Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 353

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Г.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.О т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01013 0460 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.О

Холбогдсон хэргийн талаар:

Г.О  нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Даваажаргалын нүүрэн тус газар цохиж, улмаар аяга шидэж толгойг нь гэмтээж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О  мэдүүлэхдээ: Би 2020 оны 02 дугаар саын 07-ны өдөр Золзаяа, Заяасайхан бид гурав амарч байсан болохоор пиво ууж байсан. Заяасайханы найз Даваажаргал манайд ирэхэд би өглөө ажилтай байсан болохоор унтсан. Заяасайхан намайг нэг цагийн дараа сэрээхэд би уурласан чинь Заяасайхан эхлээд намайг цохисон. Би тэгээд зөрүүлээд алгадсан. Даваажаргал Заяасайханыг алгадахад уурлаад миний дээр гараад намайг цохиход би гараа татаж аваад нэг цохисон. Би орон дээрээс босоод гарах гэсэн чинь хойноос аяга таваг шийдээд байхаар нь би зөрүүлээд аяга шидсэн чинь толгой руу оносон байсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Иргэн Ц.Заяасайхан гомдол /хх-ийн 3 дугаар тал/,

- Аюулын зэргийн үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 4 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Даваажаргалын өгсөн: ...Би оройн 23:00 цагийн үед ажил тараад гэртээ харьчихаад эргэж хараад Ц.Заяасайханы гэрт очсон бөгөөд гэрт нь очихдоо 2 ширхэг 2,5 литрийн хэмжээтэй пиво худалдаж аваад очсон. Би гэрт нь ороход тэд нар архи ууж байсан бөгөөд миний авч ирсэн пивийг хувааж ууцгаасан бөгөөд хэсэг хугацааны дараа Г.О , Заяасайхан нар унтсан. Ц.Золзаяа бид хоёр  юм ярьж сууж байхад Золзаяа нөхөр болох Г.О ийг сэрээхэд уурлаж босч ирээд маргалдаад Золзаяаг түлхэхэд Заяасайхан дүүгээ өмөөрөөд очоод маргалдахад Г.О  шууд нүүрэн хэсэгт нь хоёр  удаа алгадсан. Тэр үед би босоод Заяасайханыг өмөөрөөд орон дээр нь түлхээд унагаасан бөгөөд буцаж босч ирээд миний зүүн нүдэнд 2 удаа гараараа цохисон. Дараа нь Г.О  гал тогооны өрөөнд ороод хоёр  том аяга аваад бид нар руу шидсэн бөгөөд тус аяга нь миний толгой хэсэгт онож хагалсан. Удалгүй Заяасайхан цагдаад дуудлага өгөхөд Г.О  гараад зугтаасан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд Заяасайханыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Заяасайханы өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 06-ны орой Г.О , Золзаяа, Даваажаргал, Баярмаа бид нар юм ярьж архи, пиво уусан. Удалгүй Баярмаа явсан, бид хэд үлдээд үргэлжлүүлж юм ярьж суусан. 04:00 цагийн үед би жоохон зүүрмэглэсэн байсан. Сэрсэн чинь Г.О , Даваажаргал хоёр  маргалдаж Даваажаргалыг буйдан дээр дараад цохиж байсан. Тэр үед очиж Г.О ийг салгаж татсан. Тэр үед над руу шилэн таваг шидсэн тэр үед Даваажаргалын толгойг нь онож цус алдсан. Тэр үед би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Золзаяагийн өгсөн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэртээ эгч Ц.Заяасайхан, нөхөр Г.О , дүү А.Хулан нарын хамт байж байсан. Оройн 21:00 цагийн үед эгч манай нөхөр бид дэлгүүрээс архи, пиво худалдаж аваад ууцгаасан бөгөөд шөнийн 00:00 цагийн үед эгчийн найз болох Даваажаргал гаднаас 2 ширхэг 2,5 литрийн пиво авч бид нар ууцгаасан. Удалгүй манай нөхөр маргааш өглөө нь ажилтай учраас унтаад өгсөн бөгөөд би нөхрөө сэрээхэд уурлаж босч ирээд над руу хашгираад унтаж байхад яах гээд байгаа юм бэ гээд уурласан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2601 дугаартай шинжээчийн:

            1. Г.Даваажаргалын биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, баруун зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж боломжтой гэмтэл.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалганы гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй, бусад гэмтэл тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Г.О ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36, 37, 38 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.О ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Даваажаргалын нүүрэн тус газар цохиж, улмаар аяга шидэж толгойг нь гэмтээж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Г.О  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Г.Даваажаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.О т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Г.О  нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Даваажаргалын нүүрэн тус газар цохиж, улмаар аяга шидэж толгойг нь гэмтээж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Даваажаргал, яллагдагчаар өгсөн Г.О , Ц.Заяасайхан, гэрч Ц.Золзаяа нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2601 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч Г.Даваажаргал нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн, Г.О ийн зүгээс хохирол төлбөрт 128.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

Шүүгдэгч Г.О  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.О ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ