Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч А.Цэрэнханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг, Борхойн 1-1а тоотод оршин суух, Цагаанууд овогт Батдоржийн Номинцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг, Гаалийн 1-28 тоотод оршин суух, Хайрхан овогт Базарын Чимэддорж /РД:АЭ83101219/-д холбогдох

Гэм хорын хохирол 2879.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Н.Мөнх-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг, хариуцагч Б.Чимэддорж, гэрч Д.Оюунсүрэн   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Номинцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Б.Номинцэцэг миний бие 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эрээн хотод ажлынхаа нэрийн хуудсыг тараагаад 3 дугуйт хүн тэргэнд суугаад буцаж явж байхад 69-18 ДГА улсын дугаартай жолооч Чимэддорж нь араас машинаараа хүчтэй мөргөж Б.Номинцэцэг миний бие нь хүн тэрэгний доторхийг 3 удаа мөргөсөн. Хүн тэрэгнээс буугаад толгой нуруугаар өвдөөд сууж байхад тухайн жолооч орхиод явсан. Миний нөхөр болох Л.Соёлхүү нь 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим Замын-Үүдээс Эрээн хотод ирж 69-18 ДГА жолооч Чимэддоржийн найзынх нь Хятад дугаар луу /13081596038/ залгаж ярьсаны эцэст орой 20 цагийн үед ирж уулзсан. 2016 оны 08 дугаар сарын 29-нд 11 цагин үед Эрээн хотын замын цагдаа дээр очиж уулзахад эмчилгээний талаар ярихад шийдтэй хариу хэлээгүй. Б.Номинцэцэг миний бие өвдөөд ажлын байр луугаа буцаж очиж хэвтсэн. Тэр хооронд жолооч Чимэддорж таньдаг Өвөрмонгол хүнээрээ яриулан тухайн ослын хаалгасан байсан. 08 дугаар сарын 29-ний орой хил хаахаас өмнө амьжиж Замын-Үүд орж ирсэн. Ирсэн өдрөөсөө эхлэн Цефаклин тариа 10 сая, 0,9 натри 250 гр, витамин в комплекс 3 ширхэг 5 удаа залгасан.  Мөн метрогель 100 гр 5 удаа залгаж эмчилгээ хийлгэсэн. Эрээн хотод толгойн зураг авахуулсан 237 юань, Замын-Үүд рүү буцсан зардал 240 юань, бариач 100 юань, утас 50 юань,тан 46 юань, томаграфик эмро, компьютер 1500000 болсон. Тухайн ослоос болж 11 хоногийн ажил алдсан /5200000/ 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл жолооч Чимэддорж нь өдөр болгон утсаар ярьж намайг Эрээнээс  салгаад өгөөч би Замын-Үүд рүү оронгуутаа эмчилгээний зардал бусад хохирлыг барагдуулж өгнө гээд байхаар нь өөрийн нөхрийн хамт Чимэддоржийн эхнэртэй Эрээн рүү гарсан. Эрээн рүү явах замд бие муудаж бөөлжиж байхыг Чимэддоржийн эхнэр мэдэж байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.Номинцэцэг миний бие жолооч Чимэддоржийг цагдаагаас салгаж өгсөн. 69-18 ДГА жолооч Чимэддорж нь 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хохирлыг бүрэн төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл сураггүй байна. Б.Номинцэцэг миний бие нь одоогийн байдлаар хоол унданд муу, идсэн ууснааа бөөлжиж гаргадаг хэвээр, толгой байнга өвдөнө. Жоохон босож явахаар толгой эргээд нүд бүрэлзээд, ууц нуруугаар өвддөг болсон. Хурдан хугацаанд хот орж эмчлүүлмээр байна. Тухайн үед 69-18 ДГА машины жолооч Чимэддорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хятад талын хохирлыг барагдуулсан хэрнээ Б.Номинцэцэг миний эрүүл мэндийн байдлыг авч хэлэлцэхгүй байна. Эрүүл саруул ажлаа хийж явсан намайг ийм болгочихоод хохирол барагдуулж өгнө гэж гарын үсэг одоо болтол хохирлыг барагдуулахгүй байгаад би гомдолтой байна. Миний бие нь Жи-Ти-Эл-Ти ХХК-д кассер хийдэг байсан. Одоогийн байдлаар эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх  өргөдөл өгөн ажлаасаа гарсан. Тухайн жолооч 2247000 төгрөг нэхэмжилснээс 500000 төгрөгийг бэлэн өгсөн. Үлдэгдэл 1747000 төгрөгийг гаргуулж өгнө үү:... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёлхүү шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Hэхэмжлэгч Б.Номинцэцэг нь 2016 оны 08 сарын 27-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод 3 дугуйт хүн тэргээр зорчиж явахдаа иргэн Б.Чимэддоржийн жолоодож явсан 69-18 ДГА улсын дугаартай автомашинд мөргүүлэн зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндэд хохирол учирсан болно. Энэ үедээ тухайн улсын цагдаагийн байгууллагад тус хэргийг хуулийн дагуу шалгуулан хохирлоо барагдуулахаар хандсан боловч Б.Чимэддоржийн гуйсны дагуу асуудлаа тухайн улсын хуулийн дагуу биш харилцан тохиролцож эрүүл мэндийн эмчилгээний зардалд 4450 юань төлөхөөр харилцан тохиролцож, хэргийг хэрэгсэхгүй болгуулсан болно.

Хариуцагч Б.Чимэддорж нь бидэнд учирсан хохирлыг бүгдийг төлж барагдуулна, Б.Номинцэцэгийг Улаанбаатар хотод онош тодруулах шинжилгээ буюу компьютер томографкийн шинжилгээ хийлгэж, шаардлагатай эмчилгээг бүрэн хийлгэх зардал гэж 4450 юань буюу монгол мөнгөөр 1.500.000 төгрөг төлнө гэсэн боловч бидний хохирлыг барагдуулсангүй. Одоогоор нэхэмжлэгч Б.Номинцэцэгийн толгой, өвддөг зовиуртай байгаа бөгөөд Замын-Үүд сумын эмнэлэгт үзүүлэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж онош тодруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч бид мөнгө санхүүгийн улмаас хот орж үзүүлэх боломжгүй байсаар байна. Түүнчлэн энэхүү осол болох үеэр нэхэмжлэгч жирэмсэн байсан бөгөөд ослын дараагаас эхлэн цус алдаж ураг зулбасан гэдгийг бид саяхан мэдэж, Улаанбаатар хотод Эх нялхаст очиж үзүүлээд ирлээ. Энэхүү үйл явдал бидэнд асар их сэтгэлийн шаналал авчирсанд хариуцагчид гомдолтой байна. Хэрэв тухайн үедээ харилцан тохирсноор эмчилгээний төлбөрийг төлж хохирлыг барагдуулсан бол эртхэн эмнэлэгт оношлогоо шинжилгээ хийлгэж өөрсдийн хүүхдээ аврах боломж байсныг үгүйсгэх аргагүй юм.

Осолд орсны дараагаас нэхэмжлэгч Б.Номинцэцэг нь Жи Ти Эл Ти ХХК-ны кассерын ажлыг гүйцэтгэх боломжгүй болж ажлаасаа гарсан бөгөөд энэ хугацаанд олох ёстой байсан цалин болох 1760000 төгрөг, Улаанбаатар хот руу очиж эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхтэй холбогдсон зардал, хятад хэлнээс орчуулгын төлбөрт 119750 төгрөг, нийт 1879750 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа 747000 төгрөгнөөсөө татгалзаж, нийт 2879.750 төгрөгийг нэхэмжилж байна. Чимэддорж нь бидэнд 500.000 төгрөг өгсөн. Иймд нэхэмжлэлийг хуулийн хүрээнд үнэн шударгаар шийдвэрлэж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Чимэддорж  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидний энэ хэргийг Эрээн хотод бүрэн шийдвэрлэсэн гэж бодож байна. Би эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн. Иймд нэхэмжилж байгаа мөнгийг төлөхийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Гэрч Д.Оюунсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр урдаас хүү, бэр хоёр орж ирсэн. Номинцэцэг маш муу байсан учраас би 45 хоног эмчилгээ хийж асарч сувилсан. Бариачид бариулахад толгой болон бусад хэсэг нь доргилттой байна гэсэн...гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Номинцэцэг нь хариуцагч Б.Чимэддоржид холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хор 1119.750 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1760.000 төгрөг, нийт 2879.750 төгрөг гаргуулахыг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Номинцэцэг нь “Жи Ти Эл Ти” ХХК-ны кассерын  ажил эрхэлдэг бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр БНХАУлсын Эрээн хотод ажлаа хийж явахдаа 3 дугуйт хүн тэргэнд сууж яваад 69-18 ДГА улсын дугаартай жолооч Б.Чимэддоржийн машинд мөргүүлсэн болох нь зохигчдын тайлбар, авто замын ослын тодорхойлолт зэргээр батлагдаж байна. Энэ осол болсон талаар зохигчид маргаагүй ба хариуцагч нь нэхэмжлэгчид 500.000 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Чимэддоржоос осол болсны дараа өгнө гэж тохиролцсон 1500.000 төгрөгний 500.000 төгрөгийг авсан тул 1000.000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1760.000 төгрөг, эмнэлэгт оношлогоо хийлгэсэн болон унааны зардал, орчуулгын зардал 119750 төгрөг,  нийт 2879.750 төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөх ёсгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь “...хариуцагч 1500.000 төгрөг төлнө гэж өөрөө бичиж өгч хэргээ хаалгасан тул энэ мөнгөө нэхэмжилнэ” гэж мэдүүлж байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Номинцэцэг нь уг осолын улмаас ямар гэмтэл учирсан, одоо ямар эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй өөрөө хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.

Хэдийгээр хариуцагч Б.Чимэддорж нь 1500.000 төгрөг төлнө гэсэн бичиг хийж өгсөн боловч үүнийгээ тайлбарлахдаа “...Нэхэмжлэгч заавал ийм бичиг хийж өг гэсний үндсэн дээр уг бичгийг нэхэмжлэгчийн хэлснээр бичсэн” гэж мэдүүлж байгаа нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 1760.000 төгрөг, эмнэлэгт оношлогоо хийлгэсэн болон унааны зардал, орчуулгын зардал 119750 төгрөг,  нийт 1879.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Осол болсон өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.Номинцэцэг нь “Жи Ти Эл Ти” ХХК-ны кассерын ажил эрхэлдэг байсан ба 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эмчилгээ хийлгэх зорилгоор ажлаас чөлөөлөгдсөн, сарын 880.000 төгрөгөөр цалинждаг байсан болох нь хэрэгт авагдсан “Жи Ти Эл Ти” ХХК-ны захирал М.Гэрэлмаагийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болон 2016 оны 11 дүгээр сарын 14-ний гаргасан тодорхойлолт, нэхэмжлэгчийн болон гэрч Ц.Насанцэцэгийн мэдүүлэг зэргээр батлагддаг ба мөн уг осол болсны дараа УБ хот руу оношлогоо хийлгэхээр явсан зардал, оношлогооны хөлс, орчуулга хийлгэсний төлбөр зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Чимэддоржоос 1879.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Номинцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87928 төгрөгний 74638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 13290 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Чимэддоржоос улсын тэмдэгтийн хураамжинд 45026  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Номинцэцэгт олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.БАТЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                                 А.ЦЭРЭНХАНД

                                                                 Б.НАРМАНДАХ