэй нь мэндэлсэн. Тэгсэн нөгөө залуу нь М.Мөнгөнтэй урьд маргаантай байсан юм уу маргалдсан цаашаа явж байхад араас машинтай хүрч ирээд Мөнгөнийг зодоод байсан. Намайг салгах гэхээр нэг залуу нь барьчихаад ойртуулахгүй байсан. М.Мөнгөнийг зодож байгаад машиндаа суугаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Бямбасүрэнгийн өгсөн: ...Халдвартын эцсийн автобусны буудал дээр очсон. Тэнд ТҮЦ-нээс Б.Л  тамхи авах гээд зогсож байхдаа үл таних 2 залуутай маргасан. Би машин дотроосоо цонхоо онгойлгоод “юу болоод байгаа юм бэ” гэсэн. Б.Л  “энэ хоёр зодолдъё, үзье гээд байна” гэж хэлсэн. Би машинаасаа буугаад очсон. Гэтэл нөгөө 2 залуугийн нэг нь Мөнгөө гэгч нь учиргүй үзье, зодолдъё гээд дайраад байсан. Мөнгөө гэгч Б.Л той хэрэлдээд учраа олчихъё гэж байсан. Тэгэхээр нь би “та 2 хоорондоо учраа ол, хэдүүлээ оролцоод хэрэггүй” гэсэн. Тэр 2 зодолдсон. Тэр 2 аажим аажмаар холдсоор байгаад замын цаана гарсан. Харанхуйгаас үл таних 2 залуу гараад ирсэн. Би Го-той хамт Мөнгөө гэгчийн найзтай хамт тэр хоёрын араас зам гарсан. Цаанаас гарч ирсэн залуучууд өөр байгууллагын хамгаалагч нар болж таарсан. Тэгээд больцгоо гээд би Б.Л ыг дагуулаад машин руугаа явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4623 дугаартай шинжээчийн:

            1. М.Мөнгөний биед зүүн нүдний гадна тал, хоолойд цус хуралт, хамарт хаван зулгаралт, зүүн 7-р хавирганы хугаралтай гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

            4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1751 дугаартай шинжээчийн:

            1. Б.Л ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Одончимэгийн өгсөн: ...Иргэн М.Мөнгөний зүүн нүдний гадна тал, хоолойд цус хуралт, хамарт хаван зулгаралт нь тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд орно. Мөн 7-р хавирганы хугаралтай гэмтэл нь тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд орно. Иргэн М.Мөнгөний биед учирсан гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, унах үед үүсэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Л ын: ...Би өөрийн гэм буруугаа ойлгож бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа. Надад холбогдох хэрэгийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/,

            - Шүүгдэгч Б.Л ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59, 60, 61 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Л ын согтуурсан үедээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдвартын эцсийн автобусны буудлын орчимд хохирогч М.Мөнгөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед зүүн нүдний гадна тал, хоолойд цус хуралт, хамарт хаван зулгаралт, зүүн 7-р хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Л  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч М.Мөнгөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Л т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.Л ын согтуурсан үедээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Халдвартын эцсийн автобусны буудлын орчимд хохирогч М.Мөнгөнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед зүүн нүдний гадна тал, хоолойд цус хуралт, хамарт хаван зулгаралт, зүүн 7-р хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнгөн, яллагдагчаар өгсөн Б.Л  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 4623 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Л ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч М.Мөнгөн нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба 500.000 төгрөгийг хохиролд хүлээн авсан, гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Л ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Л т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

Шүүгдэгч Б.Л  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Л ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Л т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Л т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ